Эрэлттэй ажилтан уу, илүүдсэн мэргэжилтэн үү!

Хуучирсан мэдээ: 2021.08.17-нд нийтлэгдсэн

Эрэлттэй ажилтан уу, илүүдсэн мэргэжилтэн үү!

Эрэлттэй ажилтан уу, илүүдсэн мэргэжилтэн үү!

Энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгсч байгаа 40 мянган сурагчийн хувьд тун ч завгүй, маш чухал үе ирлээ. Учир нь элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар зарлагдсан. Тиймээс  төгсөгчдийн дунд ямар сургуульд, ямар мэргэжлээр элсэх вэ гэх асуудал “толгойны өвчин” болж буй. Их, дээд сургууль төгссөн арван хүүхэд тутмын ердөө гурав нь төгсөөд шууд ажилд ордог бол бусад долоо нь ямар нэгэн байдлаар мэргэжлийн бус ажил хийдэг гэсэн судалгаа бий.

Учир нь залуус уул уурхайн ашиглалтын технологи, барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, механик инженер зэрэг эрэлттэй мэргэжлээс илүүтэй өнөөх л эдийн засагч, хууль эрхзүйгээр сонгон суралцсаар л. Зарим төрийн бус байгууллагаас гаргасан судалгаагаар ирэх арван жилд эдийн засагч, хуульчаар боловсон хүчин бэлтгэхгүй байхад хүрэлцэх хэмжээний мэргэжилтэн байгааг хэлж буй юм.

Хөдөлмөрийн зах зээлд илүүдсэн, эрэлтгүй мэргэжил эзэмшдэгээс их, дээд сургууль төгссөн хойноо дэлгүүрийн худалдагч, таксины жолооч хийж, амьдралаа залгуулж буй залуус Монголд олон.

Их, дээд сургуульд төлсөн төлбөрийг нь бодохоор хайран. Доод тал нь 15 сая, дээд тал нь 30 гаруй сая төгрөг зарцуулсан байдаг. Ах, эгч нар нь их, дээд сургуульд суралцаад, мэргэжлээрээ ажиллаж чадаагүй байхад л эцэг эхчүүд хашрахгүй, “Отгоныгоо яаж ийгээд сургана” гээд гүрийнэ. Орон сууц, хашаа байшингаа түрээслэж, мал хуйгаа зарж, зарим нь цалингийн зээл авч сургана. Эмээ, өвөө нь тэтгэврийн зээл авч ач, зээгээ сургах тохиолдол ч бишгүй. Тиймээс л залуус эрэлттэй мэргэжлээр суралцах нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжихгүй байх нэг арга гэхэд буруудахгүй.

Монгол Улс 100 гаруй их, дээд сургуультай. Жилдээ 35 мянга гаруй оюутан төгсч, энэ тооны диплом үйлдвэрлэж байна. Гэтэл тэдний ихэнх нь мэргэжлээрээ ажиллахгүй дипломтой ажилгүйчүүдийн тоог ахиулдаг. Сайн юм саарахад муу юм гаарна гэгчээр эцэстээ дипломтой цэвэрлэгч авна гэх ажлын зар хөвөрдөг болоод удаж байна.

2018 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн 4000 гаруй төгсөгчийн дунд хийсэн судалгаанд дурдсанаар ажил хийж буй төгсөгчдийн 30.4 хувь нь эзэмшсэн мэргэжлийнхээ үр ашгийг мэдэрч чадалгүй өөр салбарт зүтгэж байгаа аж. Харин 10 орчим хувь нь боловсролынхоо түвшнээс доогуур ур чадвар шаарддаг худалдагч, зөөгч, бармен, үйлчлэгч зэрэг ажил хийж буйг дээрх судалгаанаас харж болно.

Ажилгүй буй төгсөгчдийн 54.1 хувь нь ажил хайгаад олдохгүй, 25.5 хувь нь мэргэжилд нь тохирох ажил олдохгүй байгааг дурджээ. Мөн 5.3 хувь нь цалин бага, 4.9 хувь нь ажил олгогчийн тавьсан шаардлагад нийцэхгүй байгаа учраас хөдөлмөр эрхлээгүй гэсэн хариулт өгсөн байна. Үүнээс үзвэл дипломтой боллоо ч ажилтай, орлоготой болох баталгаа Монголд алга.

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгссөн сурагчдын 80 хувь нь шахам дээд боловсрол эзэмшихээр элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг. Дийлэнх нь тус шалгалтад тэнцсэнээр их, дээд сургуульд элсэх боломж нь нээгдэнэ. Тиймээс дунд сургуулиа төгсөх гэж байгаа сурагчиддаа цаг нь болохоор бус цагаасаа эрт судалгаа хийж, ямар мэргэжил сонговол ирээдүйн амьдралаа баталгаатай болгох вэ гэдэг дээр онцгойлон анхаарч, хариуцлагатай сонголт хийх шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Иймээс сурагчид аль мэргэжлээр суралцах вэ гэдэг сонголтоо хийхийн өмнө “Миний эзэмших мэргэжил эрэлттэй юү” хэмээн нягтлах шаардлага тулгарч байна.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж