Талибаны Афганистанд түүх давтагдах уу?

Хуучирсан мэдээ: 2021.08.17-нд нийтлэгдсэн

Талибаны Афганистанд түүх давтагдах уу?

Талибаны Афганистанд түүх давтагдах уу?

Одоогоос 20 жилийн өмнө буюу 2001 оны сүүлээр Афганистаны Майдан Шахр хотын өмнөд хэсгийн толгодууд дэлбэрч, өтгөн хар утаа манарч байв. АНУ-ын бөмбөгдөгч онгоцууд Талибан хөдөлгөөний сүүлчийн хэдхэн дайчдыг бөмбөгдөж устгасан нь тэр байж. Хэдхэн хормын дараа гэхэд аянга цахисны адил дайны талбарт нам гүм болов.

Удалгүй хар алчууртай дайчдын цуваа дайснууд руугаа чимээгүйхэн дөхөн очиж, бууж өгчээ. Тэднээс юу болсныг асуухад нэгэн талиб дайчин инээмсэглэн байж “Бид буугаад өгчихлөө” хэмээн тайлбарлав.

Талибуудын удирдагч нар ямар ч утгагүй үхлээр үрэгдэж байснаас ялагчийн талд орох нь дээр хэмээн шийдэж, огтхон ч ичиж, эргэлзэхгүйгээр бууж өгч, дайснуудтайгаа нэгдсэн юм.

Гэвч энэ бол тэдний уугуул Паштун соёлд гүн сууж, 1996 онд талибуудыг эрх мэдэлд хүргэсэн Исламын Деобанди хөдөлгөөн өвдөг сөхөрсөн гэсэн үг биш байв. Тус хөдөлгөөн анх 1979 онд Зөвлөлтийн эзлэн түрэмгийллээс Пакистанд дүрвэсэн талибууд буюу Исламын сургуулиудын оюутнуудын дунд хүчтэй дэлгэрч эхэлсэн. Түүнчлэн хөдөлгөөн Арабын булангийн мөнгө, Пакистаны тагнуулын байгууллагын санхүүжилтээр тэтгэгдсээр Исламын шашны талаарх талибуудын үзэл цэвэр ариун соёл болж хувирав.

Харин дайны хөлд сүйдэж, авлига, үзэн ядалтад баригдсан Афганистанд зарим хүмүүс талибуудын үзэл суртал, хатуу чанга хууль бол хүнд хэцүү амьдралыг нь өөрчлөх гарц хэмээн харж байлаа. Удалгүй талибууд 1994 онд эх орондоо үйл ажиллагаа явуулж эхэлсэн агаад хоёрхон жилийн дотор Афганистаны ихэнх хэсгийг мэдэлдээ оруулж, засгийн эрхэнд гарч байсан түүхтэй.

Одоо, түүнээс хойш 25 жилийн дараа талибууд дахин төрийн эрхийг атгалаа.

Дахин эзлэгдэхээсээ өмнө Афганистаны засгийн газар үргэлж сул дорой байдал, авлигад идэгдсэн, оршин тогтнохын төлөө үргэлж гадаадын хүчнээс хамааралтай, дотоодын тэмцэл, цэргийн удирдагчдын завхралд баригдсан газар байлаа. Гэтэл АНУ болон түүний холбоотнууд энэ онд Афганистаны үндэсний армиас нүүр буруулахад тэдний удирдагч нар Талибанд урвах нь ердөө цаг хугацааны асуудал болж үлдсэн юм.

Чухамдаа 2001 онд афганчууд Дундад зууны үеийн харгис Шариатын хуулийг дагахаас залхаж, өмнөд паштунуудын эрх мэдэлд туйлдаж, ялангуяа маш их ашиг олдог хар тамхины наймааг нь  устгасанд ихэд бухимдсан тул цэргийн удирдагч нар АНУ-ын хүчтэй хамтран талибуудыг төрийн эрхээс буулгаж, хөөсөн билээ.

Афганистанд дэлгэрч байсан хар тамхины наймаа тухайн үед экспортын гол бүтээгдэхүүн болж, жилд дунджаар дөрвөн тэрбум ам.долларын ашиг олж байлаа. Энэ наймаанд бүлэглэлүүдийн удирдагч нар, цагдаа, цэрэг, Пакистаны тагнуул, мафиуд, Кабулын баячууд хутгалдаж байсан гэдэг.

Тухайн үед талибууд "Аль Каида"-гийн алан хядагчдыг орогнуулж, барууны ертөнцөд төдийгүй дотооддоо маш олон дайсантай болсон байлаа. Удалгүй Осама Бин Ладен есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагыг зохион байгуулсан нь энэ бүхнийг туйлд нь хүргэж, АНУ цэргээ хөдөлгөсөн билээ.

Үнэн хэрэгтээ талибууд бол хэзээ ч олон улсын терроризмыг сонирхож байсангүй. Харин "Аль Каида" бүлэглэлд тусалсан нь тэдний түүхтэй холбоотой аж. Тухайлбал, Бин Ладен болон түүний ойр дотныхон 1979 оны Зөвлөлтийн эзлэн түрэмгийллийн үед Афганистаны талд хүч нэмэн байлдаж байсан түүхтэй. Иймд талибууд эртний нөхдөдөө дайчид бэлтгэх бааз байгуулахыг зөвшөөрч, зочдыг хамгаалдаг Паштунвали соёлын дагуу орогнол олгосон аж.

НАТО, АНУ, Кабулын засгийн газрын үздэгээр Пакистанаас дэмжлэг авдаг Талибан хөдөлгөөний удирдагч нар сүүлийн 20 жилийн турш Хильменд мужид суурьшиж, гадаадын хүчнүүдээс гатлахад бэрх намгаар хамгаалагдаж байлаа. Энэ хугацаанд тэд утгагүй дайны төлөө асар их цус урсгаж, олны итгэлийг хөсөрдүүлж, эд баялаг үрэн таран хийсэн юм.

Хильменд мужийг эзлэн авах, хар тамхины наймааг устгах Талибаны гол хоёр шийдвэрийн үр дагаварт газар тариалангаараа их ашиг олж, энх тунх оршиж байсан тус мужийг дайны талбар, гадаад цэргүүдийн оршуулгын газар болгон хувиргажээ. Түүнээс хойш талибууд НАТО-гийн эсрэг тулалдахдаа нутгийн хар тамхины бүлэглэлүүдэд ихэнх ажлаа даалгаж, хааяа тэдэнд тусалдаг болов. Энэ бол өмнө нь тулалдаж үзсэн партизан оюутнуудын хийсэн туршлагатай үйлдэл юм. Удалгүй барууны хүчнүүд туйлдаж эхлэв. Иймд тухайн үед талибуудад зөвхөн хүлээх л үлдээд байсан аж.

Барууны олон орны тагнуулын мэдээллээр талибууд зөвхөн хар тамхиар санхүүждэггүй байжээ. Тэд голдуу хууль бусаар ашигт малтмал олборлох, өөрсдийн мэдэл дэх нутгуудаас татвар хураах, Персийн булан дахь нууц ивээн тэтгэгчдээс тусламж авах замаар хөлжиж байжээ.

Өдгөө тэд дахин төрийн эрхэнд гарсан нь эмэгтэйчүүдийн хувьд ертөнцийн төгсгөл гэмээр аймшигт хувь тавилан болж байна. Учир нь өмнө нь Афганистан талибуудын мэдэлд байхад эмэгтэйчүүд сургуульд сурч боловсрох хориотой байлаа. Тэр үед эмэгтэйчүүдийг албан шахалтаар бурка нөмрүүлж, гэрт нь хорьж, эр хүний өмч хэмээн үздэг байв. Хэдийгээр орчин үед афган эмэгтэйчүүд боловсрол эзэмшиж, тэр үеийн соёл үгүй болсон ч талибууд дахин төрийн эрхэнд гарснаар түүхийг давтаж болзошгүй билээ. Уг нь орчин үеийн боловсролтой Кабул хотын бүсгүйчүүд бизнес эрхлэх, улс төрд оролцох, тэр байтугай мужийн засаг захиргаа, яамдыг удирдах эрх, боломж, чадвартай байсан юм.

Тиймдээ ч нисэх онгоцны буудал руу афганчууд чихэлдэн дайрч, амиа ч хайхралгүй онгоцноос зүүгдэж, зарим нь тэндээсээ унаж үхэж байгаа нь гайхмаар зүйл огтоос биш аж. Өдгөө афган эмэгтэйчүүдэд үлдсэн сүүлийн найдвар бол Талибан түр хугацаанд эмэгтэйчүүдийн эрхийг хадгалж, үг хэлэх эрх чөлөөг нь үлдээх санал тавьж магадгүй юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж