Б.Жавхлан: Хөгжлийн банк 1 их наядын чанаргүй зээл гаргасан

Хуучирсан мэдээ: 2021.08.18-нд нийтлэгдсэн

Б.Жавхлан: Хөгжлийн банк 1 их наядын чанаргүй зээл гаргасан

Б.Жавхлан: Хөгжлийн банк 1 их наядын чанаргүй зээл гаргасан

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 


Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан гурван хувийн хүүтэй зээлийн эх үүсвэр дууссан талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд гурван төрлийн зээл олгож байгаа. Нэгд, ажлын байрыг дэмжих, хоёр рефо санхүүжилтийг дэмжих, гуравт, ипотекийн зээл. Энэ зээлүүд бидний төлөвлөж байснаас маш их хурдан, хүртээмжтэй явж ирлээ. Гурван хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийг энэ жилд хоёр их наядыг гаргах төлөвлөгөөтэй байсан. Гэвч өнөөдрийн байдлаар хоёр их наяд төгрөг гараад дууссан. Үр дүн нь төсөв дээр маш сайн гарч байна. Нийт 5121 ААН, 17 мянган иргэнд тус зээл очсон. Бид 3500 аж ахуйн нэгжид очно гэж төлөвлөсөн. Тэгэхээр энэ зээлд зорилтод хүмүүстээ очихгүй байна гэсэн ойлголт байхгүй. Энэ бол халамж, тэтгэвэр биш. Хүн бүхэнд очих ёстой зүйл биш. Энэ бол зээл. Эх үүсвэр дууссан гэдэг нь үнэн. 200 тэрбум үлдсэн. Одоо банкууд дээр судлагдаж байгаа 400 тэрбумын зээл байна” гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан: 

-Засгийн газарт Төрийн банк болон Хөгжлийн банкны хөгжлийн концепц чиг үүргийг нэмэлтээр  эрчимжүүлэх танилцуулгыг хийлээ. Товчхон дурдвал, Төрийн банкийг нийгмийн дундаж давхаргад илүү үйлчлэх бага орлоготой хэсгийг бойжуулж тэдгээрт шаардлагатай санхүүгийн үйлчилгээг үзүүлэх банк болгоно. Ингэснээр Төрийн банкнаас үзүүлж байгаа үйлчилгээний цар хүрээ илүү тэлнэ. Төрөөс Төрийн банктай хамтарч ажиллана. Нийгмийн дундаж давхарга гэдэг нь олон улсын тодорхойлолтоос шалтгаалж өөр, өөр байдаг. Монгол Улсын хувьд 1-3 сая төгрөг хүртэлх өрхийн дундаж орлоготой хэсгийг нийгмийн дундаж давхарга гэж үздэг. Харин олон улсад  тухайн өрх нь сарынхаа орлогоороо ипотекийн зээл, машиныхаа өрийг төлөөд бусад хувийн хэрэгцээгээ ханган хуримтлал үүсгэдэг өрхүүдийг нийгмийн дундаж давхарга гэж үздэг.

Нийгмийн дундаж давхаргыг шинээр бойжуулах, энэхүү санхүүгийн эрэлт хэрэгцээг Төрийн банкаар дамжуулж биелүүлэхээр  төлөвлөж байна. Тиймээс тус банкны үйл ажиллагааны чиг үүргийг нэмэлтээр тодорхойлж байна. Харин Хөгжлийн банкыг цаашид экспорт, импортын чиг баримжаатайгаар түлхүү хөгжүүлнэ. Учир нь, Монгол Улсад худалдааны санхүүжилт дутагдалтай байна. Ингэхдээ Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй. Гэхдээ банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна.

Энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл гурван  их наяд төгрөг байгаагаас нэг их наяд төгрөг нь чанаргүй зээл.  Иймд шинэ зээл өгөх чадамжгүй.  Банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй учраас Монголбанк тус банкинд хяналт шалгалт хийж байна. Төсвөөс томоохон зээлийг санхүүжүүлэх боломжгүй тул Хөгжлийн банкийг байгуулсан. Одоогийн балансаар тус банк үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг. Ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийнэ. Чанаргүй зээлээ хурдан эргэн төлүүлэхэд илүүтэй анхаарна. 

Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой орон нутгийн 500 гаруй аж ахуйн нэгж /ААН/ бий. Үүнээс төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шууд хяналтад байдаг 107 ААН байдаг. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь шууд хяналт тавих, яам агентлагаар дамжуулан хяналт тавьдаг бүтцээр явж ирсэн. Нийтдээ 32 их наяд төгрөгийн тэнцэлтэй хуулийн этгээдүүд байдаг. Гэтэл төсөвт төвлөрөх өгөөж нь 180-200 тэрбум төгрөг байх жишээний. Тиймээс үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор бүтцийн өөрчлөлтийг гурван чиглэлээр хийх санал гарсан. Үнэхээр стратегийн чухал ач холбогдолтой төрийн өмчийн ААН-ийн үйл ажиллагааг дэмжинэ. Хоёрдугаарт тухайн ААН нь төрийн өмчийн оролцооны шаардлаггүй бол бирж, хувьцаат компани болгох хэлбэрээр олон нийтийн хяналтад оруулж үр өгөөжийг нь нэмэгдүүлэх сайн туршлагууд ч байна. Гуравдугаарт үр ашиггүй, алдагдалтай ажилладаг компаниудыг татан буулгая гэсэн гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийгдэнэ.Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд төвлөрсөн байдлаар төрийн өмчийн хороог шууд удирдах бүтэцтэй явж ирсэн. Мөн хэд, хэдэн Засгийн газрын үед холимог тогтолцоотой явж ирсэн. Өнөөдрийг  хүртэл энэ хэлбэрээр явж байна. Үүнийг цаашид нэгдмэл байдлаар төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь корпарацийн зохион байгуулалтад орж санхүү үйл ажиллагааг нь  бүрэн хариуцах уу. Эсхүл одоогийн холимог хэлбэрээ хадгалж явах уу гэх судалгааны материалыг өнөөдөр танилцуулсан.Яамдын саналыг авч цаашдаа ямар бүтэцээр авч явах вэ гэдгээ шийднэ. Өнөөдөр бол зөвхөн танилцуулсан.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Замын-Үүдийн барааны бөөгнөрөл яагаад цэгцрэхгүй байна вэ?

-Замын-Үүдийн боомтоор бараа эргэлтийн 80 гаруй хувь нь явдаг. Түүхий эд экспортын 90 гаруй хувь нь Гашуунсухайтаар гардаг. Замын-Үүдийн хувьд сүүлийн хоёр сар арга хэмжээ авсны эцэст тодорхой хэмжээний үр дүнгүүд гарч байгаа. Гаалийн хураамж, татваруудын орлого мэдэгдэхүйц хэмээнд өссөн. Бидний онцгой анхаарах ёстой асуудал бол Гашуунсухайтын асуудал. Нүүрсний экспорт өнгөрсөн зургадугаар сараас хойш зогслоо. Үүнийг есдүгээр сараас эхлэн хэвийн байдалд оруулахын тулд томоохон арга хэмжээг авч байна. Ирэх сараас үр дүн нь гарч ирнэ гэсэн хүлээлттэй байна. Манай жолоочид Хятадын хил нэвтрэхгүй, цаанаас манай хилийг нэвтрэхгүйгээр нүүрсээ солилцох шинэ терминалын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Энэ сард ажил нь дуусч, есдүгээр сард ажиллаж эхэлнэ.

Цалин тэтгэвэр нэмэх үү?

-Цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг ярихад эрт байна. Яг өнөөдрийн байдлаар 2022 оны төсвөө боож эхэлж байна. Хуулийн хугацаандаа буюу аравдугаар сарын 1 гэхэд ирэх оны  төсвийн төслийг УИХ-д өргөн барина. Тэр үед илүү тодорхой болно.

-НӨАТ-ыг тэглэнэ гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-НӨАТ тэгэлнэ гэсэн асуудал байхгүй. НӨАТ тусгай хуулиар зохицуулагддаг. Засгийн газар УИХ-д ийм хуулийн төсөл оруулах ямар ч төлөвлөгөөг байхгүй. 186 улсаас 185 нь ийм татвартай байдаг. Монгол Улс  харин ч бага татвар авдаг. НӨАТ-ын буцаан олголт өгдөг улс дэлхийд байхгүй. Харин сугалаа явуулдаг л цөөхөн улс бий. Энэ манай улсад маш их хэрэгтэй татвар. Цаашдаа сонгодог утгаараа үргэлжилнэ. Сангийн яам, Засгийн газар НӨАТ-ын системээ сонгодог утгаараа нь хадгална гэсэн байр суурьтай байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж