Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд орууллаа

Хуучирсан мэдээ: 2021.08.14-нд нийтлэгдсэн

Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд орууллаа

Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд орууллаа

Засгийн газраас Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийг нээн, байнгын ажиллагааг эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Өнөөдөр (2021.08.14) тус чөлөөт бүсийн үйл ажиллагааны нээлт болж байна.


Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Анх 2014 онд УИХ "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэр гаргасан. Үүнээс хойш 17 жилийн дараа буюу өнөөдөр чөлөөт бүсийн үйл ажиллагааг байнгын ажиллагаанд шилжүүлсэн түүхэн өдөр тохиож байна.

Өнгөрсөн хугацаанд улсын төсөв дотоод, гадаадын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Замын-Үүдийн дулааны цахилгаан станц, дэд бүтэц зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн. "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг бусад бүстэй харьцуулахад хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн учраас үүнийхээ үр дүн, өгөөжийг хүртэх болсон.

Тиймээс "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг хойшлуулахгүй эхлүүлж, байнгын болгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ялангуяа цар тахлын үед төр засгаас эдийн засгийн өндөр ач холбогдолтой томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа тогтвортой, урт хугацаанд идэвхтэй байх боломжтой гэж харж байна.

Өнгөрсөн 17 жилийн хугацаанд бид олон боломжийг алдсан. Алдагдсан боломжуудын өртгийг тооцож гаргадаг бол хэдэн оронтой тоо гарахыг хэлж мэдэхгүй. Хэрэв "Замын-Үүд" чөлөөт бүс үйл ажиллагаагаа эрт эхлүүлсэн бол өнөөдөр энэ цаг үед 50 вагон, 100 автомашины асуудлыг яриад суухгүй байлаа.

Тус бүс нь Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах, эдийн засаг, гадаад худалдааны ирээдүйн хөгжлийн үүд хаалга юм. Замын-Үүд дэх дулааны цахилгаан станцын үйл ажиллагааг эхлүүлэх туршилт, тохируулгын санхүүжилтийг Засгийн газар шийдэж өгсөн. Мөн "Замын-Үүд" цогцолборын өргөтгөлийн барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулахаар шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тус  өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор ачаа тээвэр зургаа дахин, зорчигч тээврийн хүчин чадал гурав дахин нэмэгдэнэ. Өргөтгөлийн ажлын эхний ээлж арванхоёрдугаар сард ашиглалтад орно" хэмээн онцлов. 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй "Монгол бол Хятадын гол түнш, хөршүүдийн нэг. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдэгчлэн Эрээн хот, Замын-Үүд бол саахалт айлууд. Харилцан ашигтай хамтран ажиллаж, чөлөөт бүсийг хөгжүүлэхийн тулд Хятадын талаас шалтгаалах бүхнээр дэмжиж ажиллах болно" гэлээ.

“Замын-Үүд” чөлөөт бүс нь 900 га нутаг дэвсгэртэй. 2011 онд баталсан ерөнхий төлөвлөгөөгөөр улсын төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 362 га талбайд барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж 2015 онд хүлээлгэн өгөх байсан. Одоогоор Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 58,8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 48 га талбайд шинээр автозам, холбоо дохиолол, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, дулааны станцын барилга байгууламж барьж Улсын комисст өгөөд байна.

2015 онд баригдсанаас хойш зургаан жил болсон “Замын-Үүд дулааны станц”-ын үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхээр туршилт, тохируулгад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэсэн юм.

Чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд оруулснаар, гүний гарцаар зорчигч, ачаа тээврийн хэрэгсэл нэвтэрч эхэлнэ. Цаашид үйлдвэрлэл, тээвэр, логистик, аялал жуулчлал, бизнесийн чиглэлүүд түлхүү хөгжих юм. 2022-2036 онд ДНБ-д 10 хувийн өсөлт бий болж 2025 он гэхэд шууд ажлын байр 9400, 2030 онд 15000, 2034 он гэхэд 18000-аар нэмэгдэнэ. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.

Чөлөөт бүсийн шинэ мастер төлөвлөгөөний дагуу 68 хөрөнгө оруулагчид 101 га талбайг сонгон шалгаруулалтаар эзэмшүүлээд байгаагийн долоон га нь аялал жуулчлал, 47 га нь үйлдвэрлэлд, 20 га-д худалдаа, үйлчилгээ, 25 га-д агуулах, ложистик, 1.4 га нь шатахуун түгээх станцын зориулалттай юм.

Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг нээх ёслолд УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Т.Энхтүвшин, БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Веньруй нарын албаныхан оролцлоо.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж