Австралийн нийслэл Канберра хотод өнгөрсөн долоо хоногт/2021.8.12/ цар тахлын нэг шинэ тохиолдол бүртгэгдэж, бохир уснаас Covid-19 илэрсэн тул долоо хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоосон билээ.
Ийнхүү Шинэ Өмнөд Уэльс мужийн Канберра хот бусад хүн ам ихтэй Сидней, Мельбурнын адил дельта хувилбараас болж хөл хорьсон хотуудын эгнээнд нэгдлээ.
Энэхүү хөл хорионы үед хотын иргэд нэн чухал хэрэгцээ, шаардлагагүй бол гэрээсээ гарахыг хоригложээ. Мөн чухал хэрэгцээт барааны дэлгүүрээс бусад дэлгүүрүүд хаалгаа барьж, хоолны газрууд зөвхөн залаар үйлчлэхгүй гэж Австралийн нийслэлийн эрх баригчид мэдэгджээ. Түүнчлэн иргэд аль болох гэрээсээ ажиллаж, оюутан, сурагч нар гэрээсээ хичээллэх шаардлагатай тавьж байгаа аж. Харин гэртээ байх боломжгүй оюутнуудад сургууль нээлттэй байх аж. Мөн иргэд хөл хорионы үед гэрийнхнээсээ өөр хүмүүстэй өдөрт нэг цагаас дээшгүй хугацаанд гадаа дасгал хөдөлгөөн хийж болох гэнэ.
ХӨЛ ХОРИХ ШАЛТГААН БОЛСОН НЭГ ТОХИОЛДОЛ
460 мянган хүн амтай Канберра хотод өнгөрсөн оны долдугаар сарын 10-наас хойш дотоодын халдвар бүртгэгдээгүй байсан билээ. Гэтэл тус хотын захад амьдардаг 20 орчим настай залуугийн бие энэ сарын 8-нд муудаж, цар тахлын шинжилгээнийх нь хариу эерэг гарсан аж.
Мэргэжилтнүүдийн мэдүүлснээр дээрх эрэгтэй чухам хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд хотын бохир уснаас авсан дээжээс мөн SARS-cov2 вирус илэрсэн гэнэ.
ХАЛДВАРЫН ЭХНИЙ ДАВЛАГАА БА АНХНЫ ХӨЛ ХОРИО
Австралид хамгийн анх 2020 оны нэгдүгээр сарын 25-нд Ухань хотоос ирсэн Викториа хотын иргэн халдвар авсан нь батлагдаж байлаа.
Удалгүй өдөр тутамд бүртгэгдэх шинэ халдварын тоо нэмэгдэх хандлагатай болоход эрх баригчид 2020 оны гуравдугаар сарын 20-ноос эхэн гадаадын иргэдэд хилээ хааж, эх орондоо эргэж ирсэн иргэд хоёр долоо хоног тусгаарлалтад байх шийдвэр гаргаж байв. Түүнчлэн зарим мужууд нь бусад мужаасаа хүн хүлээн авахаа байсан нь оны сүүл хүртэл үргэлжилсэн аж.
Мөн өнгөрсөн оны гуравдугаар сарын 21-нээс эхлэн засгийн газар иргэдийг хүн хоорондын зай барихыг зөвлөж, амин чухал хэрэгцээт бус үйлчилгээний байгууллагуудыг хааж эхэлсэн юм. Тэдгээр шаардлагатай бус байгууллагуудад олон хүн цуглардаг уушийн газар, клуб зэрэг багтаж байсан гэнэ. Гэхдээ бусад олон орны хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс ялгаатай нь Австралид зарим барааны худалдаа, барилгын болон үйлдвэрийн ажлуудыг хязгаарлаагүй билээ.
Австрали дахь цар тахлын эхний давлагаа 2020 оны гуравдугаар сарын 22–ны үед оргилдоо хүрч, хоногт 350 шинэ тохиолдол бүртгэгдэж байгаад, сарын сүүлээр буурч, хоногт бүртгэгдэх шинэ халдварын тоо 20 болсон юм.
ХОЁР ДАХЬ ДАВЛАГАА БА ДАРААГИЙН ХӨЛ ХОРИО
Австрали дахь цар тахлын хоёр дахь давлагаа Викториа хотод эхлэн, тав, зургадугаар сард үргэлжилжээ. Халдвар голдуу Мельбурнд тархаж, оргил үедээ тус нутагт 7000 гаруй хүн өвчлүүлжээ. Тиймээс Викториа муж халдварыг тогтоон барихын тулд хатуу хөл хорио тогтоосон нь бараг дөрвөн сарын турш үргэлжилсэн юм. Улмаар 2020 оны аравдугаар сарын 26-нд нэг ч шинэ тохиолдол бүртгэгдээгүй явдлыг хоёр дахь давлагааны төгсгөл хэмээн үзсэн байна.
ДАРААГИЙН ДАВЛАГАА БА ҮРГЭЛЖИЛСЭН ХОРИГУУД
Дээрх байдлаар цар тахлын хоёр дахь давлагаа Австралид дууссанаас хойш 20220 оны сүүлээс 2021 оны дунд үе хүртэл мэр сэр бөөгнөрлөөс үүдэлтэйгээр халдварууд дэгдэж, тэр бүрд нь хотууд хөл хорьсоор байв.
Гэтэл сүүлийн үед цар тахлын Энэтхэгээс гаралтай илүү өндөр халдварт Дельта хувилбар дэгдсэнээс шалтгаалан долдугаар сараас хойш Австралийн ихэнх том хотууд, нийт хүн амын хагас орчим хувь нь хөл хорионд орсон байна.
Австралид өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийт 38657 тохиолдол бүртгэгдэж, 953 хүн нас барж, 25486 хүн эдгэрсэн байна. Түүнчлэн өдгөө 25.4 сая хүн амтай тус улсын нийт иргэдийн 39 хувь нь вакцинжуулалтад хамрагдаж, 19 хувь нь бүрэн дархлаажсан байгаа аж.
Эх сурвалж: HEALTH.GOV.AU ABC EURONEWS LATIMES
Холбоотой мэдээ