Английн хуульч, өмгөөлөгч Сарош Зайвалла /Sarosh Zaiwalla/ Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн 20 сая ам.долларын авлагыг барагдуулахад хэрхэн оролцсон тухайгаа “HONOUR BOUND” номынхоо “Монголын маргаан” бүлэгт өгүүлсэн байна. Түүнийг орчуулан хүргэе.
Ноён Сарош Зайвалла нь улс орнуудын Засгийн газартай холбоотой хэрэг маргааныг өмгөөлж, заргаа авдгаараа алдартай. Хамгийн сүүлд гэхэд Венесэул улсын Англид хадгалуулсан алтаа авч чадахгүй байсан хэргийг Английн Дээд шүүхээр шийдвэрлүүлж чадсан байна. Лондон хотын төвд Азиас анхны хуулийн пүүсийг нээж байсан Энэтхэгээс цагаачилсан тэрбээр олон улсын нэртэй хуульч болж чаджээ. Монгол Улсын Ерөнхий сайд Р.Амаржаргал Лондонд айлчлах үеэр Блумберг ТВ-ийн Өглөөний цай–уулзалтад оролцсон тэр цагаас Монголтой холбоотой болсон хэмээн номдоо өгүүлсэн байна.
Эхэн үедээ би БНХАУ-аар дамжиж Монгол Улс руу аялдаг байсан бол одоо Берлин хотоос Монголын Иргэний Агаарын Тээврээр зорчдог болсон. Монгол бол Хятадаас онхи ондоо улс. Монгол хэлэнд санскрит үг их хэрэглэгддэг нь надад үнэхээр гайхалтай санагдаж билээ. Надад хятадууд жаахан хөндий, биеэ барьсан хүмүүс мэт ойлгогддог бол монголчууд бүгд инээсэн, илүү амгалан бөгөөд шүтлэгтэй ард түмэн санагддаг.
2015 онд би Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Пунцагийн Цагааны урилгаар Улаанбаатар хотод зочилсон юм. Тэрээр Монгол Улс дотоод гадаадын олон хуульчдад хандаад тусыг эс олсон адармаатай нэг асуудалтай тулгараад байгаагаа хэлсэн юм. Учир нь уг зарга, нэхэмжлэл үүсээд хэдийнэ арван долоон жил өнгөрснөөс гадна буруутай тал болох компани нь татан буугдсан тул ямар нэгэн арга хэмжээ авахад оройтсон гэх ерөнхий хариу л сонсоод хана мөргөөд зогсдог байжээ.
Цагаан намайг Улаанбаатарт ирдэг өдөр дэлхийн хамгийн том зэсийн ордын нэг болох Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиралтай хамт оройн зоогт урьсан юм. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Монгол Улс, 49 хувийг ОХУ эзэмшдэг бөгөөд Казакстаны нэг компаниас авах 20 сая ам.долларын авлагын асуудал юм. Асуудал юунаас үүдэлтэй вэ гэхээр Казакстан улсын төрийн өмчит нэг компани дээрх авлагын дүнтэй дүйцэхүйц хэмжээний зэсийн хүдэр Монголын талаас авсан бөгөөд зэс туйван болгож хүлээлгэн өгөх байсан боловч тухайн үед Казакстан Улсын Ерөнхийлөгч байсан хүний хүргэн болох хүн өөрийн мэдэлд хувьчлалаар шилжүүлэн авснаар Монголын тал дурдсан бүтээгдэхүүнийг хэзээ ч хүлээн аваагүй байдаг. Монголын Засгийн газар дипломат сувгаар Казакстанаар хохирлоо барагдуулах оролдлого олон жил хийсэн боловч төлбөр тооцоо хийгдээгүй байна.
Монголд очсоныхоо хоёр дахь өдөр би Эрдэнэт үйлдвэрийн оффист зочилж голлох хүмүүстэй уулзсаны нэг нь тус байгууллагын Хуулийн хэлтсийн дарга Л.Болор-Эрдэнэ байлаа. Би бүх дипломат протокол тэмдэглэлийг судалж танилцах явцдаа Казахстаны Ерөнхийлөгч Монголын Ерөнхийлөгчид энэ нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй болсон тохиолдолд олон улсын шүүхээр шийдвэрлүүлбэл зохино хэмээн амласан тэмдэглэлийг оллоо. Гэвч аль Олон улсын шүүх вэ?
Гаагийн Олон улсын шүүх зөвхөн улс хоорондын маргаан шийдвэрлэдэг тул тухайн хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй. Эрдэнэтийн дийлэнх хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг ч тус компани нь аж ахуйн нэгж. Арбитрын талаар огт дурдагдаагүй тул Парис дахь Олон улсын арбитрын шүүх ч мөн адил энэ хэргийг хянан хэлэлцэх боломжгүй. Эрдэнэт үйлдвэрийнхэн Казахстаны Засгийн газрыг Казахстаны өөрийнх нь шүүхэд өгөх нь ямар ч найдваргүй гэсэн хандлагатай байв. Тэгээд юу хийх вэ? Тус маргааныг хянан хэлэлцэх шүүхийг аль нэг улсад оллоо ч гэсэн Эрдэнэтийн нэхэмжлэл дэндүү их хугацаа алдсан, дээрээс нь чухам хэнээс нэхэмжлээд байгаа нь ч тодорхойгүй тул амжилтад хүрнэ гэдэг дэндүү бүрхэг байсан даа.
Харин аз болоход хоёр Ерөнхийлөгчийн ярианы тэмдэглэл дөрөвхөн жилийн өмнө хийгдсэн болохыг анзаарлаа. Тэгээд л Английн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх санаа төрлөө. Тэр нь Казакстан, Монгол аль аль нь Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл (ТУХН)-ийн орнуудад хамруулах. Английн Худалдааны Шүүхийг олон улсын шүүх гэж үзэх. Өнөөдөр Лондон дахь Худалдааны шүүх дээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргааны 40 орчим хувь нь Орос болон ТУХН-ийн орнуудтай холбоотой.
Тиймээс хоёр дахь өдрийнхөө орой нь Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал болон Цагаанд уг асуудлыг амжилтад хүргэх цорын ганц зам бол Английн шүүхэд нэхэмжлэл гаргах явдал юм хэмээн зөвлөлөө. Ялах бодит боломж хэдийгээр бага боловч Казакстан Улсын Ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүн тухайн асуудалд холбоотой тул маргааныг үргэлжлүүлэхгүй, шүүх үйл ажиллагаанд хүргэхгүйгээр тохиролцоонд хүрээд дуусгах сонирхол Казакстаны талд байх магадлалтайг тэдэнд хэллээ.
Ингээд би яаж ийгээд Английн Дээд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвшөөрөл олж авлаа. Казакстаны Засгийн газар англи өмгөөлөгчдийг хөлслөн томилсноор тэд Английн шүүхийн харьяаллыг эсэргүүцсэн хүсэлт гаргалаа. Энэ хүсэлтийг ноён Шүүгч Күүк хянан үзээд шүүх харьяалалгүй гэж үзсэн. Гэсэн ч миний зөвлөснөөр Эрдэнэт үйлдвэр давж заалдах хүсэлт гаргаснаар Лорд Шүүгч Кларк энэ хүсэлтийг хүлээн авч зөвшөөрснөөс гадна манай талд маш ашигтай тайлбар дүгнэлт гаргасан юм. Үр дүнд нь давж заалдах шатны шүүх хурлын өмнөхөн Казакстаны тал үндсэн нэхэмжлэл болох 20 сая ам.долларыг гуравдагч этгээдээр төлүүлэхээр болов. Ингэж л миний оролцоотойгоор Эрдэнэт үйлдвэр маш их хугацаа алдсан ч хохирлоо амжилттай барагдуулсан даа.
Холбоотой мэдээ