Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2021.08.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.ЗОРИГТБААТАР:
-Энэ он гарсаар эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 76 гэмт хэрэгт 143 хүнийг холбогдуулан шалгаж байна. 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр Өмнөд Африкийн улсаас 989.2 гр буюу их хэмжээний метафитамин “мөс” гэх нэршилтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлэн, шалгаж байна.
Дээрх хэрэгт Б, Э нарыг холбогдуулан шалгаж байна. Э-д таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тухайн этгээд нь шалгалтын явцад урд өмнө Хонконгт хар тамхи мансууруулах бодисыг зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн ял эдэлж, Монгол Улсад 2020 онд орж ирээд дээрх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Хар тамхитай тэмцэх газраас гадаад улсын интерпол болон хар тамхитай тэмцэх байгууллагуудтай мэдээлэл солилцож Монгол Улс руу гадаадаас нэвтрүүлсэн этгээдийг олж тогтоохоор ажиллаж байна. Энэхүү гэмт хэрэгт ЭХ-ийн 20.7.3-т заасны дагуу 5-12 жилийн хорих ялаар шийтгэдэг.
ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.БААТАРХҮҮ:
-Хар тамхитай холбоотой хэрэгт хэвлэлээр дээрх хэрэгт холбогдсон этгээд эмч байсан гэх мэдээлэл гарсан. Хоёрдугаарт, их хэмжээний хар тамхи оруулж ирсэн захиалагчийг цагдаагийн байгууллага гараагүй байна гэдэг мэдээлэл гарсан. Үүнд тайлбар хийхэд гол захиалагчийг баривчилсан. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг хүргүүлсэн. Одоогоор хойшлуулшгүйгээр саатуулсан байна. Дээрх этгээд нь 2010 онд Хонконгт хар тамхины хэргээр 10 жилийн хорих ял эдлээд Монгол Улсад ирсэн. Уг хар тамхийг Монгол Улс руу захиалсан хүлээн авагч байж болзошгүй хүмүүсийг шалгаж байгаа. Мансууруулах бодисын үнийн дүнг хэлэх боломгүй. Шинжээчийн дүгнэлтээр тодорхой болно.
Нийтийн хэв журмын олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.БУЛГАНТАМИР:
-Цахим орчинд цагдаа нар ногоочдыг ногоо заруулахгүй байна гэсэн ташаа мэдээлэл гарсан. Энэ хүрээнд Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Төмөр зам дах 1000 машины зогсоолд ногоо худалдаалах зөвшөөрсөн цэгт ажиллалаа.
Тухайлбал, УБТЗ-д зохих зөвшөөрөл өгөөгүйн улмаас УБТЗ-ын хамгаалалтын алба ногоочдын хооронд маргаан үүссэн. Үүнд цагдаагийн байгууллага зохицуулалтын арга хэмжээ авч Улаанбаатар хотын захиарчгийн ажлын алба, Баянгол дүүргийн Засаг даргын хүмүүс очиж шийдвэрлэсэн.
Иргэдээс зохих зөвшөөрөлгүй худалдаа наймаа эрхэлж байгаа талаар мэдээлэл ирдэг. Үүнийг цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу хариуцлага тооцох, шаардлага тавьж байгаа. Ногоочид зөвшөөрөгдсөн цэгт үйл ажиллагаа явуулж байвал цагдаагийн байгууллага ямар нэгэн байдлаар саад учруулахгүй. Цагдаагийн байгууллагаас ногоочдод арга хэмжээ авсан тохиолдол байхгүй.
“АБА ПЛЮС ХХК”-ИЙН ДАНСААР ИХ ХЭМЖЭЭНИЙ ВАЛЮТ ОРЖ ИРСЭН НЬ ҮНЭН"
ЭЦА-ны эдийн засагтай тэмцэх газрын чиглэлийн ахлах мөрдөгч, хошууч Ж.БИЛГҮҮТЭЙ:
-Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “Аба плюс ХХК”-ийн дансаар их хэмжээний валют орж ирсэн талаарх мэдээллийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр ЭХ-ийн 18.6 хоёр дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тухайн компани үүсгэн байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа явуулаагүй атлаа 2018 оны дөрөвдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сарын хооронд Монгол Улсын нэр бүхий арилжааны банкуудаар дамжуулан ОХУ, Болгар, Казахстан, Узбекстан, Украин зэрэг нийт арав гаруй улс орноос давтамжтайгаар 4.6 сая евро, 3.9 сая ам.доллар буюу нийтдээ 24.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авч Монгол Улсад тухайн мөнгийг оруулж ирсэн даруйдаа 1.7 сая евро, гурван сая ам.доллар буюу 7.8 тэрбум төгрөгийг БНХАУ, БНСУ, Латив зэрэг гадаадын 11 улс орон руу шилжүүлэх үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон.
Дээрх үйлдэл нь мөнгө угаасан шинжтэй гэж үзэн “Аба плюс ХХК” гадаад шилжүүлэг хийхээр захиалга өгсөн арав орчим тэрбум төгрөгийг прокурорын зөвшөөрлөөр 2020 оны нэгдүгээр сард хязгаарлалт хийж тогтоосон. “Аба плюс “гадаадын хөрөнгө оруулалттай компанийг Латив улсын иргэн 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр гадаад худалдаа барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулсан бөгөөд Монгол Улсаар дамжуулан их хэмжээний мөнгийг шилжүүлэх үйл ажиллагаа явуулсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон.
Дээрх иргэн 2019 оны арванхоёрдугаар сард хилээр гарснаас хойш ирж ирээгүй байна. Гадаад улсаас арилжааны банкаар дамжуулсан мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох зорилгоор эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу долоон улс орон руу манайх хүсэлтээ илгээсэн. Үүнээс гурван улс орноос нь хүсэлтийн хариу ирсэн, таван улс орноос хариу ирээгүй байна.
Холбоотой мэдээ