Хятадын иргэдийг цагдаа нар хамгаалдаг гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. Тодруулбал, нэгэн иргэн твиттер хуудастаа 32-ын тойргийн хажууд байрлах орон сууцны үүдэнд нь цагдаа нар өдөр бүр хамгаалалтад гардаг. Дээд хоёр давхарт нь том хурлын зааланд бүжиг, цэнгээ, мөрийтэй тоглоом болдог. Харин доод хоёр давхарт оффисс байрладаг гэх мэдээллийг бичсэн. Энэхүү мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүүгээс тодруулахад:
-Цахим хуудаст тархсан мэдээлэл дээр байршуулсан зургийг санаатайгаар авч ашиглан, худал мэдээлэл түгээсэн. Тухайн мэдээлэл цагдаагийн байгууллага руу хандсан байсан учир эхний байдлаар бид тухайн орон сууцанд албан шалгалт хийсэн. Шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй. Иргэд амьдардаг орон сууц байсан. Цагдаагийн байгууллагын алба хаагчид тухайн өдөр гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар тус байранд очих үед хөндлөнгөөс зураг дарж нийтлэн олон нийтийг төөрөгдүүлсэн байна. Мэдээлэлд дурдагдсан зүйл нь худал бөгөөд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг иргэдээс хүсье. Олон нийтийн сүлжээнд бусдын болон байгууллагын нэр хүндэд халдсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалттай. Ташаа мэдээлэл нийтэлсэн цахим хуудсыг олох, тухайн хүнд ямар хариуцлага хүлээлгэх талаар мэдээлэл одоогоор хэвлэлийн албанд ирээгүй байна гэлээ.
Холбоотой мэдээ