Энэтхэг улс Их Британиас тусгаар тогтнолоо олж авсны баярын өдрийг жил бүр наймдугаар сарын 15-ны өдөр тэмдэглэдэг. Энэ удаагийн 74 жилийн ойн баяр Covid-19-ийн хүнд нөхцөл байдал болон Олимпийн наадмын шагналын хуртай давхцаж буйгаараа онцлог байв. Ойн баярын арга хэмжээний үеэр тус улсын ерөнхий сайд Нарендра Моди цар тахалтай тэмцэх ажилд чухал үүрэг гүйцэтгэж буй эмч эмнэлэгийн ажилтнуудад талархал дэвшүүлэхийн ялдамд аюулт өвчнөөр өөд болсон иргэддээ хүндэтгэл үзүүлэв.
Тус улсад дөрөв, тавдугаар сард дэгдсэн Covid-19-ийн хоёр дахь давалгаа ард иргэдэд ихээхэн хүнд тусч, эмнэлэгийн ажилтнуудыг багагүй туйлдуулсан юм. Тухайн үед эмнэлэгүүдэд орны хүрэлцээ хангалтгүй, хүчилтөрөгчийн аппарат дутагдалтай байсны улмаас олон өвчтөн амьсгал дутлын улмаас нас барсан. Үүний улмаас аргаа барсан ар гэрийнхэн нь сошиал орчинд ард түмнээсээ хандив тусламж гуйж байжээ. Үүгээр зогсохгүй цогцос чандарлах газрууд хүрэлцэхгүй болсон байна.
Covid-19-ийн тохиолдол тухайн үед хоногт 400 мянга гаруй бүртгэгдэж байсан бол өнөөдрийн хувьд 30-40 мянга орчим болж байдал харьцангуй тогтворжсон юм. Гэвч хүн амын дархлаа суларсан энэ үед гурав дахь давалгаа үүсэх эрсдэл ойрхон байгааг мэргэжилтнүүд сануулж буй. Нарендра Моди Дели хотын “Red Fort” цогцолбороос тус улсын 500 сая орчим хүн эхний тундаа хамрагдсан болохыг мэдэгдсэн юм. Мөн нийт хүн амын 12 хувь вакцины бүрэн тунгаа хийлгэжээ.
Энэтхэг улс энэ оны сүүлээр насанд хүрсэн нийт хүн амаа бүрэн вакцинжуулах зорилт тавьж байгаа юм. Гэвч вакцины нийлүүлэлт хангалтгүй байгаагийн зэрэгцээ ард иргэдийн дунд вакцинтай холбоотой эргэлзээ байгаа нь вакцинжуулалтыг удаашруулж байгаа аж. Covid-19-ийн нөхцөл байдлаас гадна Нарендра Моди “Токио 2020” олимпийн наадамд үзүүлсэн тамирчдынхаа түүхэн амжилтыг мөн онцолсон юм. Тодруулбал, тус улс “Токио 2020”-оос нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл хүртсэн нь түүхэндээ хамгийн их медаль авсан олимп болжээ.
Мөн Нарендра Моди ойн баярын индрээс улсынхаа эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвийг онцлон ярив. Тэрбээр ирэх жилүүдэд үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлж, өрх гэрийн аж ахуй, шинэ нээлтүүдийг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн юм. Түүнчлэн засгийн газар 13.5 сая ам.долларыг дэд бүтцэд төсөвлөж хот тосгодын бүтээн байгуулалтад зориулна гэжээ. Гэвч Нарендра Модигийн амлалт цар тахлын улмаас уналтад ороод байгаа эдийн засгийн одоогийн нөхцөл байдалтай харьцуулахад итгэхэд бэрх сонсогдож байгаа юм. Тус улсад цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа уналтад орж, дотоодын нийт бүтээгдэхүүн 7.3 хувиар буурч, инфляци өсөн, ажилгүйдэл нэмэгдээд буй.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ