УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын дунд спортын тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын дунд спортын тэмцээн эхэллээ

УИХ-аас 2009 оны арванхоёрдугаар сарын 24-нд баталсан 95 дугаар тогтоолын хавсралтад биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын гол чиглэл нь нийтийн биеийн тамир байх талаар тусгажээ.

    Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагуудын дунд спортын уралдаан тэмцээн зохион байгуулахыг Авлигатай тэмцэх газраас санаачилж, шилжин явах цомын төлөө тэмцээн энэ сарын 13 нд буюу өнгөрөгч бямба гаригт эхэлсэн байна.
    Тэмцээнд УИХ-ын Тамгын газар, Үндэсний аудитын газар, Үндсэн хуулийн цэц, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо, Монгол банк, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар гэсэн арван байгууллага оролцож байгаа юм.
    Багуудын дунд снукер биллиард, ширээний теннисний тэмцээн өнгөрөгч бямба гаригт болж, бүх багууд тэмцээнд идэвхтэй, амжилттай оролцжээ.
    Багуудаас эрэгтэй, эмэгтэй төрлөөр тамирчид ур чадвараа сорьсноос снукер биллиардын тэмцээнд эрэгтэйгээс Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хорооны тамирчид, эмэгтэйгээс Авлигатай тэмцэх газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны тамирчид эхний гурван байранд шалгарсан байна.  
    Харин ширээний теннисний тэмцээнд эрэгтэйгээс Монгол банк, УИХ-ын Тамгын газар, Авлигатай тэмцэх газар, эмэгтэйгээс Монгол банк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хорооны тамирчид эхний байруудыг тус тус эзлэв.
    Багуудын хоорондох цуврал тэмцээн энэ сарын амралтын өдрүүдээр үргэлжлэх бөгөөд шатар, гар бөмбөг, сагсан бөмбөгөөр багууд өрсөлдөх юм.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж