Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжавтай ярилцлаа.
Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-оос өчигдөр/2021.08.18/ 512 бөхийн барилдаанаа хийж дууслаа. Энэ барилдааны онцлог юу байв?
-Засгийн газраас долдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар задгай талбайд спортын уралдаан тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах чиглэлийг УОК-т өгсөн. Үүний дагуу МҮБХ гишүүд болох бөхчүүдийн эрх ашгийн үүднээс УОК, НОК, бусад хариуцсан байгууллагуудад удаа дараа хүсэлт санал өгч зөвшөөрлийг авч зохион байгууллаа. Хууль журмын хүрээнд зөвшөөрлийг өгсөн УОК-н дарга Шадар сайд С.Амарсайхан, НОК-ын дарга бөгөөд УБ хотын захирагч Д.Сумъяабазар нартаа нийт бөхчүүд, бөх сонирхогчдын өмнөөс гүн талархал илэрхийлье. Тусгаар улсын баталгаа бол үндэсний гол онцлог зүйлсүүд байдаг. Үүний нэг нь дэлхийд нэг л байгаа эрийн гурван наадам. Үүний дагуу бөхийн барилдаанаа таслалдуулахгүй зохион байгуулсандаа таатай байна.
Бөхийн барилдааны гурвын даваа 09.00 цагт эхлэх байсан, бөхчүүдээс ам авахад асуудал үүсч түр хойшилсон. Энэ талаар тодруулаач?
-МҮБХ энэ наадмыг зохион байгуулахад туйлын хичээж ажилласан. Үүний үр дүнд зохиогдсон. Сүүлийн жилүүдэд бөхийн нэр хүндийг хамгийн их унагаж байгаа допингийн асуудлаас болж аварга, арслан, гарьд цолтой бөхчүүд допингтой холбоотой Улсын дээд шүүхийн тогтоол, түүнээс шалтгаалж ам авах эрэмбэ дараалалын талаар хэсэг ярилцаж саатсан. Шийдлийг яг одоо гаргах боломжгүй мөн Бөхийн холбооноос маш их хүчин чармайлт гаргаж барилдаан зохион байгуулж байна, бөхчүүд хариуцлагатайгаар хандаж барилдаж байна, бөх сонирхогч үзэгч олон орон даяар бөх үзэхийг хүлээж байгаа, телевизийн эфирийн цаг зэрэгт хүндэтгэлтэй хандах хэрэгтэйг ярилцаад даруй ам авч барилдахаан үргэлжилсэн. Энэ нь допингийн асуудлыг үнэн зөв, шударгаар, хуулийн дагуу шийдвэрлэхгүй бол хойшид наадам яаж саатахыг харуулсан үйлдэл боллоо.
Наадмын гурвын даваанд аварга Э.Оюунболд арслан Ц.Содномдоржийг амалсан нь шуугиан дагуулсан ?
-Бөхчүүд нэгнийгээ амлах нь эрхийн асуудал гэж харах боловч энэ амалсан үйлдэл нь нөгөө л допингийн маргаан. Тэгээд хоёр бөх хоорондоо бусад бөхчүүд, хөлийн цэцийн дэргэд барилдааныхаа дараа допингийн шинжилгээ өгье гэж шийдвэрлэсэн. Энэ баридаан МҮБХ-с зохион байгуулж байгаа барилдаан. Удирдамжиндаа шөвгөрсөн 16 бөхөөс шинжилгээ авна гэж заасан, мөн бүртгүүлсэн 680 бөхчүүдтэй миний бие "Хариуцлагын гэрээ"-г хийсэн. Энэ нь МҮБХ-ны хурлуудаас явцын буюу тэмцээний үеийн шинжилгээг авна гэж дүрмэндээ заасан тул хоёр бөх шинжилгээг өгөх бүрэн боломжтой.
Энэ барилдаанд допингийн шинжилгээ авна гэсэн тул аварга цолтой бөхчүүд шинжилгээнээс өмнө уналаа гэсэн хардлага гадуур их байна ?
-Бөхийн амжилт бол бэлтгэл сургуулилт, сэтгэл зүй зэргээс шалтгаалах нь мэдээж. Залуучууд бэлтгэл илүү сайн байна, мөн наадмын үед цолгүй бүх л бөхчүүд эмээдэг, сандардаг зүйл байдаг. Харин сая тэд сэтгэл зүйн талаас чөлөөтэй сайхан барилдаж байна. П.Бүрэнтөгс, С.Мөнхбат аваргуудтай барилдсан залуучууд сайн барилдаж давцгаасан.
Гол сенсаци Э.Оюунболд аваргыг аймгийн арслан Э.Нямаа араас нь хаясан. Энэ дүрмийн дагуу ч бөхийн жудаг гэдэг талаасаа хэр зөв үйлдэл вэ?
-Энэ барилдаан өөрөө анхаарал татах барилдаан болчихоод байна. Бөхийн барилдааны дүрэмд зааснаар бол талбайд хоёр бөх барилдаж байгаад хэн нэг нь барилдааныг засуул зогсоогоогүй бол орхиж болохгүй. Хэрэв тийм үйлдэл гаргавал нөгөө бөх барьц аван хаяж болно гэж байгаа. Дээрх хоёр бөхийн хувьд бол нэг нь санаачлага авч түрж захад ирсэн. Э.Оюунболд захад ирлээ гээд цааш эргэсэн, Э.Нямаа араас нь барьж хаясан үйлдэл харагдаж байгаа. Хөлийн цэцүүд үүнийг хэлэлцээд талбайн голд бол Э.Нямаагийн зөв, захад ухарч байгаад цааш эргэхэд засуул бариагүй ч барьж давсан тул дахин барилдуулах шийдвэрийг хянаж байсан хоёр цэц, ерөнхий цэцийнхээ хамтаар гаргасан. Үүн дээр манай цэцүүд дахин барилдуул гэсэн зөв шийдвэр гаргасан. Ерөнхий цэц дахин барилдуул гэж хэлэхэд Э.Оюунболд элэг бүсээ тайлаад явсан. Энэ үйлдэл анхаарал татсан.
Дээрх гурав, тавын даваанаас өөр өөлөх зүйл энэ барилдаанд байсангүй. Түрүүлсэн үзүүрлэсэн хоёр бөхийн талаар таны бодол?
-Энэ барилдааныг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн дээр дурдсан УОК, НОК мөн хяналт тавин ажилласан Мэргэжлийн Хяналтын газар, Нийслэлийн Биеийн Тамир спортын хороо, маш хариуцлагатай ажилласан Нийслэл, дүүргийн цагдаагийн газар, оролцогчдоос шинжилгээг хоёр өдөр авч ажилласан СХД-н Эрүүл мэндийн төвийн ажиллагсад, БХЯ, Батлан Хамгаалах Их Сургуулийн Үлгэр жишээ үлээвэр хөгжмийн салаа, Монгол наадам төвийн хамт зэрэг байгууллагууд,дарга удирдлагуудад гүн талархал дахин илэрхийлье. Хамтран ажилласан 100 жилийн ой нь тохиож байгаа Монголын Залуучуудын Холбооны хамт олон, удирдлагууд, Ерөнхийлөгч н.Гэрэлт-Оддоо талархсанаа илэрхийлж, цаашдын ажилд их амжилт хүсье. Бөхчүүд маань барилдааны дүрмээ өөрчлөөд барьц сонголт, цагийг арай багасгасанд дасан зохицсон үр дүнтэй байна. Түрүүлсэн үзүүрлэсэн хоёр бөх барилдаан шигээ нягт нямбай сайхан залуучууд юм. Ажил хариуцаж байгаа сүүлийн жилүүдэд бөхчүүд залуучууд санал бодлоо янз бүрээр илэрхийлж, үйлдлүүд гаргаж байсан. Тухайн хүн ямар эр хүн бэ гэдгээ тодорхой харуулдаг. Бидний мөн арай өмнөх үеийн, бүүр дээр үеийн ахмад бөхчүүдийн сайхан буйр суурьтай зан, бөх хүний ухаантай байдал Б.Бат-Өлзий, Э.Ууганбаяр, Ч.Батчулуун мөн шөвгөрсөн залуусаас харагдаад байна. Бөхийн торгон ногоон дэвжээ их учиртай гэж ахмадууд хэлдэг юм. Энэ залуучууд цаашдаа улам их амжилт гаргана.
Энэ барилдааныг маш олон хүн үзсэн, бас анхаарал хандуулсан байсан. Мөн мэдээллийн сувгууд дамжуулсан. Дараагийн барилдаан хэзээ болох вэ?
-Барилдаан, наадам болоогүй байсан тул олон хүн үзэж анхаарал хандуулсан байх. МҮБХ гишүүдийнхээ эрх ашгийн төлөө энэ 512 бөхийн барилдаан, аймгийн 128 бөхийн барилдааныг зохион байгуулах саналыг гаргаж ажиллаж үүргээ бүрэн биелүүлж байгаа гэж үзэж байна. Төр засгаасаа төсөв зардал авч хүндрүүлэхгүй наадмын бөхийн барилдаанаа хийж болохыг зургадугаар сард хэлж байсны дагуу бид амжилттай хийж гүйцэтгэлээ. Барилдааны талаар сайн зүйл олон, саар зүйл хоёр гарлаа. Товчоор хэлбэл, энэ барилдааныг олон хүн анхаарч үзсэн бол бидний амьдарч байгаа одоогийн нийгмийн тусгал. Хөдөлмөрлөж байгаа хүмүүс байна, хууль шүүхийн байдал, нэгэнтэйгээ харьцах харьцаа байдал, хар хор гээд бүх л зүйл харагдана. Тэгэхээр бүгд л үүнийгээ засаж сайжруулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй болох нь. Дараагийн барилдаан хэзээ болохыг Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалах биз ээ.
Холбоотой мэдээ