Засгийн газрын 200 хоногт зориулсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагын нэвтрүүлэг телевизүүдээр цацагдсан. Уг ярилцлагын үеэр он гараад вакцинжуулалтыг төлбөртэй болгох талаар ярьжээ. "Вакцин маш их нөлөөлөлтэй байгаа нь олон зүйлээс харагдаж байна. Жишээлбэл, вакцинжуулалтад хамгийн бага хамрагдсан хоёр аймагт өнөөдөр халдварын тохиолдол хамгийн өндөр байна. Хүүхдүүдийн вакцинжуулалтын хувьд ч гэсэн 12-17 насныхныг авч үзвэл өвчлөл ихсэх хандлагатай байна. Цаашдаа 12-оос доош насны хүүхдүүдийг вакцинжуулахаар хэлцэл хийж байна.
Ерөнхийдөө он гараад вакцинжуулалтыг төлбөртэй болгоно гэж бодож байна. Вакциний үнэ цэнийг үнэгүй болохоор хүмүүс мэдрэхгүй байна.
Вакцин худалдан авахад Засгийн газар ямар хэмжээний зардал гаргасан болохыг ч ойлгохгүй байна. Магадгүй төлбөртэй байсан бол хүмүүс вакцинд илүү хурдан хамрагдах байсан ч байж болно.
Вакцинжуулалт нь асар их ач холбогдолтой. Дэлхий дахинд вакцинжуулалт 60 болон түүнээс дээш хувьд хүрсэн, хүрээгүй улс гэж хоёр хуваагдаж байна. Монгол Улс ямар ч эргэлзээгүйгээр вакцинжуулалтаар тэргүүлэх орнуудын дунд явж байна. Бусад улс орны вакцинжуулалт сайн байх нь Монгол Улсын асуудлаас өөрцгүй. Зарим улсад вакцинжуулалт 3 хувь, таван хувьтай олон улс байна. Удах тусам вирус мутацид орж эрсдэлүүд нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалт бага байгаа улс орнуудаас вакцинжуулалт өндөр явж байгаа улс орнуудад орж ирэх халдвар мутацлагдах эрсдэл үүсч байна. Тиймээс вакцинжуулалт улс оронд 60 хувьд хүрээсэй. Хурдан хүүхдийн вакцинжуулалт гараасай гэж хүсч байна" гэлээ.
Холбоотой мэдээ