Covid-19 эдийн засгийг хэрхэн өөрчлөв?

Хуучирсан мэдээ: 2021.08.18-нд нийтлэгдсэн

Covid-19 эдийн засгийг хэрхэн өөрчлөв?

Covid-19 эдийн засгийг хэрхэн өөрчлөв?

Covid-19 дэлхий нийтийн чиг хандлагыг өөрчлөхөөс өмнө буюу 2019 онд АНУ-ын хэрэглэгчид төрөл бүрийн худалдаа үйлчилгээнд нийт 10 их наяд орчим ам.долларыг зарцуулжээ. Америк гэлтгүй дэлхий нийтийн хэрэглэгдчийн чиг хандлага тийм байв. Гэвч 2020 онд хүн төрөлхтөн урьд өмнө үзэгдэж байгаагүй биологийн хөнөөлт дайсантай учирсан билээ. Тэр үеэс хүмүүсийн биеийн тамирын заалаар үйлчлүүлэх, уушийн газар сууж найз нөхөдтэйгээ хуучлах, олон нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зэрэг өдөр тутмын амьдралын онцлог шинж чанар огцом хувирсан юм. Тухайлбал хөл хориотой холбогдуулан  аялал, тээвэр, рестораны зардалд зориулдаг байсан мөнгөө хоол хүнс болон бусад хэрэгцээт зүйлсээ нөөцлөх, гэртээ биеийн тамирын хэрэгслүүд худалдаж авах зэрэгт зарцуулдаг болов. Ийнхүү эдийн засгийн өргөн хүрээтэй үйл ажиллагаанаас хөндийрөх хэрээр зардал буурч, зарлагын хэв маягт ч ихээхэн өөрчлөлт оров.

2020 он бизнес эрхлэгчдийн хувьд томоохон сорилт байсны зэрэгцээ,  шинэ боломжуудыг нээж өгсөн түүхэн он жил байв. Өөрөөр хэлбэл, Covid-19 бизнес эрхлэгчид болон худалдан авагчдын чиг хандлагын аль алиныг эрс өөрчилсөн юм. Гэр ахуйн цэвэрлэгээ, ариутгалын бүтээгдэхүүний борлуулалт асар их өссөн нь гайхмаар зүйл биш. “Dettol”, “Lysol”-ийн эзэн Реккит Бенкисер АНУ-ын цэвэрлэгээний салфеткийн борлуулалт 2020 оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 100 хувиар, хоёрдугаар улиралд 60 хувиар, гуравдугаар улиралд 79 хувиар тус тус өсчээ. Мөн “Aerosol” ариутгагч бодисын борлуулалт 2020 оны эхний байдлаар 100 гаруй хувиар, гуравдугаар улиралд 120 хувиар өссөн байна. Эрүүл мэнддээ санаа тавьдаг хэрэглэгчид витамин болон нэмэлт тэжээлд өмнөхөөсөө илүү их мөнгө зарцуулах болжээ. АНУ-ын витаминиы борлуулалт 2020 оны эхний хагаст 50 хувь орчим өссөн бол гуравдугаар улиралд энэхүү амжилтаа 26 хувиар ахиулсан байна.

Хөл хориотой холбогдуулан салоны үйлчилгээ хязгаарлагдмал болсноор АНУ, Европын аль алинд үсний будаг нь эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн болов. Тухайлбал, “L’Oreal”, “Henkel” зэрэг компаниудын борлуулалт хоёрдугаар улиралын байдлаар 30 гаруй хувиар өсчээ. Дэлхий даяар гэрээсээ ажиллах нь жишиг болсон үед гэртээ түгжээтэй хэрэглэгчдийн хувьд кофе түгээмэл сонголт болсон юм. Европ дахь “Nestlе” компанийн шарсан кофены борлуулалт 2020 онд 30 орчим хувиар өссөн бол АНУ-ын хувьд “Starbucks”-ийн гэрийн бүтээгдэхүүн болох “Nescafe”, “Coffee-Mate”-ийн борлуулалт оны эхний хагаст хоёр оронтой тоогоор өсчээ.

Гэвч хүмүүс гэртээ ажиллах болсноор зарим салбарын бизнес эрхлэгчдэд таагүй үр дагаврыг авчирсан юм. Тухайлбал, гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт энэ жил маш амжилттай болсон. “L’Orеal”-ийн мэдээлснээр гоо сайхны бүтэгдэхүүний зах зээл оны эхний хагаст 13-14 хувиар, мэргэжлийн будаг, үнэртний борлуулалт 25% орчим буурсан байна. Мөн амрагчид аялалаа цуцлах болсон нь нарны тосны борлуулалтад хамгийн ихээр нөлөөлжээ. “Nivea”-ийн толгой групп “Beiersdorf”-ийн хэлснээр арьс арчилгааны бүтээгдэхүүний дотроос нарны тосны борлуулалт хамгийн их буюу хоёр оронтой тоогоор буурчээ. Нарны тос, тансаг хэрэглээний арьс арчилгааны борлуулалт энэ хэвээр үргэлжилж байгаа тул “Beiersdorf”-ийн өсөлт 2020 онд хасах зургаан хувь байна гэж “J.P.Morgan Research”-ээс тооцоолжээ.

Царт тахал өвчнөөс айж цэрвэсэн хэрэглэгчид гар ариутгагч, хүнсний бүтээгдэхүүн, арьс арчилгааны бүтээгдэхүүн, цэвэрлэгээний хэрэгсэл зэргээ онлайнаар худалдан авах болсон нь дэлхий даяар цахим худалдааны салбарыг хурдацтай хөгжихөд нөлөөлж байна. Тухайлбал, АНУ-ын хэрэглэгчид 2020 оны хоёрдугаар улиралд 211.5 тэрбум ам.долларыг цахим худалдаанд зарцуулсан нь дөрөвдүгээр улиралд 31.8 хувиар өссөн болохыг АНУ-ын Хүн амын тооллогын товчооноос мэдээлжээ. Цахим худалдаа нь 2020 оны хоёрдугаар улиралд АНУ-ын нийт борлуулалтын 11.8 хувийг эзэлж байсан бол дөрөвдүгээр улиралд 16.1 хувийг эзлэх болжээ. Бизнес эрхлэгчдийн хувьд цахим худалдаанд гарсан өсөлт нь жилийн эхний хагаст алдагдсан зардлыг нөхөх боломжийг олгосноос гадна ирэх улиралд цахим худалдааны чадвараа дахин тооцож, хөрөнгө оруулалт хийх санааг өгсөн юм.

Хүнс, ундааны тэргүүлэгч компани болох “Nestlе”-ийн удирдлагууд хэлэхдээ, цахим худалдаа оны эхний зургаан сарын байдлаар 49 хувиар өссөнөөр 2019 оны борлуулалт 8.5 хувь байсантай харьцуулахад 12.4 хувьд хүрсэн байна. Хоёрдугаар улиралын хувьд тааруухан борлуулалттай байсан L’Oréal цахим худалдааг 2020 оны үлдсэн хугацаанд зах зээлийн өсөлтөд нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл гэж тодорхойлжээ. Тав, зургадугаар саруудад цахим худалдааны борлуулалт 75, 82 хувиар өсч дэлгүүрүүд нь нээгдсэн ч гэсэн өсөлт сар бүр нэмэгджээ. Өнөөдөр ихэнх хэрэглэгчид дэлгүүр, ресторанд зочлохыг аюулгүй гэж үзэх болсон ч онлайнаар худалдан авалт хийх байдал цаашид үргэлжлэх шинжтэй байгаа юм. Гэсэн хэдий ч энэхүү өөрчлөлтийн цар хүрээ арван жилээс цааш үргэлжлэх эсэхийг таамаглахад хэцүү. Эдийн засагчдын хувьд цар тахлын дараа нийгмийн мөн чанар тодорхой болох үед л нөхцөл байдлыг илүү тод зураглах боломжтой болно гэж үзэж байна.

С.Нарангарав

Эх сурвалж: J.P.Morgan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж