“Орос, Хятад хоёр гүрний анхны хамтран зохион байгуулсан цэргийн үйл ажиллагаа, стратегийн сургуулилалт амжилттай өндөрлөж, хоёр орны хамтын ажиллагаа нэн өндөр түвшинд хүрснийг батлан харууллаа” хэмээн Хятадын батлан хамгаалахын сайд Вей Фенхи долоо хоног үргэлжилсэн сургуулилалтыг дүгнэжээ.
Тэрбээр “Энэ хамтарсан цэргийн сургуулилалт бол маш чухал ач холбогдолтой. Нэг талаас энэ бол цар тахлаас хойш Хятадын зохион байгуулж буй анхны цэргийн сургуулилалт. Харин нөгөө талаас энэ бол Хятадын цэргүүд Оросын армитай мөр зэрэгцэн сургуулилсан хамгийн анхны сургуулилалт юм. Түүнчлэн энэ явдал манай хоёр орны нэгнээ гэсэн агуу их сэтгэлийг илэрхийлж, бидний армийн хамтын ажиллагаа нэн өндөр түвшинд хүрснийг батлан харуулж байна. Энэ бол Орос, Хятадын зүү орох зайгүй найрсаг харилцаа, зэвсэгт хүчний эвдэршгүй гагнаас, ард түмний бат бэх, үнэнч нөхөрлөлийн илрэл билээ” хэмээн Оросын батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд хэлжээ.
Хариуд нь Шойгу Хятадын цэргүүд сургуулилалтад мэргэжлийн өндөр түвшинд оролцсоныг бишрэн сайшааж “Манай хоёр орны цэрэг армийн хамтын ажиллагаа газарт ч, тэнгэрт ч, далайд ч дийлдэшгүй хүчирхэг түвшинд хүрлээ. Энэ нь цаашдын хамтын ажиллагааны хувьд маш чухал чиг болж байна” хэмээсэн байна.
Москва, Бээжингийн хамтарсан цэргийн сургуулилалт Хятадын умард нутгийн Чинтоншиа бэлтгэлийн талбайд болжээ. Сургуулилалтад Оросын талаас 10 мянган цэрэг, 200 хуягт техник, 90 их буу, 100 гаруй онгоц, нисдэг тэрэг оролцсон аж.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ