Жонни Депп “ам нээв”

Хуучирсан мэдээ: 2021.08.16-нд нийтлэгдсэн

Жонни Депп “ам нээв”

Жонни Депп “ам нээв”

Нэгдсэн Вант улсын “The Sun” сонин алдарт жүжигчин Жонни Деппийг “Эхнэрээ зоддог” хэмээн бичсэн. Тэрбээр нэр төрөө сэргээлгэхээр олон сарын турш шүүх хуралд оролцсон ч өнгөрсөн оны намар ялагдсан билээ. Түүнээс хойш удтал хэвлэл мэдээллийнхнээс хол, хүний нүднээс аль болох далд байсан Жонни Депп ийнхүү дахин “ам нээж”, хэргийн тухай өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр дараа жилийн дөрөвдүгээр сард дахин шүүх хуралд оролцохоор хүлээж байгаа юм. Энэ удаад Жонни Депп салсан эхнэр Амбер Хирдийг 2018 онд "Вашингтон Пост" сонинд гарсан гэр бүлийн хүчирхийллийн тухай нийтлэлээр өөрийнх нь нэр төрд халдсан хэмээн буруутгаж, 50 сая ам.доллар нэхэмжилсэн юм. Өдгөө 58 настай тэрбээр хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад Амбер Хирд болон өмнөх харилцааныхаа тухай дэлгэрэнгүй ярих хориотой. Гэвч Жонни Депп “Sunday Times” агентлагт цахимаар ярилцлага өгөхдөө Амбер Хирдтэй өнгөрүүлсэн таван жил, түүнээс хойш эхнэртээ гар хүрсэн эрийн нэр зүүж, Холливудийн замнал нь газарт унасан тухай анх удаа ярьжээ.

Нэгдсэн Вант улсын хэвлэлийг шүүхэд дуудаад, ялагдсанаас нь хойш кино урлаг Жонни Деппээс нүүр буруулж эхэлсэн юм. Тухайлбал, түүний сөрөг дүрд нь тоглож байсан “Fantastic Beasts” киноны найруулагч Жонни Депптэй байгуулсан гэрээгээ цуцалж, шинээр бүтээж байсан “Minamata” кино АНУ-д нээлтээ хийх боломжгүй болсон юм.

Жонни Депп “Зарим кино үзэгчдийн сэтгэлд гүн мэдрэмж төрүүлдэг. Харин "Minamata" бол яг тийм кинонуудын нэг болсон. Тэгтэл ердөө нэг эр, нэг жүжигчин хэдэн жилийн турш замбараагүй, ойлгомжгүй хэрэгт хутгалдсаны төлөө зөвхөн намайг эсэргүүцэхийн тулд энэ бүтээлийг хориглох нь утгагүй хэрэг. Би бүгдийг залруулах болно. Миний энэ хямрал бол хэвлэл мэдээллийн хэт туйлширлаас үүдэлтэй. Юу ч болж өнгөрсөн, би юуг ч туулж гарсан бай, тэр бол өнгөрсөн явдал, бодит түүх. Гэхдээ эцэст нь миний амьдралын энэ хэдэн жил маш утгагүй байлаа” хэмээн ярьжээ.

Хэдийгээр нэр хүнд нь унаж, үзэгчдээ алдсан ч Жонни Депп суудлаасаа арай ч буучхаагүй байгаа бололтой. Тухайлбал, есдүгээр сарын 22-нд зохион байгуулах “San Sebestian” кино наадам Жонны Деппэд хамгийн дээд хүндэтгэл үзүүлэхээ зарлажээ. Мөн наадмын зохион байгуулагч нар эл шийдвэрийг нь эсэргүүцсэн хүмүүсийн эсрэг Деппийг идэвхтэй өмгөөлж байгаа аж. Түүнчлэн үнэнч шүтэн бишрэгч нар нь Жонни Деппээс урваагүйгээр барахгүй Амбер Хирдийг цаашид кинонд тоглуулахгүй байх уриалга бүхий хөдөлгөөн өрнүүлж байна.

Энэ талаар Депп “Миний шүтэн бишрэгч нар бол миний ажил олгогч эзэд байсаар ирсэн. Түүгээр ч зогсохгүй үнэндээ бол үзэгч олон үргэлж кино урлагт ажил олгогч нар нь байдаг. Тэд л киноны тасалбар худалдан авч студиудыг баян болгодог. Гэвч энэ үнэнийг студиуд олон жилийн өмнө мартсан юм. Харин би мартаагүй. Би үзэгчдээрээ маш их бахархдаг. Тэд л чухам үнэнийг хэлцгээж, түүнийхээ төлөө тэмцэж байна. Тэдний илэрхийлж байгаа үнэн бол ямар ч том хэвлэлийн нийтлэлээс илүү. Амьдралд заримдаа хэцүү үе тохиолддог, заримдаа бүх зүйл буруугаар эргэдэг. Гэвч уул шиг түшигтэй үзэгч нар минь миний талд зогссоор байна. Би тэдний төлөө тэмцэх болно. Төгсгөл нь ямар байхаас үл хамааран би үзэгчдийнхээ итгэлийг алдалгүй тэмцэнэ” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: SUNDAYTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж