Талибан Кабул хотод шинэ засгийн газар байгуулна

Хуучирсан мэдээ: 2021.08.16-нд нийтлэгдсэн

Талибан Кабул хотод шинэ засгийн газар байгуулна

Талибан Кабул хотод шинэ засгийн газар байгуулна

Талибаны зэвсэгт бүлэглэл Афганстаны нийслэл Кабул хотын захад Ням гаригийн орой орж ирснээр тус улсад өөрийн хяналтаа бүрэн тогтоож буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Тэд нийслэлийг хүчээр булаан эзлэхгүй гэж мэдэгдсэн ч засгийн газрын бүрэлдэхүүн болон ард иргэдийн дунд хөл үймээн үүссэн юм. Ерөнхийлөгч Ашраф Гани хилийн чанад руу дүрвэж, гайхаж цочирдсон иргэд болон гадаадын оршин суугчид нисэх буудал руу зүглэжээ. АНУ болон түүний холбоотнуудын түлхэн унагаж байсан Исламын шашны хатуу урсгалыг баримтлагч террорист байгууллага 20 жилийн дараа ийнхүү тус улсад эргэн ноёрхлоо тогтоож байна.

Тэд Кабул хот дахь ерөнхийлөгчийн ордныг эзэлсэн болохоо Ням гаригийн шөнө мэдэгдсэн юм. Тус ордонд Афганистаны засгийн газар болон Талибан бүлэглэлийн хооронд эрх мэдлийг энхийн замаар шилжүүлэх хэлэлцээр хийж байгаа тухай мэдээ олон улс даяар цацагджээ. Мөн олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр Талибан тун удахгүй “Афганистаны Исламын Эмират улс”-ыг байгуулснаа нийтэд тунхаглах аж. Зэвсэгт бүлэглэл цэргийн хүчээ Кабул хотод оруулахаар болсныг мэдэгдсэн даруйд ерөнхийлөгч Мохаммад Ашраф Гани хилийн чанадыг зорьсон талаар Афганистаны Үндэсний эвлэрэлийн зөвлөлийн тэргүүн Абдулла Абдулла фэйсбүүк хуудаснаа лайв хийх үедээ дурджээ.

Үүсч болзошгүй хөл үймээн, хүчирхийллээс сэргийлэх үүднээс Кабул хотод орон нутгийн цагаар оройн 21.00 цагаас хойш хөл хорио тогтоосон байна. Кабул хэдэн сарын өмнөөс эхэлсэн Талибаны довтолгооноос тэсч үлдсэн Афганистаны сүүлчийн томоохон хот байв. Тус хотоос олон улсын ихэнх цэрэг гарсны дараа зэвсэгт бүлэглэл ийнхүү хяналтаа тогтоож чадав. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цэргийн хүчээ гаргаж буйгаа зөвтгөсөн мэдэгдэл хийсэн бөгөөд тэрбээр "Өөр улсын иргэний мөргөлдөөнд АНУ эцэс төгсгөлгүй оролцох нь утгагүй" гэжээ.

АНУ 2001 онд Афганстанд армиа оруулснаас хойш цэргийн ажиллагаанд нийт гурван их наяд ам.доллар зарцуулснаас Афганистаны цэргүүдийг бэлтгэхэд 90 тэрбум ам.доллар зориулжээ. Мөн тус улсын 2448 цэрэг, НАТО-гийн 1144 цэрэг, Афганистаны засгийн газрын 66 мянган цэрэг амиа алдсан гэдэг тоон мэдээлэл байдаг аж.

Эх сурвалж: Xinhua, Panda Paws

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
14
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж