Аялагч та өөрөө хөрөнгө оруулагч

Хуучирсан мэдээ: 2021.08.17-нд нийтлэгдсэн

Аялагч та өөрөө хөрөнгө оруулагч

Хүн амьдралынхаа үндсэн хэрэгцээ болох хоол хүнс, орон байр, хувцас, татвараа өөрийн орлогоороо хангаж чаддаг болсныхоо дараа үлдсэнээр нь мөнгөн хуримтлал бүрдүүлдэг. Харин энэхүү хуримтлалаа хэрхэн зарцуулах вэ гэдгээс хөрөнгө оруулалт үүсдэг. Үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас худалдаж авах, бизнес хийх гээд хөрөнгө оруулалтын олон сонголт бий. Эдгээр сонголтууд нь эрсдэл болон өгөөж аль алиныг нь дагуулна. Улмаар хөрөнгө оруулалт нь улс орны эдийн засгийн өсөлт, хөгжлийг санхүүжүүлэх гол механизмыг бий болгодог.

Танд болоод эргэн тойрны хүмүүст тань хамгийн их ашиг тустай, эрсдэлгүй, улс орон болоод элэг нэгтнүүддээ өгөөжтэй байж чадах хөрөнгө оруулалт бол аяллын компаниар дамжуулж дотооддоо аялах юм. Учир нь  биднээс хэзээ ч булааж авч чадахгүй дурсамжийг аялал бүтээдэг. Цаг хугацаагаа зарцуулан хөдөлмөрлөж олсон мөнгө хэзээ нэгэн цагт дуусч, үнэтэй байшин, машин, чамин тансаг гоёл ч цагийн эрхэнд үгүйрнэ. Хайртай хүмүүс минь ч мөнх биш учир биднийг орхин одно. Харин тэдэнтэйгээ өнгөрүүлсэн аз жаргалтай дурсамж хоногшин үлддэг жамтай. Тиймээс л энэ завгүй, богинохон амьдралд өөртөө цаг гаргаж, нандин хүмүүстэйгээ хамт эх орныхоо сайхан газруудыг өөрийн нүдээр үзэх нь амьдралын нэгэн аз завшаан юм.

Яагаад заавал дотоодын аяллын компаниар дамжуулж аялах хэрэгтэй гэж?

Уул уурхай зэрэг бусад салбараас ялгаатай нь аялал жуулчлалын салбарын онцлог нь аялагч болгоны тоогоор бий болсон эдийн засгийн урсгал иргэдэд жигд тардаг. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын салбарын орлого улсын төсөвт биш иргэдийн халаасанд ордог болохоор дотоодын эдийн засгийн жигд өсөлтийг бий болгодог. Монгол банкны хийсэн судалгаагаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийгээд хамгийн хурдан нөхдөг болон худалдаа үйлчилгээ бусад салбаруудын гарцыг 25-аас дээш буюу хамгийн их хувиар нэмдэг салбар нь мөн л энэ салбарыг гэсэн байдаг. Тэгвэл салбартаа хөрөнгө оруулагч болгохын тулд та ердөө л аяллын компаниар аялдаг нэгэн байх хэрэгтэй.

Та магадгүй хувиараа найз нөхөдтэйгөө, гэр бүлтэйгээ машинаа хөлөглөөд аялдаг байх. Ингэж аялах нь цагт баригдахгүй, тааваараа аялал мэт боловч олон сул талтай юм шүү. Хоолны материал, уух уснаас эхлээд сандал,  эвхэгддэг ор, гаазын плитка зэрэг хэт их ачаатай явдаг. Хаана юу хийснээ мартахаас гадна, замдаа хүнсээ муутгачихгүй авч явах гэдэг асуудалтай. Хол замд машин барих жолооч хэрэгтэй. Энэхүү чамгүй хариуцлагатай үүргийг хүлээж авсан нэгэн нь амрахаасаа илүүтэй их ядарна. Замд чилээрхсэн аялагчид зорьсон газартаа очоод эргэн тойрныхоо сайхныг харахаасаа урьтаж хоолоо бэлтгэнэ. Үүнд ч багагүй цаг орж, тогоочийн үүргийг хүлээсэн нэг нь юун амрах, аль болох амттай хоол хийчих юм сан гэсэн сэтгэлээр борви бохис хийхгүй зүтгэнэ.

Дараа нь аяга тавгаа угааж, аль болох эко аялах гэж хогоо цэвэрлэнэ. Тэгсээр байтал орой болж аян замд жолоо барьсан, тогооч хийсэн хүмүүс нь амарна. Юун тухайн газрынхаа сонин хачин домог, болсон үйл явдлын тухай мэдээллийг авах мантай л цаг хугацаа өнгөрнө. Төлөвлөөгүй зардал, унаа тэрэгний эвдрэл, байгаль цаг уурын таашгүй нөхцөл гээд эрсдэлүүд тулгарна. Ийнхүү аялал ч өндөрлөж, гэрийн зүг жолоо зална. Манайхны ихэнх нь аялалд яваад харин бүүр ядраад ирлээ гэж ярьдаг нь нууц биш.

Миний мэдэхээр хувиараа аялсан найзууд минь жилийн жилд л тэгж хэлдэг.

Тэгвэл аяллын компаниар дамжуулж аялахад та зөвхөн хувийн бэлтгэлээ л хангахад болно. Компанийн зүгээс таныг сэтгэл амар, ая тухтай аюулгүй аялахад чиглэсэн үйлчилгээгээр хангана. Жолооч, тогооч хийж, өөрийгөө ачаалах шаардлагагүй. Аяллын цаг хугацааг зөвхөн өөртөө болон хайртай хүмүүстээ зарцуулж, хөтөчөөсөө тухайн нутаг орны мэдээллийг авч, мэдлэгийн цараагаа тэлнэ. Орчинтойгоо танилцаад ирэхэд чинь амттай халуун хоол бэлэн угтана. Мэдээж тухтай унтах орон байр ч бий. Түрүүнд дурдсан эрсдэлүүдийн аль нь ч тохиолдохгүй аюулгүй байхаас гадна мэргэжлийн компаниар үйлчлүүлж байгаа учир аяллын даатгал хийгдсэн байдаг. Мөн таныг хөгжөөх тоглоом, үзвэр үйлчилгээ зэрэг соёлын маш олон гоё хөтөлбөрүүд багтсан нь уйдах завыг олгохгүй. Шинэ танилуудтай ч болно.

Хамгийн гол нь таны сонголтын үр дүн жолоочоос эхлээд хөтөч, тогооч, зохион байгуулагчдын цалин болж, амралтын газар, тус аялалын компани, тухайн нутгийн үзвэр үйлчилгээний байгууллагуудын орлогын эх үүсвэрийг бүтээлцэж, аялал жуулчлал илүү хөгжихөд нөлөөлөх хөрөнгө оруулалт болно. Чухам ийм учраас л таныг дотоодын аяллын компаниар дамжуулж аяллаа төлөвлөхийг уриалаад байгаа юм.

Цар тахлын үед дотоод аяллаа сонгоё

Жуулчны бааз, тур, оператор компаниуд дотоодын аялагчдад зориулсан илүү хямд үйлчилгээтэй, сонирхолд нь нийцэх шинэлэг хөтөлбөрүүдийг боловсруулж шинэ менежментээр ажиллах болоод удаж байна. Ялангуяа цар тахлын энэ үед иргэд гадаадад аялах боломжгүй болсон учир дотоодын аялагчдаа илүү тав тухтай аялуулах шинэлэг санаануудыг хэрэгжүүлсээр… Мөн тахлын нөлөөгөөр хамгийн их эрсдэл хүлээгээд буй салбар бол аялал жуулчлалын салбар юм. Чухам энэ үед л гадаад улсын иргэд дотоодын аялал жуулчлалаа дэмжин, эх орондоо аялцгааж байна. Бид ч мөн энэ жишгээс суралцаж, унаталтанд ороод байгаа салбараа дэмжиж болно. Манай улсын хувьд аялал жуулчлалын салбарын 68 хувь, тур операторуудын 98 хувь нь үйл ажиллагаагаа хумиад байгаа. Зөвхөн гаднын жуулчин авдаг баазууд хаагдаж, дотоодын жуулчин авдаг нэг хэсэг нь алдаг оног ажиллаж байна. Энэ салбарт ажилладаг 88 мянган хүний амьдрал эрсдэлд ороод байгаа юм. Өнгөрсөн зуны наадмаар нэг сая иргэн дотооддоо аяллаа гэж байгаа боловч  ердөө тавхан хувь нь тур оператор, мэргэжлийн байгууллагаар дамжуулан аялжээ. Үлдсэн 95 хувь нь машинаа унаад хөдөө гарчихсан судалгаа бий. Гэтэл нийт хүн амын 1,5 сая нь л дотоодод аялахад эдийн засгийн эргэлтэд сайнаар нөлөөлнө гэдэг. Гэвч бид дотоодын аяллын компаниа сонгодоггүй нь валютын урсгалыг гадагшаа чиглүүлж, дотооддоо авч үлдэж байгаагийн шалтгаан юм. Цар тахлын өмнө давхардсан тоогоор гэхэд жилд 2,4 сая монгол хүн гадаадад аялсан мэдээлэл бий. Нэг жишээ дурдахад, БНСУ эх орондоо ирсэн жуулчид мөнгөө юунд зориулж байгааг судлахад, монголчууд мөнгө үрдгээрээ нэгд бичигджээ.

Судалгаагаар монгол хүн тухайн оронд нэг өдөрт 2014 ам.доллар зарцуулсан байх бөгөөд харахад гоо сайхан, хувцас хунар, тавилга авсныг гаргаж ирсэн байна. Бидний хувьд гадагшаа явахдаа аав, ээж, ах дүү, найз нөхдөдөө бэлэг авдаг бол бусад орны жуулчид тухайн орны онцлогийг харуулсан брэнд бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйл авсан байх жишээтэй. Гаднын оронд очоод л гарын салаагаараа урсгачихдаг мөнгөө яагаад цар тахлын үед уналтад ороод байгаа салбартаа зориулаад, тав тухтай, аюулгүй аялаад, эх орныхоо тухай илүү өргөн мэдлэгтэй болоод ирж болохгүй гэж. Энэ бол иргэн таны ухамсрын л асуудал. Хэрэв та аялалд гарах боломжийг хүлээж байвал хэт удна. Бүүр олдохгүй ч байж мэднэ. Тиймээс л зориглож өөртөө цаг гарган, эх орныхоо дэлхийн хаана ч байхгүй сайхан газруудыг үзэж, өөртөө болон хайртай хүмүүстэйгээ мартагдашгүй дурсамжийг бүтээгээрэй.

Эх сурвалж:  Joinme.mn  

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж