Их хотын гудамж талбайд хүнсний ногоо, ахуйн хэрэглэл, орос бараа, чихэр жимс зарах жижиглэнгийн худалдаачин олон. Тэр дундаа “Бөмбөгөр” худалдааны төв, “Баянзүрх зах”, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн ойролцоо түм бужигнасан задгай талбайд наймаа эрхлэгчид дүүргийн хэсгийн цагдаа, мэргэжлийн хяналтынхан, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалагчидтай "тулах" нь олон. Хөөж, туухаас эхлээд барааг нь хурааж авах, торгох зэргээр төрийн нэрээр тэднийг дарамтлагчид ч цөөнгүй.
Зөрчлийн хуулиар 10-50 нэгжээр торгуулаад бараатайгаа үлдэж байвал их юм гэж тэд ярих.
Эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэж гудамжинд бараа зарахыг хориглодог. Хууль хяналтын байгууллага, мэргэжлийн хяналт, хотын захиргаа нь дүрэм журам биелүүлж байна гэж иргэдээ дарамтална. Гэтэл эрх мэдэлтнүүд олон жил гудамжны худалдааг төвлөрсөн өргөтгөлтэй болгох тухай, задгай талбайд биш, зах худалдааны төв дотор хямд түрээсээр оруулах, иргэд болоод худалдаа эрхлэгчдийн аль алиных нь эрхийг хүндэтгэнэ гэж амлалт өгсөөр ирсэн. Ил задгай талбайд худалдаа эрхэлж буй иргэд энэ амлалтын хариуг хэнээс нэхэхээ мэдэхгүй байна.
ТОРГУУЛЬ ТӨЛӨӨД ЗОГСВОЛ ИХ ЮМ, БАРААГАА Ч ХУРААЛГАХ НЬ БИЙ
ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ Г.ЭРДЭНЭБАТ:
-Би “Баянзүрх зах”-ын гадна талбайд ногоо зардаг. Ургац хураалтын үеэр шинэ ногоогоо хямд үнээр хүмүүст худалдаалах гээд зогсож байна. Хүмүүсийн худалдан авалт харьцангуй сайжирсан. Covid-19 хорионоос болоод долдугаар сар хүртэл ногоо үнэтэй байсан. Харин одоо луувангаас бусад ногоо хямдарсан. Бид өдөрт тийм ч их ашиг олдоггүй. Хүнсний ногоог тээвэрлэж, худалдаалах явцад муудах зэрэг олон асуудал гардаг. Дээрээс нь талбайн түрээсийн мөнгө тодорхой хэмжээнд төлнө, цагдаа нарын аяыг харна гэдэг их хэцүү. Иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна. Өглөө ирээд ногоогоо өрж тавьсны дараа цагдаа нар ирээд хураа гэнэ. Тэгээд тэр өдрийнхөө торгуулийг төлчихөөд, яаж ийж байгаад орой хүртэл ажиллахыг боддог. Өнгөрсөн жилүүдэд торгууль төлсөн ч бараагаа хураалгадаг байсан. Харин энэ жил торгуулиа төлчихөөд, өдөр дуустал зогсоод байгаа.
ЦАГДАА НАРТ ХӨӨГДӨХ НЬ БАРАГ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ БОЛСОН
ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ Д.ЛХАМСҮРЭН:
-Цагдаа нар гадаа худалдаа эрхэлж байгаа хүмүүсийг хөөх, торгох асуудал үргэлж гардаг. Миний хувьд 27 жил гадаа талбайд худалдаа хийж байна. Энэ хугацаанд олон зүйл үзэж туулсан. Нөхцөл байдлаа хэлээд, хажуу хавийнхаа наймаа эрхэлж байгаа хүмүүсээс мөнгө зээлээд, торгууль төлөх өдөр ч байна. Ямар ч орлогогүй өдөр байсан ч бид гүрийгээд суудаг. Хамгийн багадаа 10 мянган төгрөгөөр торгоно. Төлөхгүй гэвэл барааг чинь хураана, яг одоо яв гээд хөөнө. Заримдаа ч муур, хулгана болж тоглож байгаа юм шиг санагддаг. Захын баруун талд сууж байгаад хөөгдөөд, хэдэн цагийн дараа урд талд нь гараад сууна. Удалгүй дахиад л хөөгдөнө. Яг ямар шийдвэр, захирамж байна вэ гэхээр Зөрчлийн хууль, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болохоор ингэж гадаа худалдаа эрхлүүлэхгүй гэдэг. Үнэндээ эргэлдүүлэх хөрөнгө санхүү байхгүй надад амьдралаа залгуулахын тулд хийх өөр ажил олдохгүй шүү дээ.
ГАДААДАД ГУДАМЖНЫ ХУДАЛДААГ ДЭМЖДЭГ БАЙТАЛ МОНГОЛД ДАРАМТАЛДАГ
ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ Л.МӨНХ-ЭРДЭНЭ:
-Цагдаа нар ирээд дотогш орж, лангуу түрээслээд суу, эсвэл бараагаа хураагаад битгий зар гэх мэтчилэн олон янзаар хэлдэг. Түрээс төлөөд сууя гэсэн ч талбай олддоггүй. Булангийн хэн ч очихгүй лангуун дээр сууж байхаар гудамжинд сууж зарсан нь хамаагүй дээр. Гадаадад гудамжны худалдааг дэмждэг байтал Монголд харин ч эсрэгээрээ. Авах, авахгүй нь хувь хүний сонголт. Гаднаас шороо тоостой холилдсон юм авахгүй гэдэг хүн байхад хямд, ялгаагүй юм чинь авна гэдэг хүмүүс ч бий. Хэрэглэгч байгаа болохоор бид энд зогсож, бараа зарж байна. Хэлдэг, ярьдаг газарт нь хандсан ч тоох хүн байдаггүй. Бараа хураан авч, улсын орлого болгоод, хэнд ямар ашигтай гэж. Ядарсан иргэдийг дарамталж, торгож байвал санаа нь амардаг байх. Бид амьдрах гээд л зүтгэж байна.
ТЭТГЭМЖИЙН МӨНГӨӨ ЭРГЭЛДҮҮЛЖ, БӨӨНДӨЖ АВСАН ОЙМСЫГ МААНЬ ХУРААЖ АВНА ГЭЖ СҮРДҮҮЛДЭГ
ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ Ц.ДЭНСМАА:
-Нөхөр бид хоёр группэд байдаг. Дөрвөн хүүхэдтэй. Гэр бүлээ тэжээхийн тулд хөдлөхөөс өөр аргагүй. Ямар сайндаа группийн мөнгөө эргэлдүүлж, оймс бөөндөж аваад түрээс төлөхгүй гээд гадаа талбайд зогсоно. Тэгэхээр цагдаа нар, нийгмийн халамжийн хүмүүс, мэргэжлийн хяналт гээд олон хүн ирж байцаана. Хөөх, торгох асуудал байнга гардаг. Цагдаа нар "Оймсыг чинь хурааж, улсын орлого болгоно" гэх вэ дээ. Самар, жимс, ногоог бодвол уг нь оймс юм чинь зарахыг зөвшөөрч болохоор санагддаг ч зөвшөөрдөггүй. Би Хятадаас оймс захиалж чадахгүй учраас дотоодоос бөөндөж авдаг. Сүүлд хил гаалийн асуудлаас болж бөөндөж авдаг оймсны үнэ нэмэгдэж, 1100 төгрөг болсон. Чанаргүй, муу материалыг хүмүүс андахгүй. Тиймээс материал сайтай оймс аваад 400-500 төгрөг нэмж зардаг. Зах дотор энэ оймсыг 2500-3000 төгрөгөөр зардаг. Мэдээж түрээсийн төлбөр бусад зардал нь нэмэгдэнэ. Гадаа зарахаар хүмүүст ч, бидэнд ч амар байдаг. Гэтэл заавал торгоно, хураана гэж сүрдүүлэхээ болиосой л гэж хүсч байна.
СҮҮ, ТАРГАА АВААД, УНААНД ДАЙГДАЖ ИРЭЭД, ХӨӨГДӨХ ҮЕ ОЛОН ГАРДАГ
ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ Ц.БАЗАРСАД:
-Гадаа талбайд юм зарж байгаа хүмүүс тогтмол орлогогүй учраас талбай түрээслэнэ гэдэг хэцүү. Би 10 хүүхэдтэй малчин хүн. Цагаан идээгээ борлуулж, хоногийн хүнс, хэрэгтэй зүйлсээ худалдаж авдаг. Шарга морьтоос өглөө гараад, Шадивлангаас сүү, таргаа авч захын ойролцоо ирээд, сүүдэр бараадаж суугаад зарна. Хүмүүс амталж үзээд хольцгүй, зах дотор зарж байгаа цагаан идээнээс хямд учир сайн авдаг. Гэхдээ хувийн унаагаар явдаггүй учраас дааж чадах багахан хэмжээгээр л авчирна. Цагдаа нар хөөж, торгоно гэдэг. Тэгж хэлээд болохгүй бол явахаас өөр сонголтгүй. Төр засаг иргэдээ дэмжиж, худалдаа эрхэлж байгаа хүмүүсийг харж үзээсэй л гэж боддог. Сүү, таргаа авч ирчихээд хөөгдөх үе олон гарна. Худалдаа эрхэлж байгаа хүмүүст зовлон их.
Худалдаа эрхлэгчид айлган сүрдүүлэлт, дарамт дунд хөдөлмөрлөж байхад эрх бүхий албан тушаалын хүмүүс нь зохицуулалт хийнэ, чиглэл өгсөн, үүрэг болголоо гэдгээс өөр тайлбар өгдөггүй. Эрүүл ахуй, стандартын зохицуулалт хийхээр бол нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүйгээр амжилтад хүрэхгүйг ч тэд хэлж байлаа. Ил задгай талбайд худалдаа хийж буй хүмүүс зөрчигдсөн эрх, төлсөн торгуулийн үр дүнг хайгаад олдоггүй аж. Тэгвэл мэргэжлийн байгууллагынхан энэ асуудал дээр хэрхэн анхаарч байгааг тодрууллаа.
НМХГ: УЛСЫН БАЙЦААГЧ ИЛ ЗАДГАЙ ХУДАЛДААНД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХ ХУУЛЬТАЙ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ асуудлыг тодруулахад "Ил задгай худалдаа эрхлэх явдлыг Эрүүл ахуйн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар зохицуулдаг. Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн 6.8, 6.10 дугаар зүйлд зааснаар цагдаагийн байгууллага болон Мэргэжлийн хяналтын улсын байцаагч ил задгай худалдаанд хяналт тавьж ажиллана гэж заасан байдаг. Энэ дагуу мэргэжлийн хяналтын газраас цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт явуулдаг. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй, ил задгай худалдаа эрхэлж болохгүй гэдэг шаардлага тавьж ажилладаг ч төдийлөн үр дүнтэй болж чаддаггүй. Зөрчлийн тухай хуульд "Зөвшөөрөлгүй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан газруудад торгууль, шийдвэрийн арга хэмжээ авна" гэж заасан боловч Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын дагуу эрхзүйн хувьд бүрэн зохицуулах боломжгүй байгаа юм. Худалдаа эрхлэхийг нь зөвшөөрөх, эс зөвшөөрөх талаар эрх зүйн зохицуулалт хомс байдгаас торгоод л өнгөрдөг. Иймд ил задгай худалдаа эрхлэгчдийн асуудал шийдэгдэхгүй, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилсээр байна. Ил задгай худалдаагаар хүнсний бүтээгдэхүүн борлуулах хориотой. Гэсэн ч жимс, хүнсний ногоо, самар гэх мэт зүйлсийг эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд зарсаар байна. Тиймээс иргэд ч мөн юуг, хаанаас авч байгаа тал дээрээ онцгой анхаарах хэрэгтэй" гэсэн юм.
ЦАГДАА: ДАРГА НАРЫН ГАРГАСАН ЗАХИРАМЖИЙГ Л БИЕЛҮҮЛДЭГ
Энэ талаар цагдаагийн ажилтнаас тодруулахад "Алба хаагчид хуулийн дагуу мэргэжлийн хяналт болон нийслэлээс гаргасан захирамж, удирдамжийн дагуу л үйл ажиллагаа явуулдаг. Хуулийн хүрээнд зохих шаардлага тавьж, арга хэмжээ авч ажилладаг" гэсэн юм. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Хотын захирагчийн алба хүнсний ногооны тариаланч болон ил задгай талбайд худалдаа эрхэлж буй иргэдээ дэмжиж ажиллана гэх "поп" амлалт өгдөг. Гэвч хариуцлага хүлээх, цаашид ямар зохицуулалт хийх талаар тодруулахад хариулах нэг ч хүн олдохгүй байна. Ил задгай худалдаа эрхлэгчид "Стандарт шаардлага, ариун цэврийг хангаж ажиллахад бэлэн" гэсэн юм. Тэр ч бүү хэл торгуулийн оронд тодорхой хэмжээний түрээс төлөөд, худалдаа эрхлэх талбай гаргаж өгвөл наймаачид харин ч баярлахаа илэрхийлж байлаа.
"Задгай талбайн замбараагүй худалдаа эрхлэгч" гэж нэрлэгддэг эдгээр хүмүүс амьдрахын төлөө ингэж байгааг төр засаг ойлгох хэрэгтэй. Халамжаар иргэдээ угжиж байхаар ажил хийж, амьжиргаа залгуулах боломжийг нь бүрдүүлээд өгчихөд төсөвт ч, эдийн засагт ч нэмэртэй юм даа.
Гэрэл зургийг Г.ЭНХЖИН
Холбоотой мэдээ