Өдгөө 52 настай, дэлхийн супер од Жей Ло инстраграм хуудсаасаа өмнөх найз залуу болох Алекс Родригесийг хассанаар салалтаа албан ёсоор баталгаажууллаа. Тиймээс түүний инстраграм хуудас руу зочлох аваас бейсболын дээд лигийн тэтгэвэртээ гарсан тоглогч Александр Родригесийн дүрийг олж харах боломжгүй болжээ. Түүнчлэн “JLo Beauty” хэмээх өөрийн нэрийн гоо сайхны бүтэгдээхүүний брэндээ гаргасан дуучин бүсгүй хуучин сүйт залуугийнхаа инстаграм хуудсыг ч дагахаа больсон байна. Гэвч өдгөө 46 настай, спортын нэвтрүүлгийн хөтлөгч Родригесийн хувьд Женниферийн хуудсыг дагадгаас гадна өөрийнхөө хуудсанд ч түүний зургуудыг байрлуулсаар байгаа юм.
Энэ оны эхээс дөрвөн жилийн харилцаанд нь асуудал гарч эхэлсэн хос өнгөрсөн дөрөвдүгээр сард сүйгээ цуцлах шийдвэрт хүрсэн билээ. Улмаар тэд салалтынхаа талаар албан ёсны хамтарсан мэдэгдэл хийж “Бид найзууд байх нь дээр гэж үзсэн. Цаашид ч харилцаагаа энэ чигээр хадгална гэдэгт итгэж байна. Мөн хамтын бизнес, төсөл хөтөлбөрүүд дээр үргэлжлүүлэн бие биенээ дэмжиж ажиллана” гэжээ.
Родригесээс салсныхаа дараа Жей Ло хуучны найз залуу, жүжигчин Бен Аффлектай эргэн учирч, романтик харилцаагаа сэргээсэн юм. Одоогоос 17 жилийн өмнө салалтын мэдээгээ дуулгаж байсан тэд өдгөө Европоор зугаалж, Лос Анжелес хотноо романтик болзоо тогтоон завгүй явна.
Тэд сүй тавих зэргээр харилцаагаа баталгаажуулах ямар нэгэн шийдвэрт хүрээгүй байгаа бөгөөд ингэх шаардлагагүй гэж үзжээ. Харин “Нью-Йорк Янкиз” багийн хуучин тоглогч Родын хувьд ганц бие амьдралын ая тухыг эдэлж, аз жаргал мэдэрсэн шиг явна. Тэрбээр санаандгүй тохиолдлоор дуучин бүсгүйн төрсөн өдрийн баярын үдэшлэг болсон Сент Тропец хотод төрсөн өдрөө тэмдэглэсэн юм. Энэхүү чухал мөчид тэрбээр амьдралын талаарх шинэ үзэл бодлоо хуваалцаж, инстаграм хуудастаа “Би амьдралд маш их талархаж байна. Гайхамшигт найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт энэхүү гайхалтай өдрийг өнгөрөөж байгаа нь баярлах нэг шалтгаан ч үүнээс илүүтэй хүн бүрээс ирэх хайр, дэмжлэгийг мэдрэх нь хамгийн сайхан бэлэг юм" хэмээн бичжээ.
Эх сурвалж: E NEWS
Холбоотой мэдээ