"Азтай нь Солонгост, азгүй нь Эрээнд очих ирээдүйг үлдээх нь" | News.MN

"Азтай нь Солонгост, азгүй нь Эрээнд очих ирээдүйг үлдээх нь"

"Азтай нь Солонгост, азгүй нь Эрээнд очих ирээдүйг үлдээх нь"

"Азтай нь Солонгост, азгүй нь Эрээнд очих ирээдүйг үлдээх нь"

 Эдийн засагч Ч.Отгочулуутай Оюутолгой болон бусад асуудлаар ярилцлаа.


-Оюутолгой төсөлтэй холбоотой шинжээчдийн дүгнэлт олон улсад анхаарлын төвд байна. Засгийн газраас хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг танилцуулсан.  Та уг дүгнэлтийн талаар юу хэлэх вэ?

-Хөндлөнгийн гэх шинжээчдийн тайлантай танилцаж амжаагүй байна. Миний ойлгосноор, Оюутолгой ч мөн адил танилцаагүй юм шиг байна билээ. Тиймээс тайлангийн талаар ярихад эрт байна.

Нэгдүгээрт, үнэхээр хөндлөнгийн шинжээч мөн үү, биш үү гэдэгт эргэлзэж байна. Яагаад гэвэл, Оюутолгойд ажиллаж байгаад ямар нэгэн сөрөг шалтгаанаар  гарсан хүмүүс шинжээчдийн багт багтсан байсан. Мэдээж, ажлаасаа халагдсан, ямар нэгэн шалтгаанаар муудалцаад гарсан хүмүүсийн сонирхол ойлгомжтой. Аль болох хуучин ажил олгогчоо буруутгах, магадгүй янз бүрийн тэтгэмж олж авах, хор шар гэх мэт хувийн сэтгэл хөдлөлөөр хандсан байх боломжтой. Эхлээд үүнийг тодорхой болгох хэрэгтэй.

Хоёрдугаарт, Оюутолгой өөрсдөө тайлбар өгөх ёстой. Дараа нь Монголын төр засаг дуугарвал зохистой байх.

-Тэгэхээр Засгийн газар арай эрт мэдэгдэл хийчихлээ гэж харж байна уу?

-Тийм. Талуудын байр суурийг ижил сонсож байж дуугарах хэрэгтэй байлаа. Ер нь бол зардал хэтэрч байгаа нь газрын гүний геотехникийн нөхцөл байдалтай холбоогүй, харин Рио Тинто-гийн менежментийн буруугаас болсон гэх ийм буруутгал байгаа юм. Тэгвэл өнөө муу нэртэй луу данстай Дубайн төлөвлөгөө гэж ярьдаг далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд зардлын хэтрэлтээс яаж сэргийлэх, ямар хариу арга хэмжээ авах талаар хэд, хэдэн механизм суулгасан. Тухайлбал, менежментийн төлбөрийг бууруулах, зардалд хяналт тавьдаг хороо байгуулж түүнийг Монгол хүн ахлах, үйл ажиллагааны аудит оруулах хэрэгтэй гэх мэт заалтууд орсон.

Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт аль 2015 онд зурагдсан. Тэгэхээр, өнгөрсөн таван жилийн хугацаанд юу хийсэн юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Энэ бэлээхэн механизмыг ашиглаагүй байж сонгууль болгоны үеэр улстөрждөг нь хохиролтой. Монголчууд “ямаан дээр тэмээний гарз” гэж ярьдаг. Учир нь Оюутолгой биднийг хүссэн хүсээгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалтын үндсэн суваг, бас толгой нь болчихсон байна.

-Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол ямар эрсдэл биднийг хүлээж байна вэ?

-Гаднаас хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол Монгол Улсын эдийн засаг агшиж, ажилгүйдэл, ядуурал ихэснэ. Нийгмийн халамж буюу тэтгэвэр, тэтгэмж авдаг хүмүүсийн тоо өснө. Тэдэнд зориулсан популизм цэцэглэн хөгжинө. Эдийн засагт баялаг бүтээгч, ажлын байр бий болгодог хүмүүсийг ад үздэг болно. Одоо хар л даа, хүнд байдалд орсон хувийн хэвшлээ “балбадаг”, тэднийг  “ардын дайсан” мэтээр ялладаг болжээ. Улмаар популистуудыг сонгодог, нийгмийн халамжаар амьдрах сэтгэлгээтэй шинэ давхарга үүсэх эрсдэлтэй болжээ. Үүнийг манай улсын эдийн засаг даахгүй. Цаашдаа эдийн засаг нь халамжийн, улс төр нь популизмын “талбар” болох вий. Энэ байдлаас улбаалан, гаднынхан манайх шиг улсыг эрхшээлдээ оруулахад маш амархан болно.

Уг нь хувийн хэвшил нь хүчтэй, иргэд нь ажил, орлоготой байх ёстой. Монголчууд одоо хаа хаанаа мөнгөгүй байгаа. Улсын төсөв нь алдагдалтай,  Засгийн газрын өр найман тэрбум ам.доллар болчихлоо. Угаасаа ч бид үндэсний хуримтлалгүй улс шүү дээ. Ийм үед зоримог шийдвэр гаргаад эдийн засгаа томруулахын оронд, бизнес эрхлэгчдээ “гаднын гар хөл”, “капиталист”, “байгалийн баялгийг идсэн хулгайчид” гэх зэргээр цоллоод байгаа. Энэ их буруу жишиг юм. Жинхэнэ дайснууд нь баатар болж, жинхэнэ баатрууд нь дайсан мэт харагдах болжээ.

Гэтэл үсрэнгүй хөгжиж буй БНХАУ гаднын хөрөнгө оруулалтаар л эдийн засгаа босгож ирсэн. Туркийн ерөнхийлөгч Эрдоган дэргэдээ гаднын шууд хөрөнгө оруулалтыг татах агентлаг байгуулсан. Тэр нь ямар ч сайд, яамнаас илүү эрх мэдэлтэй байх жишээтэй. Автомашины эх орон Герман улс гэхэд л Тесла-г гуйгаад, манайд хөрөнгө оруулаад өгөөч гээд газар гаргаж өгч байна.

Дэлхий даяар гадаадын хөрөнгө оруулалтын араас хөөцөлдөж байхад  манайд л гадаадын хөрөнгө оруулалт бол адгийн муухай зүйл гэж ингэж итгүүлж үнэмшүүлдэг болчихсон байна. Энэ байдлаас болж хохирох хүмүүс нь ирээдүй хойч үеийн залуус.

Монголд ажлын байргүй болбол залуучууд хаачих юм. Азтай нь Солонгост барилга дээр ажиллана, азгүй нь Эрээнд мал хариулна эсвэл Москвад очиж шал угаана. Ийм л ирээдүйг үлдээх гээд байна.

-Засгийн газраас Оюутолгойг олборлолтоо яаралтай эхлүүлэхийг шаардаж байгаа хэр нь, Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-г нь баталж өгөхгүй байна. Үүнд та юуг хэлэх вэ?

-Логикийг нь ойлгохгүй байна. Төр засаг зангаргатай, буурь суурьтай, тооцоотой байх ёстой. Гэтэл тэгж чадахгүй байна. Манай эдийн засаг Оюутолгойгоос асар их хараат гэдгийг эрх баригчид ч, гаднын хөрөнгө оруулагчид ч мэдэж байгаа. Бяцхан хүүхэд гараараа нүдээ тагласныгаа өөрийгөө нуугдчихлаа гэж бодож буй шиг л гэнэн үйлдэл хийгээд байна, манай Засгийн газар. Ажлаа явуулъя гэж байгаа бол Засгийн газар ТЭЗҮ-г нь ном ёсоор нь хүлээж авах эрх чөлөөг нь тэр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл)-д нь өг л дөө, ЭБМЗ нь ч улс төржилгүй, хараат бусаар ажиллаад бүртгэж аваг л дээ. Тэгэхгүй байж, далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүл гээд байгаа нь сонин. Засгийн газар нэг их ухаантай байх албагүй. Зүгээр л хөрөнгө оруулагчийн оронд өөрсдийгөө тавиад үз л дээ. Нэг гараараа хааж боочхоод, нөгөө гараараа та нар хурдан ажлаа явуул гээд байж болохгүй.

УИХ-ын тогтоолын дагуу Дубайн төлөвлөгөөг үзэглэсэн хүмүүсийг шоронд хийж байсан мөртөө одоо болохоор далд уурхайн олборлолтоо хурдан эхлүүл гээд л. Далд уурхайн бизнес үнэхээр хэрэгтэй байсан бол анхнаасаа яах гэж улстөржиж, төрийн шийдвэр, бодлогыг биелүүлсэн хүмүүсийг шоронд хийсэн юм.

Энэ мэтээр маш ойлгомжгүй байр суурийг илэрхийлж байгаа нь Монгол төрийг муухай харагдуулж байгаа юм.

-Засгийн газраас Дубайн гэрээг цуцална гэснээ чимээгүй болчихлоо. Одоо энэ талаар дуугарахаа больсон. Энэ гэрээний талаарх таны байр суурь юу вэ?  

-Дубайн төлөвлөгөөг цуцалж болно. Гэхдээ Оюутолгойг 10 давхар барилгатай зүйрлэвэл зөвхөн хоёр давхрыг нь барихтай холбоотой л зохицуулалт юм. Эхлэх, дуусах хугацаа нь ойлгомжтой. Гэтэл ажил нь дуусаж байхад уг баримт бичгийг хүчингүй болговол бид өөрсдөө муухай харагдана. Хоёрдугаарт, Монгол Улсын хөгжлийг дэмждэг гуравдагч хөршийн гэх улсуудын хөгжлийн агентлагууд, экспорт импортыг дэмжих банкнууд, төрийн сангууд нь Дубайн төлөвлөгөөнд үндэслэж манай улсад хөрөнгө оруулалт хийсэн. Тэдэнд жижигхэн Монголыг мөлжих ямар ч сонирхол байхгүй. Ашиг олъё гэсэн бол Монголоос илүү эрсдэл багатай, ашигтай төсөл дэлхий даяар түм түмээрээ бий. Тэд Монголын ардчиллыг, гуравдагч хөршийн бодлогыг дэмжиж хөрөнгө оруулсан. Тэгэхээр Дубайг шууд цуцална гэдэг нь гуравдагч хөршийн бодлого руу нулимж буй хэрэг л дээ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд уг нь гадаадын хөрөнгө оруулалтыг тэнцвэртэй байна гээд заасан. Энэ төрийн бодлогоо баримталмаар байна. Өөрөөр хэлбэл, сонгуульд зориулсан улс төрийн жижиг сонирхлоо дарж сурмаар байна.

Сая Ерөнхийлөгчийн сонгуулиар "Дубайн төлөвлөгөөг хүчингүй болгоно" гэж сонгуульд зориулаад баахан амлачихсан. Энэ мэт мэдээлэлд автаад цөөнгүй хүмүүс сонгуулиар эрх баригчдад санал өгчихсөн байдаг. Хоёрдугаарт, Засгийн газар өөрөө “тролл” армитай, өөрсдийг нь дэмждэг веб хуудаснуудтай. Түүгээрээ дамжуулаад дээрх асуудлыг хөөргөсөөр байгаад Оюутолгой гэх “мангастай” болчихсон. Одоо ингээд өөрсдөө зохиомлоор бүтээсэн мангастаа  өөрсдөө бууж өгөхөөр муухай харагдах гээд ичээд байх шиг байна л даа. Эрх баригчид ийм өчүүхэн сонирхлоор эдийн засгийн стратегийн том төсөлд хандаж байгаа нь буруу юм.

 Зах зээлийн хүч гэж байдаг. Бид зах зээлийн хүчийг ойлгохгүй мунхаглаад байвал эргээд өшөөгөө хатуухан авна. Тэрний төлөөсийг “поп-ууд” төлөхгүй. Ирээдүйд ажлын байргүй болох залуучууд, орон зайгүй болох дундаж давхаргынхан төлнө.

Монголын нийгэм дундаж давхаргынханд, жижиг дунд бизнесийнхэнд халтай болчихлоо. Улс төрөөр замнаж баяжсан хэт баян цөөнх, нийгмийн халамжаар амьдардаг хэт ядуу олонх гэсэн үндсэн хоёр давхаргатай болжээ. Дундаж буюу бүтээлч давхаргынханд орон зай алга.

-Энэ талаар буюу дундаж давхаргыг бүрдүүлэхэд төрийн чиг үүрэг, оролцоо эдийн засагт ямар байх ёстой юм бэ?

-Ардчилсан нийгэмд орчин үеийн төр нь жижиг дунд бизнесээ дэмжих, дундаж давхаргыг хамгаалах, тэдэнд ус агаарыг нь өгөх, татвараар дэмжих, олон улсын зах зээлд өрсөлдөхөд нь туслах гэх мэт үүрэг гүйцэтгэдэг.  Мөн тэднийг том бизнесээс хамгаалдаг. Жишээ нь Герман, АНУ, Швед, Хятадад шударга бус монополуудтай тэмцдэг. Монголд эсрэгээрээ, томоохон бизнесүүд нь улс төрийн намыг санхүүжүүлээд төрд оччихдог. Тэгээд  жижиг бизнес эрхлэгчдээ татвар, онцгой байдал, мэргэжлийн хяналт, гаалиар дарамталдаг. Шинэ зах зээлд байр сууриа олох гэсэн нэгнийг нь хууль хүчнийхэн, цагдаа, прокуророороо дамжуулж залхаасаар байгаад бизнесээс нь “салгадаг” болчихлоо. Ингэхээр хүмүүс нэг бол гадагшаа цагаачилъя, эсвэл төрд оръё, үгүй бол олон хүүхэд гаргаад нийгмийн халамжаар амьдаръя, хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж тогтоолгоё, хүнсний талонд хамрагдъя гэх зэрэг төрд хувь заяагаа хэт даатгасан  соёл руу халтиран орж байна. Ийм соёл ирээдүйд Монголыг мөхөөнө.

-Төрийн үүрэг, оролцоо гэснээс одоогийн засгийн газрыг огцруулна гэж дуулдах боллоо. Энэ нь эдийн засагт хэр хор хөнөөлтэй вэ?

-Ямар ч Засгийн газарт ажиллах үндсэн нөхцөл бас тэжээл нь ард түмний итгэл байдаг. Одоо энэ засгийн газарт итгэх ард түмний итгэл байхгүй болчихлоо. Ковидгүй зуныг амласан, байхгүй. Дараа нь  Замын-Үүдийн түгжрэлийг бууруулна гэсэн, бас байхгүй. “Ядарсныг дэмжиж, задарсныг дарангуйлж, бизнест ээлтэй болгоно” гэсэн, бүр ч байхгүй.

 Цар тахлын дахин дэгдэлтийн үед наадам бүү хий, уул ус тахих нэрийдлээр олон хүн нэг дор бүү цуглуул гэснийг нь Ерөнхийлөгчөөсөө авхуулаад сумын засаг ноён хүртлээ гөлөг хуцсан чинээ тоохгүй байна. Төрийн хянан шалгалтын гэх доод шатныхан нь бизнес эрхэлж байгаа хүмүүс дээр очоод хачиг хувалз шиг зовоож байна. Энэ Засгийн газар хэчнээн гоё ёс зүй яриад ч доогуураа бол бахь байдгаараа л байна. Төрийг машин гэж үзье. Машины мотор бол татвар төлөгч дундаж давхарга, харин дөрвөн дугуйн нэг нь Засгийн газар гэж төсөөлье. Тэгвэл дугуйны хий нь гарчхаад байна. Нөхөлт авахгүйгээр хагарсан тул, яаж ч хийлээд хий орохгүй. Ийм үед дугуйгаа эртхэн солиод хурдхан замдаа гармаар байна.

-Үндсэн сэдэвтээ эргэж оръё. Засгийн газар, Рио-Тинто хоёрын маргаан нэг талдаа гарахгүй удлаа. Энэ байдлаас болж эдийн засагт ямар хор хохирол учирч байгаа гэж та харж байна вэ?

-2013-2015 онд далд уурхай зогсоход эдийн засагт орох ёстой байсан хоёр тэрбум ам.долларыг алдсан гэсэн судалгаа бий. Ер нь эдийн засаг, бизнест “алдсан боломжийн өртөг” гэдэг ойлголт бий. Хэрвээ Оюутолгойн далд уурхай анх төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орсон бол зэсийн үнэ өндөр байгаа энэ цаг үеэр манайд асар их валют орж ирэх байсан. Хоёрдугаарт, манай улсын эрдэс баялгийн салбарт жилд 700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт орох боломжтой гэсэн тооцоо бий. Гэтэл тэр нь ч байхгүй. Одоо гаднын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал бараг хасахтай гарах биз. Хэрэв дээрх 700 сая ам.доллар орж ирсэн бол олон ажлын байр бий болох байсан. Гэтэл Оюутолгойтой энэ улс яаж харьцах нь вэ гээд боломжит хөрөнгө оруулагчид хараад суучхаад байна. Мориор бол урд хоёр хөлийг нь тушиж хаячхаад, хойд хөлийг нь ташуурдаад яах юм бэ.

Томоор харвал, гаднын хөрөнгө оруулалтыг хэвийн оруулаад, эдийн засгаа томруулаад явсан бол иргэдийн цалин хөлс доллароор хэмжихэд өндөр байх байсан. Одоо бол 300 ам.доллар болчихсон байна. Нэг хүнд ногдох ДНБ ерөнхийдөө буурах хандлагадаа орчихлоо. Манай эдийн засаг 11-12 тэрбум ам.долларт хэлбэлзээд 10 жил болж байна. Гэтэл ижил төстэй зарим орнуудынх энэ хугацаанд бараг хоёр дахин нугарчихсан байна.

 Мэдээж маргаан сунжирснаар үүсэх хор хохирлын хувьд шууд хэлэх хэцүү. Замаг сайтай нууранд загас элбэг гэдэг дээ. Гаднын хөрөнгө оруулалт бол загас, харин манайх замаг сайтай байх ёстой. Оюутолгой бол нэг ёсны замаг. Энийг хатаагаад хаячихаар загас хаанаас ирэх вэ?

Хөгжингүй улсуудын дийлэнх нь нэг бол уул уурхайгаа эсвэл газарзүйн байрлалаа ашиглаж анхны хөрөнгө оруулалтаа татсан байдаг. Аажмаар боловсруулах болон илүү бүтээмж өндөртэй салбарууд руугаа хөрөнгө оруулалтыг татдаг ийм л зүй тогтол ажиглагдаж байна. Шууд л орчин үеийн үйлдвэрлэх салбарт хөрөнгө оруулалт татна гэдэг бол шуудхан хэлэхэд утопи төөрөгдөл л юм даа. Жам ёсны хөгжлийн зүй тогтлыг ухаарахгүй, цэвэр улс төрийн оноо харж маргаад байвал нийт эдийн засагт учруулах сөрөг нөлөөг тооцохын аргагүй.

-Энэ байдлыг хэрхэн өөрчлөх ёстой юм бол?

-Асуудлын гол нь манай эдийн засаг олигтой тэлж томорч чадахгүй байна. Дундаж цалинг төгрөгөөр авч үзэхэд өсөөд байгаа мэт харагддаг боловч ам.доллар руу шилжүүлэхээр харин ч багассан.  Дундаж цалинг 1000 ам.доллар болгох гол арга зам нь нэг хүнд ногдох ДНБ-г дор хаяж 10-20 мянган ам.долларт хүргэх ёстой. Ингэснээр монголд байгаа маш олон зовлон бэрхшээл арилна. Үүнийг зарим нэг иргэд, сонгогчид ойлгохгүй байна. Экспортоо өсгөж, уул уурхайн гацаатай байгаа төслөө бүгдийг нь хөдөлгөх ёстой. Тэгэхгүйгээр “Баялагтаа эзэн болно” гэх популист юм яриад байвал бид өөрчлөгдөхгүй.  Төр нэг гараараа лиценз өгчхөөд түүнийгээ дээрэмдэх шахуу буцааж авснаараа бахархах нь хамгийн бүдүүлэг үйлдэл юм. Тэнэг засгийн газар л ийм бодлого барьдаг. Бидний сайн мэдэх жишээ бол Венесуэл юм. Тэр улс өнөөдөр эдийн засгийн дүрвэгчдийн тоогоор дэлхийд тэргүүлж байна. Залуус нь гадагшаа зугтсаар л байгаа.

 Дээр нь төр бизнест хэт хутгалдгийг болимоор байгаа юм. Үр дүнд нь төр нь тогтворгүй, бизнес нь өсөлтгүй, ингээд нийтээрээ л хохирч байна. Оюутолгой дээр нэг зовлон бий. Оюутолгой бол төрийн өмчийн оролцоо бүхий компани. Төр нэг талаасаа хөрөнгө оруулагч учир ашигтай байхын тулд зардлаа багасгах ёстой. Татвар бол зардал мөн биз дээ? Гэтэл нөгөө талд төр бас татвар хураагч болчхоод байна. Төрийн чиг үүрэг ийм хоёрдмол байгаа нь аль алинд нь том зовлон болж популистуудад сайхан далим өгч байна. Үүнийг бид бас өөрчлөх ёстой. Төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг л байх хэрэгтэй. Төрийн өмчийн оролцоо бүхий компанийн татварын маргаан нь эрүүгийн хуулиар шийдвэрлэх асуудал биш.

Дэлхийн олон оронд төрийн өмчийн оролцоотой ч байсан аливаа компанийг ашгийн төлөө ажилладаг арилжааны нэгж л гэж авч үздэг. Зөв шийдэл байгаа газарт популизм үүсэх орон зай байдаггүй. Ийм зөв соёл руу орох нь хөгжил авчрах нэг том өөрчлөлт мөн гэж харж байгаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
ЗөвЗөв
33
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж