ҮХЭЖ БОЛОХГҮЙН ЗОВЛОН
Зуун жилийнхээ ойг нижгэр дэмийрэлд хэт их автсанаас хуучнаа санагалзан элдэв утга учиргүй уралдаан, магтуу, байгаад субботник хүртэл хийхдээ тулж байгаа эрх баригчдын дөвчигнөлөөс иргэд залхжээ. Ногоочид хуруу хумсаа хугалан байж тарьсан эрт ургацаа зарах гэж, цагдаа дээрээс өгсөн чиглэлийг даган заруулахгүй гэж…. Хотынхон хямд ногоо авах гэж бухимджээ. Цагдаа нар ч утга, учиргүй, амьдралгүй шийдвэрээс нь залхаж байна. Зах зээл гээч чиглэл өгөөд засч, залруулчихдаг зүйл сэн бол хэчнээн сайхан. Харамсалтай нь, халамж, судалгаагүй сүржигнэлийг шүтэж, бодлого, мөн чанаргүйгээр нийгмийг барьж, тогтоох боломжгүй аж. Сөрөг хүчинтэй, хүчингүй МАН өөрөө өөрсдийгөө үгүйсгээд эхэллээ.
МАН-гүйгээр Монгол оршихгүй мэт дүвчигнэж, хүчээр бүхнийг шийдэх гээд улам дордуулж, бүр доог тохуу болчихлоо. Иргэд бухимдаж байна.
Иргэдийн эрх ашгийн өмнөөс эрх баригчидтай үзэлцэх сөрөг хүчин үгүйлэгдэж байна.
…Гэтэл биднийг байтугай өөрийнхөө учраа олохгүй сөрөг хүчин амьсгаатай төдийхөн… Олон толгойтой могойд орох газар олдохгүй гэгч болжээ. Амьдрая гээд нэг нь нөгөөгөө хүлээн зөвшөөрөхгүй, салъя гэхнээ хувааж болохгүй ганц бодгальтай. Толгой бүрт хуваагдсан тархи өөр өөр юм бодоостой, зүрх ачааллаа дийлэхгүйгээс тархины цусан хангамж нь дутаж шоконд оров бололтой. Нэг намд олон толгой хэрэггүйг мэдэж байгаа ч аль аль нь тасдуулахыг хүсэхгүй нь ч ойлгомжтой. Ийм л байдал монголчууд зовж явна. Яг энэ зовлон дээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болжээ. Ардчилсан нам амьд байх нь монголчуудад хэрэгтэй. МАН-д ч дэмтэй… Нэг нам дангаар ноёрхсон он жилүүдэд монголчууд хэрхэн зовж, зүдэрснийг бидний өнгөрсөн түүх хангалттай харуулсан учраас Ардчилсан нам амьд үлдэх ёстой. Ардчилсан нам амьд үлдэж чадвал Монголд авторитори дэглэм амь орж чадахгүй.
ИЖИЛ ЗОВЛОН
Улсын эрхийг барих сонгуульд МАН-тай ана мана үздэг Ардчилсан нам цагаан хуудаснаас илүү санал авч чадаагүй олон шалтгаан бий ч хамгийн гол нь дэмжигчид төдийгүй гишүүдийнхээ итгэлийг алдсанд байв.
МАН хөөрөөд байгаа боловч эрийн сайндаа гурван ч сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулчихсан юм биш. Ардчилсан нам арчаагүй байгаад л асуудал байна.
“Гуравдагч хүчний орон зайд бид гарч ирлээ” гэж цээжээ дэлдээд буй ХҮН ч баярлах эрт байна. 30 жил үгүйлэгдсэн ч үнэндээ тийм хүчин Монголд бий болоогүй нь өсч, төлжих орон зай байгаагүй болов уу.
Өнгөрсөн үйл явдлыг эргээд харвал ИЗНН, МАН-аас тусгаарласан МАХН энэ хоёр намын завсраар цөөн тооны суудал авч байв. Тэд интитуцийн хувьд бие даасан, үзэл баримтлалын хувьд нийгмийн тодорхой бүлэгт хүлээн зөвшөөрөгдсөн гэхээсээ илүүтэй гомдогсдын сэтгэл зүй дээр оршин тогтнож байв.
Сонгуульд ИЗНН ба бусад барууны чигтэй намууд Ардчилсан намын саналыг хувцаалдаг бол МАН-ын саналыг МАХН талладаг гэдгийг 2012, 2016 оны УИХ-ын, 2013, 2017,2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн баталсан. Энэ хоёр намын ялалт, ялагдал аль хүчтэй байхаас бус аль нь дотроо эв нэгдэлтэй байхаас илүүтэй шалтгаалдаг. Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө зас гэх монголчуудын философи үүнтэй яв цав таарна. Улс орны эрх ашгаас дээгүүр намын эрх ашгийг тавьж, иргэдийг илүү басамжилж өнгө аяс аль алинд нь илэрдэг агаад энэ тоолонд нь нөгөөг нь гаргаж ирдэг ажээ. Хэн нь ч ялгаагүй ахуйдаа жаргал даахгүйн зовлонтой. Итгэл даахгүй хөгийн авиртай. Монголчууд энэ хоёр намд хуваагдан талцаж, нэг нь гарахад нэг хэсгийнх нь амьдрал цэцэглэж, нөгөө нь гарахад зовсоных нь зоо тэнийдэг харилцан хамааралтай болжээ.
АРДЧИЛСАН НАМ ҮХЭХ ҮҮ, СЭХЭХ ҮҮ?
Ардчилсан нам ор төдийхөн хүчин байж ердөөсөө болохгүй төдийгүй бодлого, үзэл баримтлалын хувьд хатуу зогсох ёстой гэдгийг МАН-ын төр барьсан жилүүд илүү тод харуулж байна. Үнэт зүйлс, үзэл баримтлалаас илүүтэй ашиг сонирхол, бүлэглэлийн шинжтэй болж, ардчиллыг өөрийн өмч мэтээр партизанууд нь аялаглаж ирсэн нь энэ намыг сэхээн ортол туйлдуулж, сүнс хүртэл зайлсан гэлтэй. МАН-аас ялгаатай нь өнгөрсөн 30 жилд үүлэн чөлөөний нар шиг богино хугацаанд засгийн эрхийг барьсан болохоор цүнх баригчид энэ намд золоор байсангүй. Тиймээс ч өөрийн гэсэн бодолтой, үнэт зүйлстэй залуус олноороо орсон ч байр сууриа тавьж өгдөггүй бурхинуудаас нь болоод хайран залуус яйран болж байна. АН-ын хуваагдал үзэл бодлоос болсонгүй. Үнэт зүйлсээс ч шалтгаалсангүй. Ердөө өөрсдийн эрх ашгийг хэтэрхий дээгүүр тавьсан хэдхэн хүний ашиг сонирхлоос болсон. Хувийн ашиг сонирхол ийм л хүчтэй. Ялангуяа үзэл бодлыг чухалчилдаггүй, үнэт зүйлгүй өнөөгийн нийгэмд хамгийн аюултай аж.
Ардчилсан нам нэгдэн нөхөн сонгуульд орох тухай М.Тулгатынхан нь уриалжээ. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулиар ч ингэж л байсан. Энэ бол эхнийх биш. Бас эцсийнх ч биш болов уу? Аль нь дарга болох нь үнэндээ чухал биш. Нэгдээд нийлье гэхнээ аминчхан эрх ашиг нь үгүй болох гээд аль алинд нь хэцүү байгаа. Хэнийг нь хэн гэлтгүй Ардчилсан намыг өнөөгийн өрөвдөлтэй байдалд оруулсан буруутнууд болохоор буулт нь өөрийгөө үгүйсгэх үгүйсгэл байх учраас хэдхэн л хүн энэ намаар тоглож байна. Тэднээс хэтэрхий хамааралтай болчихсон гишүүд нь ч бас талцаж байна. Үхье гэхнээ үхэж чадахгүй, сэхье гэхнээ сэхэж чадахгүй байгаагийн зовлон нь энэ.
Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг шиг мандаад буй МАН-д ч ийм зовлон бий. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал гээд бүгдийг ганцаар эрхшээж буй МАН-ын дотоод тэмцэл хэзээ мөдгүй ил гарахад бэлэн болсон. Харин ямар тайлбартайгаар өрнөх вэ гэдэг нь сонин байна. Тиймээс эрх барьж байгаа болохоос биш гудамжинд байгаа АН-тай адилхан зовлон тэдэнд бий.
Ганц үнэн зүйл гэвэл АН-ын хоёр удирдлагын аль алинд нь үхэж болохгүй зовлон бий. Тэд эцсийн мөч хүртлээ өөрийгөө хамгаалж, амь тэмцэх нь тодорхой. Тиймээс аль нэгнийх нь амыг барих ач л хэрэгтэй. Тэгж байж АН амьд үлдэнэ.
Холбоотой мэдээ