Covid-19 цар тахал анх 2019 оны арванхоёрдугаар сард Хятадын Хубэй мужийн Ухань хотод гарснаас хойш ойролцоогоор 4.3 сая орчим хүний амь насыг авч оджээ. Уг хөнөөлт вирусийн халдвар Хятадын лабораториос алдагдсан буюу лабораторийн ажилтан сарьсан багваахайнаас халдвар авсны улмаас дэгдсэн гэх таамаглал бий.
Дани улсын “TV2” телевиз өнгөрсөн Пүрэв гаригт энэ талаарх баримтат киног толилуулж, холбогдох судалгааны дүгнэлтийг танилцуулжээ. Тухайлбал, ДЭМБ-аас явуулж буй Covid-19 цар тахлын гарал үүслийг судлах ажлын ахлагч Питер Бен Эмбарек дээрх таамаглалыг ердөө магадлал төдий зүйл гэжээ. Тэрбээр “TV2” телевизэд өгсөн ярилцлагадаа “Лабораторийн ажилтан агуйд дээж цуглуулж яваад, сарьсан багваахайнаас халдвар авсан тухай мэдээ Covid-19 сарьсан багваахайнаас хүнд халдсан гэдэг таамаглалтай нийцдэг. Гэвч бидний судалгаагаар энэ нь бараг боломжгүй зүйл болох нь тогтоогдсон” гэжээ.
ДЭМБ цар тахлын гарал үүслийг судлах ажлыг энэ оноос эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 29-ний өдөр анхны дүгнэлтээ гаргасан. Энэхүү дүгнэлтээр Covid-19-ийг үүсгэдэг “SARS-CoV-2” вирусийг тээгч сарьсан багваахайн нэг ч төрөл Ухань хотын байгаль орчинд амьдардаггүй нь тогтоогдсон байна. Тиймээс Ухань хотод сарьсан багваахайны уг төрөлтэй харьцаж болох цорын ганц хүн нь лабораторийн ажилтан юм.
Үүнтэй холбогдуулан ДЭМБ өнгөрсөн Пүрэв гаригт вирусийн гарал үүслийг судлах ажилд туслах үүднээс холбогдох мэдээлэл, дээж зэргийг явуулж өгөхийг Хятадын талаас хүсчээ. Мөн тус байгууллага дэлхийн олон оронд цар тахлын гарал үүслийн асуудлаар улс төржихгүй байхыг уриалсан юм. Улмаар дээрх судалгааны ажил дэлхийн улс орнууд бие биенээ буруутгах, хуруу гараараа чичлэх, улс төрийн оноо авах хэрэгсэл байх ёсгүйг онцолсон байна.
С.НАРАНГАРАВ
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ