"Хятад вакцин дельтагийн эсрэг сайн хамгаалж байж магадгүй"

Хуучирсан мэдээ: 2021.08.16-нд нийтлэгдсэн

COVID-19

"Хятад вакцин дельтагийн эсрэг сайн хамгаалж байж магадгүй"

"Хятад вакцин дельтагийн эсрэг сайн хамгаалж байж магадгүй"

УОК-ын дэргэд бүрдсэн судалгаа шинжилгээний багийн эрдэмтэн, МУИС-ийн  багш, судлаач доктор  Т.Бэгзсүрэнтэй Covid-19 халдварын цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Цар тахлын халдвар есдүгээр сараас эрс нэмэгдэнэ гэсэн тооцоог Эрдэмтдийн зөвлөл гаргасан байна. Гэтэл өмнө танай зөвлөлийнхөн есдүгээр сард ард иргэд амны хаалтаа тайлна гэж ярьж байсан шүү дээ. Яагаад ингээд байдал өөрчлөгдчихөв?

-Эрдэмтдийн зөвлөл дахин судалгаа хийх шаардлагатай байна. Халдварын тохиолдлын 10 хувьд дельта хувилбар илэрсэн. Бид халдварын тархалтын загвар ажиллуулдаг. Гэтэл одоо загварын коэффициент хоорондын хоног хугацаа нь ондоо болсон. Covid-19-ийн анхны хувилбарын нууц үе, эмчилгээний хугацаа нь тодорхой байсан бол Дельта хувилбарын хувьд арай ондоо байгаа.

Жишээлбэл, Их Британид анх гарсан Covid-19 халдварын альфа хувилбарын нууц үеийн хугацаа 3-14 хоног буюу дунджаар 5.7 хоногийн дараа шинж тэмдэг нь илэрдэг байсан бол дельта хувилбарын нууц үеийн хугацаа нь хамаагүй богино 4.3 хоног байна.

Тийм учраас халдвар тархах хурд өндөр болж байна. Ингэж бодохоор өөр тооцоолол гарч ирнэ. Тэрнээс гадна Эрүүл мэндийн яамны мэдээллээр альпа хувилбарын халдвар хэдийгээр буурч байгаа ч хоёр вирус холилдсон байгаа учраас тооцоолол хийхэд ярвигтай болж байна. Бид ямар ч байсан есдүгээр сарын 1-нээс өмнө тодорхой тооцоо судалгааг гаргахаар зорьж байна.

-Японы эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа юм уу?

-Тэр талаар нарийн мэдээлэл алга. ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр Япон эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа учраас сайн мэдээлэлтэй байгаа байх.

-Дельта хувилбар хоногт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын 10 хувьд илэрч байгаа гэсэн. Энэ нь өндөр тоо юу?

-Одоогоор халдварын тохиолдлын 10 хувь илэрч байна гэдэг гайгүй байна гэсэн үг. Өмнө нь тархаж байсан Covid-19-ийн альфа хувилбарын тархалт дарагдаж байгаа. Одоо дельта хувилбараар өвчлөх эрсдэлтэй байгаа хүмүүсийн тоо олон байгаа учраас шинээр бүртгэгдэх тохиолдлын тоо ихэвчлэн дельтагаар өвчлөх магадлалтай. Дахин шинээр давалгаа үүсэх эсэх талаар хэлж мэдэхгүй байна. Бидний судалгаа бүрэн дуусаагүй байгаа учраас шинэ давалгаа хүчтэй гарч ирэх үү гэдэгт хариулах боломжгүй.

Хятад вакцин дельта хувилбарын эсрэг сайн хамгаалж байж магадгүй. Бас дэлхийн нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар дельта хувилбарт вакцины хамгаалах чадвар  14-25 хувь байна гэсэн. Эндээс тооцоод үзэхээр харьцангуй бага цохилт авч магадгүй гэсэн таамаглал байна. Гэхдээ бид хэт их найдаж болохгүй. Байж болох хамгийн муу хувилбараар нь бэлдэх шаардлагатай юм.

-Дельта хувилбар нэмэгдсэнээр нас баралт нэмэгдэх үү?

-Нас баралт нэмэгдэж магадгүй. Ер нь дельта хувилбарын нас баралтын зэрэг альфатай харьцуулахад арай бага байгаа. Гэхдээ олон хүн халдвар авахаар өдөрт нас барж байгаа хүний тоо нэмэгдэх магадлал байгаа. Энэ асуултад шууд тэгнэ ингэнэ гэж хариулахад төвөгтэй. Гэхдээ бид нас баралт олноор нэмэгдэхгүй байх гэж тооцоолж байгаа.

-Хэрвээ есдүгээр сард халдварын  тоо нэмэгдвэл хөл хорио тогтоох шаардлагатай эсэхийг судлах уу?

-Одоо бол хөл хорио тогтоохоос илүү вакцинжуулалтад илүү найдах цаг болсон. Вакцинжуулалтын нөлөө их байгаа учраас хөл хорих талаар ярихгүй байх. Бүр нөхцөл байдал хүчтэй хүндрээд ирвэл хөл хорио тогтоохоос аргагүй байдалд орно. Ингэхдээ хэсэгчилж хөл хорио тогтоох магадлалтай. Ер нь хөл хорио тогтоох талаар ярихгүй байх.

-Хот, хөдөөгүй есдүгээр сараас өдөрт 1000 гаруй тохиолдол бүртгэгдээд ирвэл яах вэ?

-Ер нь бол тийм магадлал бол бий. Гэхдээ ямар нэгэн байдлаар халдварын давалгааны үндэслэл байгаа болохоор нөхцөл байдлыг наймдугаар сарын сүүлч хүртэл ажиглаж байж хэлэх шаардлагатай. Бид өдөрт гарч байгаа тохиолдлын тооцооллыг үндэслэдэг учраас хэлэхэд хүндрэлтэй байна.

Вакцины үр нөлөө дельтагийн эсрэг хэдэн хувь байх вэ гэдгийг нарийн сайн тогтоогоогүй. Тийм учраас тэгнэ ингэнэ гэж хэлэхэд хэцүү. Монголд хийсэн вакцины үр нөлөө өмнөх хувилбарууд дээр үйлчилсэнтэй адилхан 70-аас дээш хувь байх юм бол энэ бол айгаад байх зүйл биш.

Хэрвээ вакцины үр нөлөө унаж 60-аас доош хувь болох юм бол халдварт өртөх эрсдэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэж, эрсдэлтэй болж эхэлнэ. Энийг нарийн хэлэхэд хүндрэлтэй. Гэхдээ 50 хувиас доош унах магадлал байхгүй.

-Тун удахгүй хичээл сургууль орлоо. Огт вакцинд хамрагдаагүй 0-11 насны хүүхдүүдэд үүсэх эрсдэлийг хэрхэн судалсан бэ?

-Ер нь 0-11 насны хүүхдүүд өвчлөлийн хувийг тооцож үзэхээр халдвар авчихаад хөнгөн өвддөг. Тухайн бүлэг хүүхдүүдийг тусгаарлаж, анги танхимаар хичээллэх үед өөр хүүхдүүдтэй хавьталд оруулахгүй бол харьцангуй гайгүй байх болов уу гэсэн тооцоолол бий. Тийм учраас танхимаар хичээл оръё гэсэн шийдвэрийг гаргасан байх гэж бодож байна.

-Эрдэмтдийн зөвлөл одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Бид дэлхийн улс орнуудад ямар шинэ судалгаа гарч байна вэ тэр болгоныг уншиж танилцаж, өдөр тутмын ажлаа хийж байна. Мөн хамгийн гол нь Дельта вирусийн эсрэг Монголд хийсэн вакцин ямар үр нөлөөтэй юм бэ гэдгийг бид мэдэх шаардлагатай байгаа. Энэ судалгааг хийж байна.

Мэдээж ХӨСҮТ, НЭМҮТ-ийн эрдэмтэн судлаачид маш олон судалгааг хийж байгаа. Жишээлбэл, ХӨСҮТ Япон руу халдвар авсан хүмүүсийн шинжилгээний дээжийг явуулж байна. PCR шинжилгээгээр илэрсэн мутаци хувилбаруудыг шалгаж байна гэх мэт тодорхой судалгаануудыг хийж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж