Ажил хийж чаддаг хүнд хөдөө маш их боломж бий | News.MN

Ажил хийж чаддаг хүнд хөдөө маш их боломж бий

Ажил хийж чаддаг хүнд хөдөө маш их боломж бий

Ажил хийж чаддаг хүнд хөдөө маш их боломж бий

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул Д.Лхамгарьд бол орон нутагт сайхан амьдрах боломж бий гэдгийг үлгэрлэж яваа нэгэн. Тэрбээр өөрийн эзэмшил газартаа 200 гаруй мод тарьж, хүлэмжид өрхийн хэрэгцээний хүнсний ногоогоо тарьж, ганган цэцэгсээр хашаагаа чимжээ. Түүний хувьд намрын улирал хамгийн сайхан нь. Учир нь олон жил хөдөлмөрлөж, ургуулсан мододоос нь төрөл бүрийн жимс ургаж, хүнсний ногоогоо хураан авч үр шимийг нь хүртдэг. Ингээд түүнтэй хашаагаа хэрхэн тохижуулж, мод тарихад юуг анхаарах талаар ярилцлаа.


-Сайхан намаржиж байна уу. Сэлэнгэ аймагт энэ жил зуншлага хэр болов?

-Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул хүн. Энэ жил манай нутгаар бороо хур элбэгтэй сайхан зун боллоо. Хүнсний ногооны ургац оройтох тал руугаа байгаа ч бусдаар дажгүй сайхан байна. Одоо хүнсний ногоо боловсроход нэг сарын хугацаа байна шүү дээ. Ер нь нар л сайн гарч байвал хүнсний ногооны болц түргэсэн. Энэ зун хур бороо их орсон учраас өвс ногоо, жимс жимсгэнэ зэрлэг өвс хүртэл их ургаж байна.

Хашаа дүүрэн мод, цэцэгс, хүнсний ногоо тарьчихсан сайхан амьдарч буй зургийг нь олон нийтийн сүлжээнээс харлаа. Та хашаагаа тохижуулах болсон тухайгаа ярихгүй юу?

-Манайх угаасаа хөдөөний айл. Анх айл гэр болоод энэ хашаа, байшингаа 22 жилийн өмнө худалдаж авсан юм. Энэ хашаагаа худалдаж авсан цагаас л янз бүрээр мод тарих гэж оролдож үзсэн л дээ. Эхэндээ мэдэхгүй бушуухан том модтой болох гээд л том том мод энд тэндээс суулгасан. Тэгсэн нөгөө мод маань нэг жилдээ сайхан ургаж байгаад болих, дараа жил нь ургахгүй байх гэх мэт туршлагагүйтэж хэдэн жил алдсан.

Би жилээс жилд туршлагажиж, 20-иод жилийн хөдөлмөрөөр хашаандаа олон мод тарьсан. Одоо жимсний модтойгоо нийлээд 200 орчим мод тариад байна.

Нийт хэчнээн га газарт ямар төрлийн мод, ургамал тарьсан бэ?

-Эхэндээ хурдан ургадаг нарс, хайлаас мод тарьж байсан бол одоо дан жимсний мод тарьдаг болсон. Жишээлбэл, мойл, чацаргана, үхрийн нүд, долоогоно, тэхийн шээг, нохойн хошуу, хайлаас, гоёлын шар хуайс зэрэг олон төрлийн мод бий.

Мөн хүлэмжид өрхийн хэрэгцээний хүнсний ногоо болох сармис, сонгино, огурцы, помидор, байцаа, чинжүү, салад навч гээд бүх төрлийн ногоо тарьдаг. Харин цэцэг бол миний хобби. Жил болгон хашаандаа цэцэг тарьдаг юм.

-Сумын Соёлын төвийн эрхлэгчээр олон жил ажиллаж буй гэсэн. Ажлынхаа гадна талбайд бас мод, цэцэг тарьдаг гэв үү?

-Тийм ээ. Манай Соёлын төв сумандаа л ногоон байгууламж, цэцэг ихтэй нь.  Миний хувьд Соёлын төвдөө 36 жил ажиллаж байна. Хашаагаа тохижуулчихаад ажлынхаа заваар байгууллагынхаа гадна талбайг тохижуулна. Сүүлийн хоёр жил цар тахал гээд гэртээ байх цаг зав гарч, нэлээн мод, цэцэг нэмж тарьсан. Хүмүүст цэцэг үрслүүлж өгсөн. Тэрнээс биш соёлын ажил чинь цаг наргүй шүү дээ.

-Намрын улирлын шинэ ургацаа хурааж авсан уу? 

-Шинэ ургацын ногоогоо авсан. Хүнсний ногоогоо хүлэмжид тарьдаг учраас гуравдугаар сар гараад л огурцы, помидор, сонгиноо хоол хүнсэндээ хэрэглэж эхэлсэн. Салад навч, бууцайгаа хоёр дахь удаагаа тарьж байна.Одоо үхрийн нүд, чацаргана гээд жимсүүдээ хурааж авна.

-Намрын улиралд ширээгээрээ дүүрэн ногоо, жимстэй баян эзэгтэй болно биз дээ?

-Хамгийн сайхан улирал намар. Хавар эрт хүлэмжний ногоо ургаж, модод маань цэцэглэнэ. Хашаа тойроод л мойл, үхрийн нүд, чацаргана гээд төрөл бүрийн жимс ургана. Модод ургаад ирэхээр их урамтай байдаг юм байна. Зарим хүмүүс их мод тарьвал шавьж хорхой ихтэй байдаг гэж ойлгодог. Энэ бол худлаа.

Манайх бол битүү модон дотор амьдардаг айл. Тэглээ гээд хорхой шавьж байхгүй. Мод тарьснаар шороо тоос, салхинаас хамгаалж, тарьсан ногоог маань хамгаалах ач тустай. Өглөө цэцэг, навч дунд сэрэх үнэхээр гоё. Тэр бүхнийг хараад өөрсдөөрөө бахархмаар санагддаг.

-Хүмүүс хот газар бараадаж, орон сууцанд амьдрахыг илүүд үздэг болж. Таны хувьд орон нутагт амьдрах боломж хэр байна вэ?

-Хөдөөний хүн хөдөө нутгаа л магтах байх даа. /инээв/ Орон нутагт хамгийн цэвэр агаар, хоол хүнс байна шүү дээ. Хашаан дотроосоо гүний цэвэр усаа ууж, хүнсний ногоогоо тарьчихна. Яах аргагүй хувцас, ойр зуурын эд зүйлсээ дэлгүүр хоршооноос авна уу гэхээс энд жимс, ногоо, түлээ мод нь бүгд бэлэн байна.

Тийм учраас зарим хүмүүс хөдөө амьдрахыг хүсдэг болсон байна. Ажил хийж чаддаг хүнд бол хөдөө маш их боломж бий. Хүнсний ногоо тарих газраас эхлээд сум орон нутгийн удирдлагууд нь дэмжиж тусална. Хөдөөний амьдрал хотын амьдралаас хэд дахин илүү гэж боддог.

-Гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу?

-Миний ханийг Н.Нарангэрэл гэдэг. Манай Соёлын төвийн хөгжмийн багшаар 30 гаруй жил ажиллаж буй хүн. Хүүхдүүд маань хотод ажиллаж, амьдардаг.

Хашаагаа тохьтой, мод бутаар дүүрэн болгоход хамгийн эхлээд юуг анхаарах вэ?

-Миний бодож байгаа ганц зүйл бол хашаа дүүрэн модтой болох гэж яараад л том том мод суулгах нь буруу. Нэгэнт л өөрөө мод тарьж ургуулж байгаа бол өөрийн гараар жижиг суулгац авах хэрэгтэй. Анх мод тарьж байгаа бол талбайн зохион байгуулалт маш чухал. Бид анх мод тарихдаа жижиг суулгацаа байшингийнхаа цонхны дор суулгасан. Модыг услаад л ургаад байдаг юм биш. Гэтэл одоо мод маань байшингийн цонх хаагаад, модоо ч тайрч болдоггүй. Мод болгон дурсамж хүний амьдралын түүхийг өгүүлж байдаг.

Жимсний мод яаж арчилна тэр хэмжээгээр гоё ургана. Намраас эхлээд жимсийг нь хурааж авчихаад хаячихгүй зэрлэг, мөчрийг нь тасдах, хортон шавьжнаас нь салгах, үндсийг нь сэргээж, жигд усалгаа хийж сайхан өвөлжүүлэх юм бол хавар илүү сайхан ургац өгнө. Хүүхдийг яаж бөөцийлж хайрладаг билээ. Яг л тэрэнтэй адилхан модыг арчилж тордвол илүү сайхан ургана. Жишээлбэл, үхрийн нүдний модыг жимс нь болсон үед нь сайн услаад өгвөл жимс нь бэлцгэр, том шүүслэг ургадаг. Услаагүй удсан модноос жижиг, аргуу жимс ургадаг.

-Одоо хашаандаа нэмж мод суулгах уу. Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?     

-Надад мөрөөдөл бий. Манай хашаа сумынхаа төв зам дагуу байрладаг. Соёлын төв маань бас төв зам дагуу байрладаг. Тэр утгаараа сум орон нутгийн нүүр царай болох учраас төв зам дагуу замаа тохижуулж, мод суулгах төлөвлөгөөтэй байгаа. Өөрөө энэ жилээс модны үрээ хүлэмжинд үржүүлж үзсэн. Болдог л юм байна. Хүнээс суулгац авдаг байсан бол өөрөө модоо үржүүлж, сум орон нутгаа моджуулж, залуу гэр бүлүүдийг мод тарих үйлсэд сургах зорилго тавьсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-18 162.247.74.74

>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Р. Ганбаатар 2021-08-18 202.55.188.35

Нараа ах Лхам эгч хоёр минь мундаг ажилсаг хүмүүс шүү. Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Avatar

Зочин 2021-08-18 124.158.97.13

Сайхан хүүхэн, сайхан сэтгэлтэй, сайхан………… үр жимстэй байх юмаа. Бэлэнчилсэн сэтгэлгээтэй хотын мангарууд хөдөө гарч жаргах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-08-18 180.149.93.98

гоё юм аа. Тэтгэвэртээ гарахаараа хотоос гарч, ингэж амьдарна гээд төлөвлөсөн байгаа

Avatar

Зочин 2021-08-18 192.82.64.229

Tanagtai baigaa deeree hodoo garsan deeree tetgebertee garaad oroitono oo

Avatar

Зочин 2021-08-18 203.91.118.150

Ямар мунлаг эмэгтэй вэ. Ёстой сайхан ажил эрхэлж байгаа юм банйа. Улам ихам жил хүсье.

Avatar

Зочин 2021-08-18 66.181.186.46

Сайн бн гоё бн

Avatar

Зочин 2021-08-18 66.181.168.8

Гоё юмаа

Avatar

Zochin 2021-08-18 202.179.27.66

Ajilsag saihanger byld amjilt husen erooe.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж