Хүй долоон худагт улс, аймгийн алдар цолтой 512 бөхийн барилдаан наймдугаар сарын 16, 17-нд болно. Энэхүү барилдааныг Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан зохион байгуулж буй юм байна. Бөхчүүдийг өнөөдөр (2021.08.14)-өөс эхлэн Монгол бөхийн өргөөнд бүртгэж буй бөгөөд PCR шинжилгээ авах талаар МҮБХ мэдээлжээ.
Дашрамд дурдахад, МҮБХ-ноос наймдугаар сард задгай талбайд зохион байгуулах барилдааны дараах хуваарийг гаргасан. Үүнд:
- Наймдугаар сарын 16, 17-нд Хүй долоон худагт улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан,
- Наймдугаар сарын 21, 22-нд Монголын залуучуудын холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
- Наймдугаар сарын 28-д Сонгинохайрхан дүүрэгт шилдэг сумын заан цолтой 64 бөхийн барилдаан тус тус болно.
МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2021 оны тавдугаар сарын 15, зургадугаар сарын 12-ны хурлаар тус тус хэлэлцэн, Үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлтөөр бөхийн барилдааны хугацаа 1-4 даваа 10 минут, 5-10 даваа 20 минут байх юм.
Улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадаа талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын дотоодын тэмцээнийг оролцогчдын тоог хязгаарлаж, үзэгчгүйгээр зохион байгуулах, спортын холбоо нь халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай удирдамж, журам, заавар, шаардлага бий. Энэ дагуу зөвхөн орон нутагт зохион байгуулах эсэх асуудлыг халдварын тархалтын түвшин, хүн амын эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан тухайн орон нутаг дахь Аймаг, нийслэл, дүүргийн Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн хариуцлагын гэрээ байгуулан, зөвшөөрөл авч зохион байгуулна гэж УОК-оос мэдэгдсэн билээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ