Тойм: Covid-19, түймрийн утаа, хортой могой

Хуучирсан мэдээ: 2021.08.15-нд нийтлэгдсэн

Тойм: Covid-19, түймрийн утаа, хортой могой

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна


НИЙСЛЭЛД ХОРТОЙ МОГОЙ ОРЖ ИРЭХ НЬ НЭМЭГДЖЭЭ

Сүүлийн өдрүүдэд нийслэл хотын суурьшлын бүсэд хортой могой орж ирэн хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулах боллоо. Тодруулбал, Улаанбаатар хотын суурьшлын бүсэд могой орж ирсэн талаар 30 гаруй дуудлагыг байгаль орчны газарт иржээ. Ялангуяа хотын захын дүүрэг болох Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт үерийн усаар дамжин могой орж ирэх нь нэмэгдсэн аж. Ихэнх хувийг бамбай хоншоор могой буюу хортой могой эзэлж байна.

Энэ он гарсаар могойд хатгуулсны улмаас хоёр хүн нас баржээ. Сүүлд, энэ сарын 2-ны өдөр иргэн "Б" Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт амарч байх үедээ гарын шуу хэсэгтээ могойд хатгуулан, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн. Гэвч могойн хор бүх биеэр нь тархсан тул дөрөв хоногийн дараа нас барсан.

Тйимээс суурьшлын бүсэд байгаа иргэдэд анхааруулж хэлэхэд хот дотор могой харсан бол нийслэлийн Байгаль орчны газрын 323780 /11/ дугаарын утсанд яаралтай мэдэгдэх ажлын бус цагаар нийслэлийн шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 310005 /11/ дугаарын утсанд мэдэгдэхийг зөвлөе.


СИБИРИЙН ОЙН ТҮЙМРИЙН УТАА ЗАРИМ АЙМАГ БОЛОН УЛААНБААТАР ХОТЫГ БҮРХЭВ

Якутад долдугаар сарын сүүлчээс өргөн хэмжээний ойн түймэр гарч эхэлсэн. Уг ойн түймрийн утаа Улаанбаатар хотыг хэд хоногийн турш бүрхлээ. Түймрийн утаа нь хойноос чиглэлтэй наашилж, наймдугаар сарын 4-н болон энэ долоо хоногийн эхээр манай орны хойд хэсгийн нутагт илүү өтгөрч, үзэгдэх орчин хязгаарлагдсан. Улмаар түймрийн утааны улмаас агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцорын хэмжээ ихэсч, хүний эрүүл мэндэд, ялангуяа, зүрх судас, амьсгалын замын өвчинтэй хүмүүст сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн юм.

Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас тодруулахад:

-Улаанбаатараас гадна Дархан, Булган, Сэлэнгэ орчмоор илүү өтгөн утаатай байсан. ОХУ-ын Сибирийн бүс нутагт сүүлийн 150 жилд үзэгдээгүй хуурайшилттай зун болж байгаагаас ийнхүү түймэр ихээр гарч байгаа. Зургадугаар сараас хойш нийт 200 гаруй удаа түймэр гарч, 15 мянган км газар нутагт галд шатсан.


COVID-19: ХАЛДВАРЫН ТАРХАЛТ НИЙСЛЭЛД БУУРЧ, ОРОН НУТАГТ НЭМЭГДЛЭЭ

Зуны улиралд нийслэлээс орон нутгийг чиглэсэн иргэдийн хөдөлгөөн ихэсдэг. Covid-19 цар тахлын улмаас гэртээ хоёр жил шахам "хоригдсон" иргэд, вакцинжуулалтын ачаар энэ зун хөдөө аялал, зугаалгаар явах боломжтой болсон. Гэвч хүмүүсийн хөл хөдөлгөөнийг дагаад хөдөө орон нутагт халдварын тоо нэмэгджээ. Тодруулбал, өдөрт бүртгэгдэх халдварын нийт тохиолдлын 70-80 хувь нь орон нутагт бүртгэгдэж  байна. Баян-Өлгий аймагт өдөрт бүртгэгдэх халдварын  тохиолдлын 30 гаруй хувь нь дангаараа  илэрч байна. Сүүлийн долоо хоногт Ховд аймагт өдөрт 100-аас дээш тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр аймагт  аялал жуулчлалын улмаас  халдвар зөөвөрлөгдсөн. Үүнээс гадна  Баян-Өлгий аймагт олон  нийтийг хамарсан арга хэмжээ, хурим  найр их болсон. Харин Ховд аймагт гэхэд  өнгөрсөн долоо хоногт  даншиг наадам болсноос үүдэн халдвар нэмэгдсэн.

Энэ долоо хоногийн байдлаар өдөрт бүртгэгдэх халдварын тоо нэг өдөр 1000-аас доош буурсан бөгөөд  Covid-19 шалтгаант нас баралт буурсан байна. Тодруулбал,

Бямба гариг – 1402 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барав.

Баасан гариг- 1453 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа.

Пүрэв гариг- 1443 тохиолдол батлагдаж, зургаан хүн нас баржээ.

Лхагва гариг- 1433 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас баржээ.

Мягмар гариг- 957 тохиолдол шинээр бүртгэгдэж, гурван хүн нас барав.

Даваа гариг- 1071 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барав.

Улсын хэмжээнд вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэдийн тоо наймдугаар сарын 14-ний өдрийн байдлаар 2.016.593 болж, хүн амын 62 хувь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна.

Монгол Улс 18-аас дээш насны иргэдийнхээ 60 хувь буюу 2.067.292 хүнийг Covid-19-ийн эсрэг вакцинд хамруулах зорилт анх тавьсан. Гэвч сүргийн дархлаа тогтоохын тулд нийт хүн амын 60-90 хувийг вакцинд хамруулах шаардлагатай болсон тул 12-оос дээш насны хүүхдүүдээ мөн хамруулж эхэлсэн билээ.


ИНЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСҮРЭНГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ

Засгийн газрын хуралдаанаас ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Улмаар түүний албан үүргээ гүйцэтгэх хугацаанд холбогдсон асуудлуудыг шалгуулахаар АТГ-т шилжүүлэх аж.  Энэ талаар ИНЕГ-аас тодруулахад Л.Бямбасүрэн нь чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө гаргасан гэсэн юм.

Эргэн сануулахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч хавар салбарын сайд Л.Халтарт хандан “Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч байж болохгүй. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөөд яв. Ер нь их олон юм сонсогдоод байгаа шүү” гэж хэлж байжээ. Тэрбээр 2016 онд ИНЕГ-ын даргаар томилогдсон байдаг.


НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХООР ЕСӨН НАМ, НЭГ ЭВСЭЛ БҮРТГҮҮЛЭВ

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд явуулахаар парламентаас товлосон. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.8-д “Ээлжит бус, нөхөн сонгуулиар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь Төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ” гэж заажээ.

Үүний дагуу наймдугаар сарын 9-ны өдөр Үндэсний аудитын газарт  МАН, АН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Зөв хүн электорат эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлсэн байна.

УИХ-ын нөхөн сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.1-д заасны дагуу санал хураалт явуулахаас 60 хоногийн өмнө буюу өнөөдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хандан сонгуульд оролцохоо илэрхийлэх ёстой.

Нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 2 тэрбум 287 сая төгрөгөөр батлахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж