Афганистанд өрнөж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаглаж буй улс орон болон олон улсын байгууллагууд Талибан бүлэглэл Ням гаригт Кабул хотод орж ирсэнтэй холбогдуулан мэдэгдэл хийж эхэллээ. Тэдний зарим нь тус улсад ажиллаж, амьдарч буй Элчин сайдын яамны ажилтнууд болон иргэдийнхээ аюулгүй байдалд санаа зовж байгаагаа илэрхийлж байна. Зарим нь Талибан бүлэглэлийг засгийн эрх мэдлийг энхийн замаар шилжүүлэхийг уриалсан байв.
Тухайлбал, АНУ-ын Төрийн департамент, Пентагонаас хамтарсан мэдэгдэл гаргажээ. Түүнд "Одоогийн байдлаар бид АНУ болон бусад холбоотнуудын ажилтнуудыг Афганистанаас аюулгүй шилжүүлэхийн тулд Хамид Карзайн нэрэмжит олон улсын нисэх буудлыг бүрэн хяналтдаа авч, иргэний болон цэргийн нислэг үйлдэх бэлтгэл ажлыг хангалаа" гэв.
Мэдэгдэлд дурдсанаар, АНУ энэхүү ажиллагааг илүү найвартай байлгах үүднээс ирэх 48 цагийн дотор цэргийн бие бүрэлдэхүүнээ 6000 хүртэл нэмэгдүүлэхээр болжээ. Мөн "АНУ-ын иргэд, Кабул дахь Элчин сайдын яамны ажилтнууд болон ар гэрийн хүмүүс, эрсдэлтэй нөхцөлд байгаа Афганистаны зарим иргэдийг ирэх өдрүүдэд яаралтай нүүлгэн шилжүүлнэ. АНУ-ын Цагаачлалын онцгой виз авах эрхтэй олон мянган афганистаныг нүүлгэн шилжүүлэх ажлыг түргэвчлүүлнэ" гэв.
Францын Гадаад хэргийн яамны сайд мөн мэдэгдэл хийв. Тус улсын засгийн газар Афганистанаас Францын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хөнгөвчлөх үүднээс Элчин сайдын яамаа Кабул дахь олон улсын нисэх онгоцны буудалд байрлуулсанаа мэдэгджээ. Мөн Францын Зэвсэгт хүчний яам Арабын нэгдсэн Эмират улсад цэргийн хүч, агаарын анги нэгтгэлээ ойрын хугацаанд байршуулж, Абу Даби хот руу анхны нүүлгэн шилжүүлэлтийг хийхээр болов.
Даваа гаригийн өглөө Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үг хэлэхдээ, Афганистанаас иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулна гэсэн юм.
Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф Афганистаны Ерөнхийлөгч асан Хамид Карзайн энхийг эрхэмлэх уриалгыг дэмждэгээ илэрхийлж, Афганистанд эрх мэдэл энхийн замаар шилжинэ гэдэгт итгэж байна гэсэн билээ. Мөн тэрбээр "Иран улс энхийг сахиулах үйлсэд хүчин чармайлт гаргахад хэзээд бэлэн байх болно" гэжээ.
Талибанчууд Афганистаны нийслэл рүү нэвтэрсний дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Даваа гаригийн өглөө яаралтай хурал товлосон. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррис Афганистан дахь нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа илэрхийлээд, Талибан болон бусад хүчнүүд иргэдийн амь насыг хамгаалж, хүмүүнлэг ёсыг дээдлэхэд хүчин чармайлт гарган ажиллахыг уриалжээ. НҮБ-аас асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулна гэсэн бөгөөд "Афганчууд, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, ард иргэдэд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэхэд анхаарч ажиллана" гэв.
Үүний нэгэн адил, Пакистаны Гадаад хэргийн яам Афганистан дахь улс төрийн байдал тогтворжиход үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. Афганистаны улс төрийн бүх хүчин дотоодын хямралыг шийдвэрлэхэд хамтын хүчээр оролцоно гэж итгэж буйгаа Ням гаригт илэрхийлжээ. Харин Катарын нийслэл Доха хотод байрлаж буй Талибаны улс төрийн хэвлэлийн албаны төлөөлөгч Мухаммед Наим Ням гаригт твиттер хуудастаа “Кабул дахь ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газар болон гадаадын иргэдэд ямар ч аюул занал учруулахгүй” гэж мэдэгдээд, Афганистан улсад аюулгүй байдлыг ханган ажиллах амлалт өгчээ.Эх сурвалж: XINHUA
Холбоотой мэдээ