УИХ-ын гишүүн, БСШУС-ын Байнгын хорооны дарга Г.Дамдиннямын санаачилга, дэмжлэгтэйгээр улсын хэрэгцээний төмс, хүнсний ногооны 20 гаруй хувийг дангаар бүрдүүлэгч Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочид нийслэлийн хэрэглэгчиддээ эрүүл бүтээгдэхүүнээ хүргэхээр Чингэлтэй дүүргийн Ялалт болон Барилгачдын талбайд өнөөдрөөс бууж байна.
Уг үзэсгэлэн худалдаанд Орхон сумын ногоочид голлон оролцох бөгөөд ямар нэг нэмэлт химийн бодисгүй, ченжийн гар дамжаагүй, тариаланчаас хэрэглэгчийн гарт анхны үнээрээ шууд очих юм.
Үзэсгэлэн худалдааг санаачлагч Г.Дамдинням гишүүн “Дархан-Уул аймгийн Орхон суманд жилд дунджаар 1200-1300 га талбайд төмс хүнсний ногоо тариалдаг. Тус сумын 26 ААН, 700 гаруй иргэд төмс, хүнсний ногоо тариалж байна. Энэ утгаараа Дарханы ногоочдоо байнга дэмжиж ажилладаг. Үүнээс гадна төмс хүнсний ногооны зоорь, өвлийн хүлэмж, дундын техник үйлчилгээний бааз байгуулах зэрэг томоохон ажлуудын хөрөнгө оруулалтыг шийдэж, ногоочдынхоо хөдөлмөр бүтээлийг зах зээлд шударга, бодитоор үнэлүүлэх, амжиргааг дэмжих чиглэлд бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна” гэв. Мөн тэрээр үзэсгэлэн худалдааг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаа илэрхийллээ.
Орхон сумын эрүүл хөрс, шимт газар шороонд ургасан, органик хүнсний ногоо болон бусад бүтээгдэхүүнийг ногоочдын гар дээрээс шууд худалдан авах боломжийг 08 дүгээс сарын 17-ноос эхлэн Ялалт, Барилгачдын талбайд гарах үзэсгэлэн худалдаа танд олгож байна.
Холбоотой мэдээ