Малта аралд цельсийн 43 хэм хүрч халжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.14-нд нийтлэгдсэн

Малта аралд цельсийн 43 хэм хүрч халжээ

Малта аралд цельсийн 43 хэм хүрч халжээ

Европын өмнөд хэсэгт Африкаас ирж буй эсрэг циклон буюу халуун салхины урсгалын нөлөөгөөр агаарын хэм огцом нэмэгдэж, тивийн хэд хэдэн оронд ой хээрийн түймэр ассаар байна. Мэргэжилтнүүд ой хээрийн түймрийн шалтгааныг агаарын температур урьд өмнө байгаагүйгээр нэмэгдсэнтэй холбоотой гэж үзжээ. Мөн тус тивд сүүлийн арван жилд тохиож байгаагүй халуун болсон нь өндөр даралтын бөмбөлөг гэгдэх дулааны бүс үүссэнтэй холбоотой аж.

Тухайлбал, Италийн Сиракуз хотод өнгөрсөн Лхагва гаригт агаарын температур Цельсийн 48.8 хэмд хүрсэн. Дэлхийн цаг уурын байгууллага энэ нь Европт бүртгэгдээгүй хамгийн өндөр температур мөн эсэхийг судалж үзэхээр болсон билээ. Европын ойн түймрийн мэдээллийн системийн мэдээлснээр ойн түймрийн улмаас хамгийн их хохирол амссан орнуудын нэг нь Грек юм. Тодруулбал, тус улсад хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд 100 мянган га газрыг хамарсан ой хээрийн бүс, тариалангийн талбай шатжээ.

Наймдугаар сараас хойш нийт 600 гаруй ой хээрийн түймэр гарсныг Грекийн засгийн газраас мэдээлсэн юм. Тус улсад сүүлийн 30 жилд тохиогоогүй хэт халалт үүсч, улсын ихэнх хэсгээр Цельсийн 42-45 хэм хүртэл халаад байгаа билээ.

Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис өнгөрсөн Пүрэв гаригт ойн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлав. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Бид галын гамшгаас олон мянган иргэнээ аварч чадсан боловч байгаль орчинд нөхөж баршгүй гарз хохирол учирлаа. Уур амьсгалын хямрал нүүрлэж буй тул эдийн засгийн чиг баримжаа, эрчим хүчний бодлогодоо өөрчлөлт оруулах болно. Мөн байгаль орчинд чиглэсэн төр засгийн үйл ажиллагаа, иргэдийн хандлага өөрчлөгдөх ёстой” гэсэн юм. Түүнчлэн галын гамшиг цаг уурын шалтгаанаас гадна хүний санамсаргүй болон санаатай үйлдлээс бий болсныг онцлоод, гал тарьсан хэргээр хэд хэдэн хүнийг шалгаж байгаа гэжээ.

Испани улсад өнгөрсөн Даваа гаригаас хойш цахилгаан эрчим хүчний төлбөр бараг өдөр болгон шахуу хамгийн өндөр үзүүлэлттэй гарч байна. Учир нь нийслэл Мадрид болон бусад хотуудад Цельсийн 40 хэм хүртэл халж байгаагаас иргэд агааржуулагчийг ихээр хэрэглэж буй аж. Тус улсын зүүн хойд хэсэгт орших Таррагона мужид гарсан ойн түймрийг унтраахаар өнгөрсөн Пүрэв гаригт хэдэн арван гал сөнөөгч, ус шүршигч дөрвөн нисдэг тэргийг дайчилжээ. Тус түймрийн улмаас 40 га талбай дархан цаазат ой хээрийн бүс сүйдсэнийг орон нутгийн албанаас мэдээлэв. Мөн дарс үйлдвэрлэгч Ла Риожа, зүүн хойд хэсгийн Сарагоса мужуудад жижиг хэмжээний ойн түймэр гарсан байна.

Албани улсын Батлан ​​хамгаалах яам өнгөрсөн Баасан гаригт ой хээрийн түймрийн талаар мэдэгдэл хийв. Тус яамнаас мэдэгдсэнээр орон даяар зургаан удаагийн ой хээрийн түймэр гарсан ч нөхцөл байдлыг хяналтдаа авчээ. Мөн Европын хойд хэсэгт байрлах Малта арал халуунд нэрвэгдэж, зарим газраар Цельсийн 43 хэм хүрсэн байна.

 

С.НАРАНГАРАВ
Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж