Блоклон олборлох технологи Монголд нутагшиж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.17-нд нийтлэгдсэн

Блоклон олборлох технологи Монголд нутагшиж байна

Монголын уул уурхайн үсрэнгүй хөгжлийг түүчээлж, дэлхийд өрсөлдөх дотоодын инженерүүдийг бэлтгэх үйлсийг Рио Тинто групп, Оюу толгой ХХК эрчтэй урагшлуулж байна. Найман тэрбум дөхөж буй цэнхэр гарагийн хүн амын өсөлт, улс орнуудын эдийн засгийн зогсолтгүй тэлэлт нь хөгжлийн үндсэн түүхий эд болох зэсийн эрэлтийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсээр. Ирээдүйд дэлхийн хөгжлийг тодорхойлох ногоон эрчим хүч, цахилгаан автомашин, хотжилт зэргээс үүдэн шар металлын эрэлт цаашид ч өсөх тодорхой болов.

Энэ хэрээр жил бүр өсөн нэмэгдэж буй зэсийн эрэлт хэрэгцээг хэрхэн хангах вэ гэдэг асуулт уул уурхайн салбарынхны өмнө тулгарч эхэллээ. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар олборлоход харьцангуй хялбар зэсийн ил ордуудын тоо цөөрч, харин газрын гүнд орших, ашиглахад амаргүй далд уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах зүй ёсны шаардлага тулгарч байна. Гэтэл газрын хэвлийн олон мянган метрийн гүнд орших далд уурхайнууд нь геологийн тогтцын хувьд төвөгтэй, олборлолт хийхэд хүнд, дэвшилтэт технологи, нарийн тооцоо, чадварлаг мэргэжилтнүүдийг шаардсаар. Тэгвэл дэлхийн ашигт малтмалын салбарынхны анхаарлын төвд буй энэ асуудлын шийдлийг Монголын болон олон улсын мэргэжилтнүүд эрэлхийлж байна.

ГҮНИЙ УУРХАЙ ГҮН РҮҮ АЯЛАХ НЬ

Сүүлийн жилүүдэд олонтоо сонсогдох болсон гүний уурхайн талаар та хэр мэдэх вэ. Газрын хэвлийн 1200-1300 метрийн гүнээс ашигт малтмалыг аюулгүй ажиллагааны дагуу олборлоно гэдэг нь танд амар ажил мэт сонсогдож байна уу. Ер нь бид том орд уурхайнуудын талаар ам уралдан мэтгэлцэж, хоорондоо маргадаг атлаа хэрхэн олборлодог, хэчнээн хүний хичээл зүтгэл, хөлс хүч, мэдлэг чадвараар бүтдэгийг мэддэг бил үү.

Монгол Улсад орчин цагийн уул уурхай хөгжөөд бүтэн 100 жилийг элээж байгаа ч Оюу толгойн гүний уурхай шиг том хэмжээний бүтээн байгуулалтыг бий болгож, ашиглалтад оруулж байсан түүх үгүй. Тиймээс Оюу толгойн гүний уурхай нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт эргэлт авчраад зогсохгүй манай уул уурхайн салбарт хувьсал дагуулах томоохон бүтээн байгуулалт юм.

Оюу толгойн далд уурхайн гүн гэхэд ертөнцийн хамгийн урт бүтээн байгуулалтын нэг болох Эффелийн цамхгийг дөрвөн нийлүүлсэнтэй тэнцүү. Энэ гүнээс Оюу толгойн нөөцийн 80 хувийг олборлоно гэдэг нь ямар хэмжээний нарийн төвөгтэй, бас өндөр ур чадвар,  чамгүй хөрөнгө, арвин туршлага шаардсан ажил болох нь ойлгогдоно.

Олон улсад давхраар нураах, дэд түвшнээр нураах, блокоор нураан олборлох зэрэг арга технологи ашиглан, гүний уурхайнуудаас ашигт малтмал олборлож байна гэж Оюу толгойн гүний уурхайн загвар, зураг төсөл, блоклон нураах олборлолт хариуцсан ерөнхий инженер Фэррин Принс ярьж байна

Гүний уурхайн олборлолтын эдгээр арга нь өөр өөрсдийн онцлогтой. Аль аргыг ашиглах нь ашигт малтмалын төрөл, ордын хэмжээ болон геологийн тогтоэц зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг.

ГҮНИЙ УУРХАЙН ОЛБОРЛОЛТЫН АРГУУД

АргаЗардалӨрөмдлөг тэсэлгээДүүргэлт
 

Давхраар нураан олборлох

 

Ангилан буюу сорчлон олборлох арга,

Ашиглалтын зардал өндөр

 

Тонн бүрд өрөмдлөг тэсэлгээ шаарддаг

 

Нураан олборлолтын дүнд бий болсон хоосон зайг дүүргэх зардал өндөр

 

Дэд түвшнээр нураан олборлох

 

Масс олборлолтын арга, Ашиглалтын зардал бага

 

Тонн бүрд өрөмдлөг тэсэлгээ шаарддаг

 

Блоклон нураасан материал хоосон зайг дүүргэнэ

 

Блоклон нураах арга

 

Масс олборлолтын арга, Бүтээмж өндөр,

Ашиглалтын зардал хамгийн бага

 

Тонн бүрд өрөмдлөг тэсэлгээ шаардахгүй

 

Блоклон нураасан материал хоосон зайг дүүргэнэ

 

БҮТЭЭМЖ ӨНДӨР БЛОКЛОН НУРААХ АРГА

Эдгээрээс хамгийн өндөр бүтээмжтэй, хамгийн дэвшилтэт, хамгийн зардалд хэмнэлттэй, хамгийн эрсдэл багатай нь блоклон нураах арга. Блоклон нураах технологи нь гүнзгий судалгаа тооцоо, нарийн мэргэшсэн боловсон хүчин, өндөр туршлага шаарддагийн зэрэгцээ хүдрийн биетийн шинж чанартай нягт уялдаа холбоотой байдаг учраас тэр бүр компани энэ аргыг ашигладаггүй. Харин уул уурхайн акулууд буюу хуримтлуулсан туршлага, боловсон хүчний чадавх, хөрөнгө оруулалтын чадамж гээд олон талаар энэ салбарыг өнгөлдөг Рио Тинто, Коделко зэрэг тэргүүлэгчид блоклон нураах аргаар эрдэс баялаг олборлож байна.

Тэгвэл дэлхийн хамгийн орчин үеийн, дэвшилтэт энэ аргыг Монгол Улсад нэвтрүүлэхээр Оюу толгойн хамт олон зүтгэж байна.  Блоклон олборлох нь бусад аргуудтай харьцуулахад бүтээн байгуулалтын дараах зардал бага, бүтээмж өндөр, эрсдэлийн түвшин доогуур. Тиймээс энэ технологи нь Оюу толгойн бүлэг орд шиг газрын гүнд, аварга том хэмжээтэй, харьцангуй бага, дунд металлын агуулгатай хүдрийн биетийг олборлоход тохиромжтой аж.

ШУТИС-ийн ахлах багш Ж.Ижилмаагийн хэлснээр нь блоклон нураах арга нь суурь судалгаа маш сайн хийхийг шаарддаг учраас тоотой хэдэн уул уурхайн компани олборлолт хийдэг. Дэлхий дахинд 100-аад жилийн өмнөөс судалж эхэлсэн энэ аргыг одоогоор ердөө 30 орчим уурхай ашиглаж буй бөгөөд дийлэнх зэсийн орд аж. Монголын Оюу толгойгоос гадна Чили улсын Коделко компанийн  Эл Тэниентэ зэсийн уурхай, АНУ-ын Колорадо муж дахь Фрийпорт компанийн Хендерсон молибдены уурхай, Өмнөд Африк дахь Петро Даймондс компанийн очир-эрдэнийн Калинан зэрэг уурхайд ашигладаг байна.

Блокоор буюу массаар нураах аргыг энгийнээр тайлбарлавал хүдрийн биетийг доороос нь нурааж, уулын даралтын хүч буюу газрын татах хүчийг ашиглан олборлоно гэсэн үг. Тэр утгаар олборлолтын бусад аргуудтай харьцуулахад өрөмдлөг тэсэлгээний ажил харьцангуй бага шаарддаг.  

Хүдрийн биетийг нураахын тулд эхлээд доогуур нь хөндлөн малталт хийдэг байна. Үүнийг “улаар таслах”, “огтлох малталт хийх”, “огтолгоо хийх” гэхчлэн мэргэжлийнхэн нэрлэдэг бөгөөд хүдрийн биет нь огтолгооны түвшин дэх тэсэлгээгээр хөдөлгөөнд орж, нурж эхэлдэг аж. Нурсан хүдрийг хүдэр утгах цэгээс хүнд даацын машин ашиглан хүдэр буулгуурт хүргэж, улмаар бутлуурт дамжуулан аваачдаг. Хүдэр утгах цэгээс хүдрийг авах тусам дээр нь байгаа хүдэр сулран урсаж ирдэг. Ингэж хүдрийн урсгал нь уулын даралт дор тасралтгүй үргэлжилдэг аж. Эс-Ар-Кэй Консалтинг (SRK Consulting) компанийн зөвлөх Саймон Ханрахан нураан олборлох уурхай байгуулж, ажиллуулах нь урт удаан үйл явц бөгөөд анхааралтай удирдах шаардлагатай хэмээн сануулж байна.

Энэ чиглэлээр гадаад, дотоодын мэргэжилтнүүдийг оролцуулсан “Гүний уурхайн блоклон нураах технологи, арга туршлага” симпозиумыг Рио Тинто групп, Оюу толгой компаниас зохион байгууллаа. Цар тахлын улмаас мэдлэг туршлага солилцох боломж хомс болсон энэ үед уул уурхайн салбарын амин чухал асуудлаар салбарынхан чуулсан нь үр дүнтэй бөгөөд өгөөжтэй байсныг оролцогчид хэлж байлаа. Энэ сарын 12, 13-нд болсон уг цахим симпозиумын үеэр гүний уурхайн олборлолтод тулгардаг олон нарийн асуудал, боломж, сорилтын талаар салбарынхан ярилцаж, мэдлэг, туршлага солилцжээ.

Энэ үеэр хөндөгдсөн гол байр сууриудыг хүргэж байна.

Рио Тинто группийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.БОЛД

Цар тахал нь дэлхийн улс орнуудыг илүү бүтээлчээр, илүү шинэлгээр хандахыг  шаардаж байгааг та бид өдөр тутмын амьдралаасаа ухаарч, ойлгож байгаа билээ. Дэлхийн хүн ам өсөж, улс орнууд хөгжихийн хэрээр дэлхий дахинд зэсийн хэрэглээ нэмэгдэж, цаашид сэргээгдэх эрчим хүч, цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй машин, хотжилт, эрүүл мэндийн салбарын өсөлттэй уялдан зэсийн хэрэгцээ тасралтгүй өсөх хандлагатай төдийгүй цар тахалтай холбогдуулан зэсийн шинэ эрин үе эхэлж байгаа гэж судлаачид үзэж байна.  Үүнтэй уялдан зэсийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хэрхэн гаргах, томоохон ордуудыг нээн илрүүлж, амжилттай хөгжүүлэх зэрэг томоохон асуудлууд уул уурхайн салбарын өмнө урган гарч байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам энэ онд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Эдгээр хуулийн төсөлд чухал ач холбогдол бүхий ашигт малтмалыг хайх, олборлох, боловсруулах, тухайн ашигт малтмалд хөрөнгө оруулалт татах цогц зохицуулалтыг тусгахаар ажиллаж байна. Дэлхий даяар газрын гадаргад ойр ашигт малтмалын нөөц орд газрууд илрэх нь ховордож, уул уурхайн салбарт далд уурхайн хувь, гүйцэтгэж үүрэг нэмэгдэж байгаа бөгөөд манай улсад ч далд уурхайн хэмжээ, ялангуяа, чухал ач холбогдол бүхий ордуудын хэмжээ нэмэгдэхээр байна.

ШУТИС-ийн ректор, доктор профессор Б.ОЧИРБАТ

Монгол орны  аж үйлдвэрийн салбарт, тэр тусмаа уул уурхайн салбарт олон улсад өрсөлдөх чадвартай нарийн мэргэжлийн инженерүүдийг бэлтгэх, уул уурхайн судалгааг хөгжүүлэхэд зориулж Рио Тинто, Оюу толгой компаниас 2.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа нь манай улсын боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт төдийгүй их сургууль, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны хамгийн сайн жишээ болж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд Монголд төдийгүй олон улсын уул уурхайн салбарт ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ сургалт, судалгааны төвтэй болж байгаа нь бидэнд давуу тал олгож байна.

ОЮУ ТОЛГОЙГ ДАГАН ОЮУНЛАГ ТОЛГОЙ Ч БЭЛТГЭГДЭЖ БАЙНА

Рио Тинто, Оюу толгой компани олон улсын хамгийн шилдэг технологи, ноу-хауг Монгол Улсад нутагшуулаад зогсохгүй уул уурхайн амин сүнс болсон геотехникийн мэргэжилтний чадамжийг дээшлүүлж, салбарын ирээдүйг бэлтгэхэд хөрөнгө оруулалт хийж байна. Рио Тинто, Оюу толгой компани ШУТИС-тай хамтран 2.75 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий төсөл хэрэгжүүлж байгаа аж. Энэ нь боловсролын салбарт хувийн хэвшлээс оруулсан томоохон хэмжээний хөрөнгө оруулалтад тооцогдож байна.

Хамтын ажиллагааны хүрээнд бакалавр болон магистрын түвшинд олон улсад ажиллах чадвартай геотехникийн инженерийг бэлтгэж байгаа бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилээс анхны элсэгч 25 оюутан одоо амжилттай суралцаж байна. Түүнчлэн 2025 он хүртэл хэрэгжих хамтын ажиллагааны хүрээнд Азидаа өрсөлдөхүйц хэмжээний гүний уурхайн олборлолтын сургалт судалгааны төв байгуулах ажил ч эхлээд байна.

Ийнхүү дэлхийн уул уурхайн салбарын хамгийн шилэгдмэл аргаар Оюу толгойн уурхайд олборлолт хийж, Монгол Улсад дэлхийн дэвшилтэт технологийг нутагшуулахаар Оюу толгой, Рио Тинто группийн хамт олон зүтгэж байна. Оюу толгойн далд уурхайг ашиглалтад оруулснаар манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдыг түргэсгээд зогсохгүй дэлхийд эн тэнцүү өрсөлдөх хэмжээний хүмүүн капиталыг Монгол Улсад төрүүлэх суурь тавигдаж байна.

Оюу толгой компани Монгол Улсад олон улсын стандартыг нутагшуулж, дэлхийн хамгийн дэвшилтэт техник технологийг авчраад зогсохгүй олон олон монгол хүнийг олон улсын тавцанд ажиллах чадварлаг мэргэжилтэн болгон бэлтгэж байгаа. Оюу толгойн бэлтгэсэн чадварлаг мэргэжилтнүүд, Оюу толгойн авчирсан дэвшилтэт ноу-хау, мэдлэг туршлага энэ зууны турш Монголын уул уурхайн өнгийг тодорхойлж, дэлхийд өрсөлдөх түлхүүр болох нь дамжиггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж