Байгуулагдаад 201 хонож буй Л.Оюун-Эрдэнийн засгийг унагаах операци хэдийнэ эхэлсэн бололтой, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг оролцуулаад Ардчилсан намын бүлгийн 13 гишүүн Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан талаар хэвлэлээр шуугиж байна. Аа бас, нэмээд ХҮН-ын Т.Доржханд, Ардын намын дөрвөн хүн гарын үсэг зурсан гэх. Мэдээж, овоог нь босгосон болохоор шаазгай шагширч буй нь энэ юм.
Ардчилсан намд санаа байгаад ч сачий хүрэхгүй нь ойлгомжтой. Ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэж үг өнөөдрийн АН-д яг тохирно.
Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийг огцруулах хүсэл болоод сонирхол Л.Оюун-Эрдэнийн намынханд, түүний журмын нөхдөд нь байна гэсэн үг. Хэрэвзээ журмын нөхөд нь галт тэрэг хөдөлгөх юм бол хоёр жилийн өмнөх М.Энхболдын амссан хувь тавиланг Л.Оюун-Эрдэнэ туулна. Улс төрд үүрдийн нөхөр ба дайсан байдаггүй, зөвхөн эрх ашиг бийг тэр өөрөө ч мэднэ.
ЖАН БА ЖЕНКО
“Элсний 13” бол эрх мэдэлтнүүдийн хувьд эвгүй илэрхийлэлтэй тоо. Л.Оюун-Эрдэнэ энэ түүхийг мартах учиргүй. Тухайн үеийн МАХН-ын 13 гишүүн М.Энхболдын эсрэг бослого гаргаж, намын дарга, Ерөнхий сайдаас нь хусаж байсан түүхтэй. Энэ түүх өдгөө давтагдаж мэдэхээр, Л.Оюун-Эрдэнийн зураг хананд хадуулаад үлдэх үйл явдал МАН-ын цагаан байрны дотор өрнөж эхэлжэ. Энэ удаад Л.Оюун-Эрдэнийн эсрэг “элсний 13” нь АН-ын бүлгийн гишүүд болж байна. АН-ын 13 бол С.Эрдэнийн талынхан биш. Эсрэгээрээ Л.Оюун-Эрдэний “ойр дотно байхыг хүсч, хүндэлдэг” хуурай ахынх нь хүмүүс болохыг хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй.
Тэгээд ч өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар С.Эрдэнийг бүртгэж авлаа хэмээн өлсгөлөн зарласан АН-ын долоон гишүүн Н.Алтанхуягийг дэмжсэндээ биш Х.Баттулгын өгсөн даалгаврыг биелүүлэхийн тулд талбай дээр долоо хоносон. Өөрөөр хэлбэл, А.Адъяасүрэн, Н.Ганибал, Ж.Батсуурь, О.Цогтгэрэл, С.Ганбаатар нар Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид өрсөлдүүлсэнгүй гэж хаврын хахирган цагаар өлсөж, өөрийгөө зовоогоогүй нь лавтай. Өлсгөлөн зарлагчдыг Х.Баттулга өөрийн биеэр эргэж тойрсон зэргийг бодолцвол засгийн эсрэг босч буй АН-ын 13-ын ард тэрбээр байх магадлал хамгийн өндөр.
Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар гарын үсэг цуглуулж яваа ЖАН-ынхан засгийг жинхэнээсээ унагааж чадах үгүйг, аль эсвэл айлгаж, шантаажилж байгаад Ардчилсан намын тамгаар наймаалцах эсэхийг удахгүй харцгаах биз. Ардчилсан намыг авах нь Х.Баттулгын бараг өдрийн бодол, шөнийн зүүд болсон. Гээд түүнд тамгыг нь өгвөл Л.Оюун-Эрдэнэ өөртөө болон МАН-д асар том "дайсан" төрүүлж байгаагаас ялгаагүй юм. МАН үүнийг хүсээ гэж үү!
Гээд Х.Баттулгын хувьд Л.Оюун-Эрдэнийн засгийг унагаах ямар ч ашиг байхгүй. Өөрийг нь төмөр замын хэргээр шоронд оруулахгүй байж чадах МАН дахь холбоотон нь Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар хоёр гэж харагддаг, хардагддаг.
МАН-ЫН ЗАСГИЙГ МАН ОГЦРУУЛНА
АН-ын 13 жигүүр ургуулахад Т.Доржхандын гарын үсгээс гадна Ардын намын таван хүний гарын үсэг шаардлагатай. Гэхдээ 19 хүний гарын үсэг нь цуглуулж чаддаг юм аа гэхэд Л.Оюун-Эрдэнийн эсрэг 39 хүн кноп дарж байж засаг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Хэрэвзээ, Л.Оюун-Эрдэнэтэй Х.Баттулгатай хэт сүжирвэл түүнийг огцруулах хүч нам дотроос нь өлхөн олдоно.
Тэгээд ч, Н.Алтанхуягийг, Ж.Эрдэнэбатыг, М.Энхболдыг намынхан нь “өвдөг шороодуулсан”. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаас, М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулахад Л.Оюун-Эрдэнэ хамгийн их оройлон оролцсны хувьд түүнийг огцруулах операцийг намаас эхлүүлж, намынхан нь дуусгана гэдгийг тооцож яваа байлгүй. Тэр тусмаа инээсэн нөхөд нь уурласан дайснууд болох ямар аюултайг.
Сүүлийн үед МАН-ын цагаан байрнаас бүх нийтээр мөрдөж эхлээд ганцхан жил болж байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардах болжээ. Нэн ялангуяа УИХ-ын даргын зөвлөх давхар дээлийн талаар шургуу жиргэж байгаа нь хувь хүнийх нь бодол гэхээсээ Г.Занданшатарын байр суурь гэж ойлгогдож, уншигдах болсон.
Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийг шуудхан огцруулахад нэн төвөгтэй. Тэр АТГ, тагнуул, цагдаагаа авчихсан. Авлигын эсрэг комисс байгуулж, багын найз Х.Нямбаатараараа ахлуулчихсан. Х.Нямбаатар өнөөдрийн хувьд Л.Оюун-Эрдэнийн далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг ганц хүн болчхоод байна. Тиймээс Үндсэн хуулийг өөрчилж, давхар дээлний заалтыг авч хаях замаар засгийг огцруулах адын сонирхол Ардын намын цагаан байраар эргэлдэж байна.
Үнэндээ Үндсэн хуулийг гол өөрчлөлт нь Засгийн газрыг тогтвортой байлгах. Үүний тулд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумисан. Гэвч, Л.Оюун-Эрдэнийн өнөөгийн байдлыг дүгнэхэд, шүдтэй ч юм шиг, шүдгүй ч юм шиг арслан болжээ. Засаг төр тогтвортой байх нь АН-ын 13-аас биш МАН-ын 60-аас шалтгаална. Тэд хэрвээ Л.Оюун-Эрдэнээс урвах юм бол түүний засаг удахгүй ч байх. МАН хүсвэл дараагийн ээлжээ хоолонд оруулна.
МАН-д тамгаа зарсан Н.Энхбаяр Л.Оюун-Эрдэнийн засагт хүнээ “шахахаар” хүлээж суугаа. М.Энхболд хоёр жилийн өмнөх “урвалтыг” нь уучилсан ч өөрийг нь сандал суудлаас огцруулсан үйл явдлыг мартаагүй биз. Бас Х.Баттулгатай хэт их сүжирвэл нутгийн ахаа багагүй гомдооно. Нутгийн ах уурлах юм бол намын тамгаа албан ёсоор авч чадахгүйд хүрнэ. Наанаа инээж, цаанаа ханцуй шамлаад сууж байгаа найз нөхөд нь намын байранд нь бий. НАМЗХ дээрх эсэргүүцэл тэмцэл, талцал бол МАН дээрээ суудлаа олохгүй байгаагийн нэг илрэл. Ингээд бодохоор Л.Оюун-Эрдэнэ хайчин галын дунд сууж байна.
Холбоотой мэдээ