Талибан бүлэглэл өнгөрсөн Ням гаригийн орой Кабул хотод нэвтэрч, засгийн газрын ордныг эзэлсэн. Мөн ерөнхийлөгч Ашраф Гани хилийн чанад руу дүрвэсэн нь иргэдийг цочирдуулсан мэдээ байв. Ийнхүү үүсч болзошгүй хөл үймээнээс сэргийлэн оройн 21.00 цагаас тус хотод хөл хорио тогтоогоод байсан ч Даваа гаригийн өглөө буун дуу гарснаар иргэдийг улам их түгшээв. Гэвч АНУ-ын цэргүүд хүмүүсийг тараахын тулд гал нээсэн нь сүүлд тодорхой болсон юм.
Мянга мянган Афган иргэн Кабул хотоос таван километрийн зайд орших “Хамид Карзай” нисэх онгоцны буудал руу бөөн бөөнөөрөө иржээ. Тэд онгоцны буудлын цардмал зам дээр ирмэгцээ гадаадын Элчин сайдын яамны ажилтнуудад зориулан үйлдэх гэж байсан нислэгүүдэд багтах гэж зүтгэцгээв. Гадаадын Элчин сайдын яамны ажилтнууд нисэх онгоцны буудал дээр АНУ-ын цэргүүдээр хамгаалуулан нисдэг тэргээр ирсэн байв.
Мөн АНУ, Их Британи, Герман, Канад болон бусад эвслийн орнууд өөрсдийн иргэдээ тус улсаас нүүлгэн шилжүүлэх гэж эрмэлзэж байсан юм. Гэвч олон мянган Афган иргэн, тэр дундаа хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд нислэгийн зурваст байх нисэх онгоц руу зүтгэж “Афган хүмүүсийг ч гэсэн бодооч дээ” хэмээн хашгиралдаж байжээ. Энэ нөхцөл байдлыг буулгасан олон бичлэг интернет орчинд цацагдсан юм. Афган хүмүүс гадаад элчингийн онгоцноос зүүгдэж бөөнөөрөө шоргоолж мэт авирч байсан нь түүхэнд ховорхон үзэгдэх мөч байв.
Холбоотой мэдээ