Хог хаягдлын менежментийг урамшуулал олгох системээр сайжруулна

Хуучирсан мэдээ: 2021.08.18-нд нийтлэгдсэн

Хог хаягдлын менежментийг урамшуулал олгох системээр сайжруулна

Хог хаягдлын менежментийг урамшуулал олгох системээр сайжруулна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид “Эдийн засгийн урамшуулал олгох журам”-ын төслийг хэлэлцлээ. Тодруулбал, энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг, байгальд ээлтэй хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуй нэгжид тус төсөөлөх хамаарна.

Тус журмын зорилго нь дээрх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мөнгөн урамшуулал болон кредит онооны системээр урамшуулал олгох юм. Ингэснээр хог хаягдлыг бууруулах, дахивар нөөцийг ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, экспортлох үйл ажиллагааг дэмжиж буй. Мөн байгальд дарж булшлагдаж байгаа энгийн хог хаягдлын хэмжээг багасган орчны бохирдлыг бууруулах, улмаар хог хаягдлын менежментийг сайжруулах зорилготой. Журмын дагуу бүх төрлийн цаас, хуванцар болон гялгар уут, шилэн лонх, хөнгөн цагаан лааз, хүнсний болон органик хог хаягдал, автомашины дугуй зэрэг дахивар нөөцөд мөнгөн урамшуулал тооцно. Харин бүх төрлийн хар болон өнгөт төмрийн хаягдал орохгүй. Түүнчлэн кредит оноог үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаанаас үүсэж байгаа дахин боловсруулах боломжтой хаягдал, сав, баглаа боодлыг эргүүлэн цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах тогтолцоог бий болгосон иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгох юм. Энэхүү онооны системийн урамшуулалд мөн эко жорлон ашигладаг иргэн, аж ахуй нэгж мөн хамрагдана. Энэхүү кредит оноог хог хаягдлын чиглэлээр зарласан төрийн худалдан авалтын үйл ажиллагаанд оролцох, зээл тусламжид хамрагдах, нийслэлийн их дээд сургуульд элсэн ороход ашиглах аж.

Кредит онооны урамшуулал нь энгийн хог хаягдал төрөлжүүлэн ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагаа эрхэлдэг болон мөнгөн урамшуулалд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагад хамаарахгүй. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун тус журмыг хэрэгжүүлснээс мөнгөн урамшуулалд эхний жилд 1.6 тэрбум төгрөг шаардагдахыг хэлсэн. Цаашид хог хаягдал цуглуулах ажиллагаа өргөжсөнөөр урамшууллын хэмжээ нэмэгдэнэ гэж тооцсон байна.

Дээрх урамшууллын журам хэрэгжсэнээр хог хаягдал дахин боловсруулдаг 30 орчим үйлдвэр, 100 гаруй бизнес эрхлэгч, ялган бэлтгэдэг 200 гаруй цэг, түүнд ажилладаг 2000 гаруй ажилтан байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлсний өгөөжийг хүртэх, улмаар илүү өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Д.Гантулга хог хаягдлын тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийг анхааруулсан. Мөн Д.Энхтуяа хог ангилан ялгах талаарх нөлөөллийг цэцэрлэг,  сургуулийн насны хүүхдүүдээс эхлэн хийх ёстойг санууллаа. Тэргүүлэгч Н.Баярчимэг хотын хог хаягдлын бараг 50 гаруй хувийг эзэлдэг үнсний асуудлыг тавьж, энэ талаарх  хэрэгжүүлэх  арга хэмжээ бий юу гэдгийг тодруулав. Тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  олонхын саналаар дэмжиж, нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр боллоо.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж