“Хуримын ёслолд 30-аас дээш хүн оролцохгүй”

Хуучирсан мэдээ: 2021.08.16-нд нийтлэгдсэн

“Хуримын ёслолд 30-аас дээш хүн оролцохгүй”

“Хуримын ёслолд 30-аас дээш хүн оролцохгүй”

Найр хуримын сар эхэлж Гэрлэх ёслолын ордон хосуудын захиалгыг авч эхэлжээ. Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнгөрсөн жилийн аравдугаар сараас хойш үйл ажиллагаа нь хаалттай байсан хуримын ордон ирэх есдүгээр сарын 1-нээс албан ёсоор нээхээр болжээ. Одоогийн байдлаар 130 гаруй хуримын захиалга авсан байна.

Гэрлэх ёслолын ордон  хөл хориог ашиглан засвар хийжээ. Гол танхим руу орох өгсөх шатаар гарахад хоёрдугаар давхрын ханыг битүү цэцгээр чимэглэсэн байв. Энэ жилийн онцлог нь хуримлах хосын ёслол 30-40 минут болох бөгөөд нэг гэр бүлээс 30-аас дээш хүн оруулахгүй аж.

Covid-19-ийн нөхцөл байдлыг харгалзаж энэхүү шийдвэрийг гаргажээ. Цаашид ч онцгой нөхцөлд дасан зохицох бэлтгэлтэй ажиллаж буйгаа гэрлэх ёслолын ордныхон хэлж байв. Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдрийг олон хүн угтан хүлээдэг. Энэ жил тус сайн өдөр есдүгээр сарын 22-нд тохиож байгаа юм.

Ингээд тус ордны Захиргаа хариуцсан менежер Г.Бүжинлхамаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Намрын сарын хуримын захиалгаа аваад эхэлсэн гэлээ. Хүмүүс хэр их захиалга өгч байна вэ?

-Өмнө нь найм, ес, аравдугаар сард хуримын захиалга ихтэй байсан. Харин энэ жил улс, нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу үй ажиллагаа огт явуулаагүй учраас хүмүүс лавлах утсаар их холбогдож асууж, сураглаж байна. Бид есдүгээр сарын 1-нээс хуримын захиалга аваад эхэлсэн.

Одоогоор 130 гаруй хос захиалга өгсөн. Ерөнхийдөө наймдугаар сард 300-400 хос хуримладаг. Есдүгээр сард 200 орчим хүн хуримаа хийдэг байсан. Одоо хэр их хүн захиалга өгөх нь тодорхойгүй байгаа. Ямартай ч халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж, ариутгалыг тогтмол хийж ёслолын үйл ажиллагаа бүрийг эрсдэлгүй зохион байгуулахыг зорьж байна.

Энэ жил шинийн 17-ны билэгт сайн өдрийн захиалга 02:00 цагаас эхэлж байгаа. Ерөнхий ёслолын үйл ажиллагаа хийж, хуваарийн дагуу ариутгалыг хийж дараагийн хосуудыг гэр бүлийн төлөөлөлтэй нь оруулна.

Гэхдээ хамаатан садангийн 30-аас дээш хүнийг ордонд оруулахгүй. Хүн хоорондын зай барилт, халдварын эрсдэл зэргийг тооцоолж олон хүнийг ёслолд оролцуулах боломжгүй болсон.

-Жилд дунджаар хэчнээн хос хуримаа хийдэг вэ?

-Хуримласан залуусын тоо жил бүр харилцан адилгүй байдаг. Ойролцоогоор 1000 гаруй хос гэрлэх ёслолын ордонд хуримаа хийдэг. Цар тахал, эдийн засгийн байдал зэргээс хамаараад энэ тоо өнгөрсөн жилээс буурсан. 2020 онд 600 хос манайхаар үйлчлүүлсэн. Харин энэ жил үйл ажиллагаа эхлээгүй байгаа учраас статистик хэлэх боломжгүй. Ямартай ч өнгөрсөн жилийнхээс буурсан үзүүлэлттэй гарч магад. Захиалга өгсөн өнөөдрийн тооноос харахад ачаалал бага байна. Мэдээж хүмүүс мэдээлэл авч эхэлбэл захиалга өгөх хүний тоо нэмэгдэх байх.

-Хөл хориог ашиглаад танайахан ордноо засаж, шинэчилсэн бололтой.?

-Гэрлэх ёслолын ордон маань жил ирэх бүрд засвар шинэчлэлтийн ажлыг тогтмол хийдэг. Дэлхийн бусад оронд сүмд эсвэл ресторанд хуримаа хийдэг бол монголчууд тусгай ордонд гэрлэлтийн ёслолоо үйлддэг. Тиймээс хуримын ордонг дотоодын иргэд болон  гадаадынхан ихэд сонирхдог. Тиймээс хөл хорионы үеэр зүгээр суугаад байлгүй боломжийг ашиглаад ордноо засаж, янзалсан.

-Ёслолын цагийг уртасгах боломжтой юу. Төлбөр, үнэ ханшийн хувьд мөн өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн үү?

-Гэрлэж байгаа хосуудын ёслолын ажиллагаа тогтсон хуваарь, цагийн дагуу л явна. Тиймээс цаг сунгах, хүн нэмж оруулах боломжгүй гэдгийг сануулах нь зүйтэй байх. Төлбөрийн хувьд 900-1.500 мянган төгрөг байдаг. Гэхдээ бид цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор үнийг бууруулах, төлбөрийн шинэ тариф тогтоохоор санал, хүсэлтээ өгсөн.

Тиймээс энэ үнэд өөрчлөлт орох боломжтой. Бид үйлчилгээний төлбөрт ёслолын арга хэмжээний зардлуудыг шингээж, зохион байгуулалтыг хариуцаж ажилладаг учир хэцүү зүйл гардаггүй гэж бодож байна. Ёслол удирдагч, ерөөлч, магтаалч, морин хуурч болон хосуудын хуримын зураг, видеог бэлдэж өгдөг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж