Нөхөн сонгууль ба намуудын бие халаалт

Хуучирсан мэдээ: 2021.08.16-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгууль ба намуудын бие халаалт

Нөхөн сонгууль ба намуудын бие халаалт

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж, сонгогдсон Д.Сумъяабазар гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, хотын дарга болсон бол Хэнтий аймгийн 18 дугаар тойргоос сонгогдсон У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор УИХ дахь тэдний суудал эзэнгүй байгаа юм. Тиймээс УИХ-ын 18, 28 тойрогт  нөхөн сонгууль явуулах хуулийн зохицуулалт үүссэн. Нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд явуулахаар УИХ-аас товлосон билээ.  

Нөхөн сонгуульд  есөн нам, нэг эсвэл оролцохоор СЕХ-нд хуульд заасан хугацаанд баримт материалаа хүргүүлсэн байна. Тодруулбал, МАН, АН, ХҮН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхын засаглал нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороонд /СЕХ/  албан ёсоор бүртгүүлжээ.

МАН

МАН-ын бага хурал наймдугаар сарын 5-ны өдөр болсон. Тус намаас нөхөн сонгуульд  ёс зүйтэй, өндөр боловсролтой, нийгэмд хийж бүтээсэн зүйлтэй хүнийг нэр дэвшүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Ингэхдээ дээрх хоёр тойрогт нэр дэвших хүмүүсий сонгохдоо социологийн судалгаан дээр үндэслэх, анхан шатны намын байгууллагын болон намын гишүүдийн саналыг харгалзан үзэх  аж. Намын Бага хурал дахин хуралдаж, дээрх шаардлагуудыг хангасан хүмүүсийг нэр дэвшүүлэхээр болсон. 

2020 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-д хоёр суудал авсан аваагүй кнопны тоонд төдийлөн өөрчлөлт орохгүй. Гэхдээ нэр дэвших горилогч цөөнгүй, эхнээсээ эмээлтэй хазаартай морь цээжиндээ сойгоод эхэлсэн. Албан бус мэдээллээр МАН-аас нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар нарын нэр яригдаж буй. Мэдээж, өөрийнхөө тойргийг бусдад алдах хүсэл хотын дарга Д.Сумъяабазарт байхгүй нь лав. Тиймээс гарын хүнээ зүтгүүлэхээр амбицалж яваа гэх. Гэхдээ Д.Сумъяабазарын хүсэл талаар болж магадгүй нь Н.Энхбаяртай дээд төвшинд хийсэн наймаа, тохироо. УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн саналын тоог харахад МАН-аас дэвшсэн бор халзан хонь ч ялалт байгуулж мэдэхээр байгаа. Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэйн хэрээр ядуурал ч их.  Тиймээс эрх баригчид дүүргийн иргэдийн ходоодтой л тулах болов уу. Гэвч, өнгөрсөн таван жил СХД-т МАН үнэмлэхүй ялалт байгуулаад юу ч өөрчлөгдөөгүй гэвэл өнгөө өөрчлөх хүсэл сонгогчдод төрж мэднэ.

АН

Энэ удаагийн нөхөн сонгуульд хоёр хуваагдсан АН хоёул дангаараа УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн ч М.Тулгат даргатай АН-ыг УИХ-ын нөхөн сонгуульд оролцуулахаар СЕХ бүртгэжээ. Өнгөрсөн зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр СЕХ-ны бүртгэлээс болж АН өлсөж, цангах дээрээ тулж байв.  Энэ удаад арай ч өлсөж, жагсахгүй ч АН эмээлийн хоёр бүүрэг шиг хоёр тийшээ харчихсан хэвээр байгаа юм. О.Цогтгэрэлийн талынхнаас С.Эрдэнийг ажил үүргээсээ чөлөөлөгдөх ёстой гэсэн тулган шаардалт хийж, М.Тулгатын талынхнаас эв нэгдлээ хангах уриалга гаргаад байгаа. 

Нөхөн  сонгуульд оролцох бэлтгэл ажлыг хангахаар АН-аас хоёр ажлын хэсэг байгуулжээ. Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийг АН-ын нарийн бичгийн дарга Б.Гарамгайбаатар, Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуулийн ажлын хэсгийг АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн  ахалж байгаа аж.  АН өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн алдаагаа дахин давтахгүйн тулд дотоод эв нэгдлээ хангаж, хамтарч оролцох хүсэлтээ О.Цогтгэрэлийн талынханд хүргүүлсэн байна. Энэ чиглэлээр  уулзалтууд зохион байгуулахаар ярьж буйгааг тус намын дэд дарга Р.Эрдэнэбүрэн дуулгасан юм. Хэрэвзээ, АН ахиад л хагарал тэмцэлтэй нөхөн сонгуульд оролцвол дахиад ялагдана. АН-ын хувьд хамгийн хариуцлагатай, цаашдаа улс төрийн нам байх уу, бүлэглэл болж зад үсрэх үү гэдгийг шийдэх сонгууль болно. 

ХҮН

Ерөнхийлөгчийн сонгуулиар танигдах пиар хийсэн ХҮН санасандаа хүрсэн. Тэдний хувьд Д.Энхбат ялахаас илүүтэй танигдах нь чухал байлаа. Тиймээс нөхөн сонгуульд ХҮН өмнөх эрх хүчээ алдахгүй, зөв хүнээ зөв газраа, зөв цагт нь нэр дэвшүүлж чадвал нэг суудлаа гурав болгох боломжтойг Ерөнхийлөгчийн сонгуулиар харсан байх. Ерөнхийдөө улс төрийн гуравдагчийн хүлээлт их байгаа. Тиймээс ХҮН хэнийг нэр дэвшүүлэх нь анхаарлын төвд байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар ХҮН гучин жилийн үүх түүхтэй АН-аас илүү амжилттай оролцсон. Тэгэхээр гуравдагч хүчин болж чадсан үгүйгээ мэдэх, мөн Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Энхбатын нэр нөлөө байв уу эсвэл намд нь итгэж 250 мянган хүн саналаа өгсөн үү гэдгийг бодитойгоор харах боломж бол нөхөн сонгууль.

Бусад жижиг намуудын хувьд АН, МАН-ын санал хуваах төдийгөөр өрсөлдөх байх. Түүнээс МАН-ын саналыг хуваагч биш. Ямар ч байсан энэ нөхөн сонгуульд зарим улстөрчдийн орших, эс оршихийг шийдэх сонгууль болно.  Ямар ч байсан намууд бие халаалтдаа орцгоожээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж