Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдоод 200 хонож байна. Ийн 200 хоногт covid-19-ийн халдварын цар тахал, эдийн засгийн хүнд сорилтуудтай тулсан хүнд цаг үе ч тэрбээр энэ бүхнийг даван туулна, хийж чадна хэмээн Ерөнхий сайдаар томилогдсон.
Тэгвэл Ерөнхий сайд болсноос хойших 200 хоногт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар юу амлаж, юунд хүрэв гэдгийг нэхэн сануулая.
АМЛАЛТ: 6 САРЫН ДОТОР ХҮН АМЫНХАА 62.2 ХУВИЙГ ВАКЦИНЖУУЛЖЭЭ
Монгол Улс гэлтгүй дэлхийн бүх улс орнууд covid-19-ийн цар тахлаас иргэдээ хамгаалах, эдийн засгаа аврах өөр өөрсдийн төлөвлөгөөний дагуу ажиллаж, өнөөдөр энэ цар тахалтай “зэрэгцэн” амьдрахаас аргагүй нөхцөл рүү орж байна. Цар тахлаас хамгаалах хамгийн гол зэвсэг бол вакцин. Хүн амынхаа олонхыг вакцинд хамруулж халдвараас сэргийлэх, хөнгөн өвчлөх боломж нь вакцин учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогоор зургаан сарын өмнө “Монгол Улс зургаан сарын дотор хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна” гэж ам гарч байв. Дэлхийн олон улс оронд вакцинжуулалт удаашралтай, вакцины олдоц бага, мөн вакцины эсрэг үзэлтнүүд гээд олон бэрхшээлтэй тулгарч байгаа ч Монгол Улс өнөөдөр хүн амынхаа 62.2 хувийг вакцинд хамруулж чаджээ. Мэдээж энэ бүхэн дан ганц Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гавьяа ч биш, өмнөх Засгийн газрын хэлэлцээрүүдийг тэр амжилттай үргэлжлүүлж, амлалтаа биелүүлсэн нь энэ. Хүн амынхаа 60 хувийг вакцинд хамруулна гэж ам гарч байхад монголчуудын хийлгэсэн Сонифарм, Спутник вакцинжуудыг ДЭМБ бүртгээгүй байсан нь хоосон амлалт гэж дүгнэхэд хүрч байв.
- 2021.02.18. ДЭМБ Файзер вакцин бүртгэсэн бол Астразенека, Сонифарм, Спутник-V вакцинжуудыг бүртгээгэгүй байжээ. Спутник-V вакциныг одоо ч бүртгээгүй байгааг онцлоё.
Мөн халдварын тоо эрс буураагүй, Дельта болон бусад хувилбарууд Монголд бүртгэгдэж байгаа учраас Засгийн газар, иргэд ч тайвшрах болоогүйг сануулая.
АМЛАЛТ: 10 ИХ НАЯДЫН ХӨТӨЛБӨР БОСГО ӨНДӨРТЭЙ Ч ЭДИЙН ЗАСАГТ ЦУС СЭЛБЭВ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өгсөн бас нэг амлалт бол эдийн засгаа сэргээх. Хатуу хөл хорио, цар тахлаас үүдэн бизнесийн салбар уналтад орж, эдийн засаг түүхэнд байгаагүйгээр агшсан хатуу цагт тэр эдийн засгаа эргэлтэд оруулж, цус сэлбэнэ гэж ам гарч байв. Энэ Засгийн газрын төлөвлөгөө нь 10 их наядын хөтөлбөр. 10 их наядын хөтөлбөрийг урт хугацаанд хэрэгжүүлэхээр зарлаж, цар тахлын үед арилжааны банкууд дээр хуримтлагдсан мөнгийг эргэлтэд оруулж, аж ахуй нэгж, иргэдэд 3 хувийн хүүтэй зээл олгосон нь эдийн засагт цус сэлбэж, аж ахуй нэгжүүдэд дэмжлэг болсон. Гэхдээ 10 их наядын хөтөлбөрөөс эхний хоёр жил хоёр их наядыг зарцуулахаар төлөвлөж, арилжааны банкуудаар дамжуулсан. Тиймээс ч эрсдэлийг арилжааны банкууд дааж байгаа учраас 3 хувийн хүүтэй зээлийн босго өндөр байв. Босго өндөр учраас бүх аж ахуй нэгж хамрагдаж чадахгүй, барьцаа гэх мэт асуудалд бүдэрч байгаа аж ахуй нэгж олон бий.
Сангийн яамнаас мэдээлснээр 22661 хүнд 1.7 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд 120 мянган ажлын байрыг хамгаалж чаджээ. Гэхдээ цаана нь зээл авах хүсэлт гаргасан 40 гаруй мянган хүсэлт хүлээгдэж байгаа аж. Төлөвлөгөө хэрэгжиж эхэлснээс хойш долдугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт гурван их наяд 183,4 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээлд 22,661 зээлдэгч хамрагдаж 1,7 их наяд төгрөгийн зээл авсан бол Монголбанкны репо санхүүжилтийн зээлийн хөтөлбөрт 2645 зээлдэгч хамрагдаж 593 тэрбум төгрөгийн зээл авчээ. Ипотекийн 6 хувийн зээлд 6,917 өрх хамрагдаж 512 тэрбум төгрөгийн зээл авч барилгын салбарт 86,6 мянган ажлын байр хадгалагдсан байна. Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын зээлд 19,737 зээлдэгч хамрагдаж 309 тэрбум төгрөгийн зээл авчээ. Одоогийн байдлаар 204,209 ажлын байрыг хамгаалж чадсан бөгөөд төлөвлөгөө 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэжээ.
Түүнээс гадна Ерөнхий сайд “Ковидгүй зун”-ы төлөө гэсэн амлалт өгч байсан ч энэ амлалт эсэргээрээ эргэн халдварын тоо нэмэгдэж, өнөөдөр орон нутагт Дельта вирус тарж эхэллээ. Бүтэн хоёр жилийн хугацаанд хорионд байсан иргэдийн хувьд зуны дэлгэр цагт агаарт гарах, аялах боломжоор нь Засгийн газар хангасан ч бид covid-19-той зуныг үдэж байна.
Монголд Дельта вирусийн тохиолдол бүртгэгдчихсан, удахгүй хичээл, сургууль эхлэх гэж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 5/9 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Хичээлийн шинэ жил таван өдөр танхимын сургалтаар дараагийн таван өдөр нь цахимаар хичээллэхээр болсон. Энэ нь халдвараас хамгаалах, тархалтыг хумих эрдэмтдийн судалгаан дээр үндэслэсэн гэдгийг онцлоод буй.
Түүнээс гадна Засгийн газраас covid-19-ийн дараах эдийн засгаа сэргээх, халдварын тархалтыг хумих, бууруулах төлөвлөгөөнүүдээ боловсруулж буй гэх. Энэхүү төлөвлөгөөг намрын чуулганаас өмнө ээлжит бус чуулган зарлаж, батлуулахаар төлөвлөж байгаа гэсэн албан бус мэдээлэл бий. Нэгэнт халдварын тархалт буурахгүй, Covid-19-той зэрэгцэн амьдрах шинэ хэвшил, шинэ төлөвлөгөө одоо чухал. Дэлхий ч ийм шинэ хэвшил рүү явж, төлөвлөж байна.
Дараагийн 100, 200 хоногт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар юу амлаж, юунд хүрч чадах вэ гэдэг иргэдийн хувьд, улс төрийн хувьд ч чухал бөгөөд шинэ сэдэв болоод байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ