Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia 2021 он гарснаас хойш нийт 60 орчим мянган иргэний санал, гомдол, шүүмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн байна.
Е-Mongolia системд лавлагаа, үйлчилгээтэй холбоотой 21 367, системд нэвтрэх, бүртгэлтэй холбоотой 11508, аж ахуйн нэгж тоон гарын үсгээр нэвтрэхтэй холбоотой 2002, бусад үйлчилгээтэй холбоотой дуудлага 6000 орчим байна. Мөн олон шатлалт үйлчилгээ дунд гадаад паспорттой холбоотой 3363, иргэний үнэмлэхтэй холбоотой 2588, жолооны үнэмлэхтэй холбоотой 1815 дуудлага хүлээн авчээ.
Үүний зэрэгцээ, тус системийн ашиглалттай холбоотой иргэдийн санал, гомдол, шүүмжлэлд үндэслэн e-Mongolia системд пин кодоор нэвтрэх шийдэл бий болгов. Иргэд e-Mongolia системд нэвтэрч орсны дараагаар пин кодоо үүсгэн, цаашид үүсгэсэн пин кодоороо хялбар нэвтрэх боломжтой юм. Мөн танилт, нэвтрэлт, үйлчилгээ авах шийдлийг илүү хялбар, ойлгомжтой болгох технологийн шийдлийг нэвтрүүлж буй бөгөөд тун удахгүй энэхүү шийдлээ танилцуулах ажээ.
Өнөөдрийн байдлаар e-Mongolia системд нийт 4 сая орчим үйлчилгээний хүсэлт хүлээн авснаас 3.5 сая гаруй үйлчилгээг иргэдэд амжилттай үзүүлсэн байна.
Тус системээс төрийн 56 байгууллагын 539 үйлчилгээг авах боломжтой. Мөн санал, шүүмжлэл, гомдлоо хэрхэн шийдвэрлүүлэхээ мэдэхгүй иргэд 11-11 дугаарт залган 1 гэсэн товчийг даран холбогдох, эсхүл https://www.facebook.com/emongolia фейсбүүк хуудсанд хандах боломжтой аж.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ