Архангай аймгийн Засаг даргаар М.Батжаргалыг томилохоор болжээ. Тодруулбал, өчигдөр /2021.08.17/ тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдаж, Мишка овогтой Батжаргалыг 60.5 хувийн саналаар дэмжжээ.
Өнгөрөгч сард тус аймгийн Засаг дарга асан Д.Золжаргалыг хууль бусаар огцруулсан нь олон нийтийн дунд маргаан дагуулаад байсан юм. Аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Мөнхбатын хэлснээр, АН-ын бүлгээс Д.Золжаргалыг огцруулах санал гаргаагүй. Гэхдээ АН-ын хоёр төлөөлөгч МАН-тай нэгдэж, Засаг даргыг огцруулах гарын үсэг зурсан байсан. Шалтгааныг сайн мэдэхгүй гэх тайлбарыг тухайн үед өгч байв.
Д.Золжаргалыг огцруулах болсон шалтгааныг зарим нь АН-ын дарга С.Эрдэнэтэй холбож байсан. Харин уг асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс тус аймагт ажиллаж, гишүүд төлөөлөгчтэй уулзсан талаар мэдээлж байсан юм.