Турк улсад ойн хээрийн түймрийг унтраах ажиллагаанд дайчлагдсан Оросын тав, Туркийн гурван ажилтан Адана хотын уулархаг бүс нутагт онгоцтойгоо явж байгаад осолдсон талаар Оросын Батлан хамгаалахын яамнаас өнгөрсөн Бямба гаригт мэдээлэв. Оросын "Бериев Бе-200" загварын нисэх онгоцыг жолоодож явсан тус анги түймрийн бүсэд усаа асгаж дууссаны дараа газардах гэж байгаад ийн осолдсон байна. Ослоор багийн бүх гишүүн амь үрэгджээ.
Турк улс өнгөрсөн 16 хоногийн хугацаанд 300 орчим ой хээрийн түймрийг унтраасан бөгөөд галын гамшгийн улмаас найман хүн амиа алдаж, хэдэн мянган хүн орон гэрээсээ дүрвэсэн юм.
Осол гарсан Кахраманмараш мужийн амбан захирагч Омер Фарук Коскуны хэлснээр ой модонд аянга буусны улмаас хээрийн түймэр эхэлсэн байна. Тэрбээр "Бид түймрийн бүс рүү онгоцны багаа илгээсний дараахан хэсэг хугацаанд холбоо тасарсан. Үүний дараа бид осол гарсныг олж мэдэн аврах багийнхныг илгээсэн” гэжээ.
Дашрамд дурдахад, “Бе-200” нь ойн түймэртэй тэмцэх ажиллагаанд Орос болон бусад улс оронд ашигладаг хамгийн сүүлийн үеийн хоёр хөдөлгүүрт гал унтраах онгоц юм. Тодруулбал, нэг удаагийн даалгавар гүйцэтгэхдээ тэнгисээс 270 тонн хүртэлх ус татаж галын бүсэд унагаах хүчин чадалтай аж. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Бе-200” онгоцны ослоор амь үрэгдсэн Оросын таван цэргийн албан хаагчийг эр зоригийн одонгоор шагнах зарлигт гарын үсэг зурсан болохыг Кремлийн хэвлэлийн албанаас Ням гаригт мэдээлжээ.
Эх сурвалж: The Guardian, Tass
Холбоотой мэдээ