Афганистаны Херат болон Кандахар хотын оршин суугчид туйлын гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Тэд тус хотууд Талибан бүлэглэлийн мэдэлд ийм амархан шилжсэн явдалд итгэж чадахгүй байгаа аж. Талибан бүлэглэл ганцхан долоо хоногийн дотор Афганистаны хоёр том хотыг эзлээд байгаа билээ. Баруун хэсэгт орших Херат хот 570 мянга орчим хүн амтай, тус улсын гурав дахь том хот бол өмнө зүгт байрлах Кандахар нь 615 мянган оршин суугчтай, нийслэл Кабулын дараа орох хоёр дахь том хот юм.
Кандахар хотын оршин суугч эмэгтэй Аль Жазирад “Al Jazeera” агентлагт ярилцлага өгөхдөө "Засгийн газар ямар ч эсэргүүцэлгүйгээр биднийг Талибанд зарчихлаа" хэмээгээд, нулимсаа барьж ядан “Би Кандахар хотыг ийм амархан эзлэгдэнэ гэж хэзээ ч төсөөлж байсангүй” гэжээ. Херат хотын оршин суугч төдийгүй Талибаны эсрэг орон нутгийн зэвсэгт бүлэглэлийн дэмжигч хэлэхдээ “Босогчдын дараагийн бай Кабул, Мазар-и-Шариф хотууд байх болно” гэв.
АНУ өнгөрсөн тавдугаар сараас эхлэн цэргийн хүчээ татах болсноор Талибан бүлэглэлийн ажиллагаа идэвхжиж, өдгөө Афганистаны 34 мужийн 18 хотод хяналтаа тогтоожээ. Үүнээс үүдэн орон гэрээсээ дайжсан иргэд Кабул хотын гадаа хоноглож байгааг Туркийн мэдээллийн “TRT” агентлаг сурвалжилсан байна. Дотоодын дүрвэгч Зар Бегум “TRT”-д хэлэхдээ “Талибанчууд биднийг галын бүс рүү хүчээр явуулсан. Тэд бидний хөвгүүдийг хороож, охидтой гэрлэсэн. Нэг айлаас гэхэд гурваас дөрвөн охин олзолж байна” гэжээ.
Афганистан даяар үймээн самуунаас үүдэн хот тосгодоосоо дайжсан хэдэн мянган иргэн байгаа бөгөөд “Талибан” бүлэглэл бүс нутгуудыг үргэлжлүүлэн эзэлсээр байна. Дүрвэгчид өндөр өртөгтэй нийслэл Кабул хотын Шахр-э-Нав цэцэрлэгт хүрээлэнд хоноглож байгаа юм. Тэнд засгийн газраас үзүүлж буй тусламж гэхээр зүйл бараг үгүй аж. Тухайлбал, цэцэрлэгт хүрээлэнд байх хоёр бие засах газар 400 орчим хүнд “оногдож”, эмнэлгийн тусламж авах хүсэлтэй хүмүүс ойролцоох эмнэлэгт ч хандах боломжгүй болжээ.
Дүрвэгчдийн нэг Моазудин Алхундзада “Миний хүүхдүүдийг ямар байдалтай байгааг хараач. Тэд сүүлийн хоёр өдрийн турш бүтээлэг дээр унтаж байна. Бидэнд зүсэм талх, балга ус, хоноглох газар ч өгсөнгүй” гэж хэлэв. Ийнхүү гэнэтийн хүнд нөхцөл байдалд цөхөрч, шаналсан иргэд ирээдүйгээ төсөөлж чадахгүй байна.
Кабул хотод сурдаг оюутан Мохаммад Ясир “Хэрэв Талибан улс төр, засаглалын эрх мэдэл олж авахыг хүсч байвал хэлэлцээрийн ширээнд суух ёстой. Хүч хэрэглэх, түрэмгийлэн дайрах нь улс орныг хүнд, хэцүү байдалд л оруулж байна” гэжээ.
НҮБ-аас Афганистан дахь мөргөлдөөн хот руу чиглэж байгаа нь иргэдэд учрах хохирлыг нэмэгдүүлнэ хэмээн эмээж буйгаа илэрхийлэв.
С.НАРАНГАРАВ
Эх сурвалж: AL JAZEERA, TRT WORLD
Холбоотой мэдээ