Том мөнгөн дэвсгэрт гарвал бараа, бүтээгдэхүүний үнэ өснө

Хуучирсан мэдээ: 2021.08.14-нд нийтлэгдсэн

Том мөнгөн дэвсгэрт гарвал бараа, бүтээгдэхүүний үнэ өснө

Том мөнгөн дэвсгэрт гарвал бараа, бүтээгдэхүүний үнэ өснө

"Ньюс" агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


“БҮХ ЦАГ ҮЕИЙН ХАМГИЙН ЧАДВАРГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР АЖИЛЛАЖ БАЙНА”

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй түүний үүсгэн байгуулсан шинэ нам болон Ардчилсан намын шинэчлэл, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та өнгөрөгч тавдугаар сард Иргэний оролцооны нэгдэл намыг байгуулсан. Шинэ намаар тань сонин сайхан юу байна вэ?

-Тавдугаар сард би нам байгуулахаа нийтэд зарласан юм. Дараа нь улсын бүртгэлийн газарт өргөдөл гаргаж, намын нэр баталгаажуулалт хийлгэж авсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл намаа үүсгэн байгуулах хуралд бэлтгэх ажлыг удирдаж байна. Үүсгэн байгуулах хурлын төлөөлөгчдийг бүх аймаг, дүүргээс сонгосон. Төлөөлөгчдөд үүсгэн байгуулагчдын хурлын зарыг хурлаасаа хоёр сарын өмнө хүргүүлсэн. Одоо аймаг, дүүргүүдэд салбар ажлын хэсэг байгуулах, үүсгэн байгуулагчдын хурлын үеэр болох сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх, нам үүсгэн байгуулах 801 гишүүний бүртгэлийг хүлээж авах ажил ид дундаа явж байна. Үүсгэн байгуулах хурлаа есдүгээр сарын 9-ний өдөр товлож, бэлтгэл ажлаа хийж байна.

-Шинэ нам байгуулахдаа Ерөнхийлөгчийн сонгуультай давхцуулсан  шалтгаан юу байсан бэ. Зарим хүмүүс их гайхаж хүлээж авсан?

-Давхцал гараагүй ээ. Бид үүсгэн байгуулах ажлаа яг хуулийн дагуу дэс дараагаар нь хийхэд дөрвөн сарын хугацаа шаардагдах юм билээ. Тэр цагийн төлөвлөлтөөр явж байна.

-Шинэ нам байгуулснаар Ардчилсан намын хагарлыг улам дэвэргэсэн гэж зарим хүмүүс харж байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Одоогоор манай  Иргэний оролцоо апп-ыг татан авч, гишүүнээр элсэж байгаа хүмүүсийн 90 гаруй хувь өмнө нь ямар нэгэн намд байгаагүй хүмүүс байна. Шинэ хүмүүстэй хамт улс төрд зүтгэхээр эвлэлдэн нэгдэж дээ гэж ойлгосон.

-Таны харж буйгаар АН шинэчлэгдэх боломжтой юу. Шинэчлэгдэж чадах уу?

-Маш хэцүү байдалд байгаа даа. Бүх зүйл залуучуудаас нь л шалтгаална.

-Сүүлийн үед иргэдийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө хууль, хүчний баривчилгаа хэрээс хэтэрч байна. Та хүний эрхийн төлөө дуугардаг цөөн улстөрчдийн нэг. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-МАН засгийн эрхэнд гарсан үед үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, чөлөөт хэвлэлийн эрх чөлөө байнга хумигддаг. Энэ бол сүүлийн 30 жилд үргэлж давтагдаж байсан дүр төрх. МАН-ын шинэ үеийн залуус засгийн эрхэнд гарлаа, өөрсдөө эрх чөлөөтэй нийгэмд өсч өндийлөө, одоо л энэ нам хүний эрхийг ойлгож хүндлэх байх гээд бодох гэхээр л өмнөх дүр төрхөө улам сэргээх юм хийгээд байна. Шинэ дэвшилттэй зүйл харагдахгүй, ажил мэддэг хүн цөөн, төрийн албыг шимэгчлэх сүлжээ болгож ашиглаад байгаа нь харамсалтай байна. Дээр нь хүний эрхийг хүндлэхгүй, хэвлэлийн бага хурал ч хийлгэхгүй, хүний үг хэлэх эрхийг хааж боогоод байхаар хэт давруу зарим нөхөд шууд эрүүгийн хэрэг хийхээ зарлаж байна. Энэ бол МАН-ын буруу манлайлалтай шууд холбоотой. Дээрээ суудлаа олж, хүний эрхээ бат хамгаалдаг болох хэрэгтэй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


"ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ МӨДДӨӨ ОРЖ ИРЭХГҮЙ БАЙХ"

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.

-Цар тахлын нөлөөгөөр олон аж ахуйн нэгж хөл хорионд орж, ашиг орлого, ажлын байраа алдсан. Тиймээс Засгийн газраас эдийн засгаа дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа. Энэ бодлого хэр үр дүнтэй, эдийн засгийн нөхцөл байдал яг ямархуу байна вэ. Яг бодитоор нь та дүгнэж хэлээч?

-Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хүндэрсэнтэй холбоотой төсвийн алдагдал өссөн, эскпорт төсөвлөсөн хэмжээнд хийгдээгүй гээд маш олон асуудал байна. Уг нь дэлхийн түүхий эдийн үнийн өсөлт өндөр байгаа ийм нэн таатай нөхцөл байдлыг бид зөв ашиглаж чадсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй. Харамсалтай нь, үүнд зохистой менежмент хийж чадаагүй. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг иргэд өдөр тутмын худалдан авалтаараа мэдэрч байгаа.

-Шатахууны үнийн өсөлт, Замын-Үүдийн түгжрэл эдийн засагт нэрмээс болчихлоо. Эдийн засгийн хямрал хэдий хугацаанд үргэлжлэх бол. Энэ талаар таамаг байна уу?

-Зөвхөн цар тахал, ачаа бараа болон бензиний үнээс шалтгаалаагүй. Дээр нь Монгол Улсын эдийн засгийн суурь нөхцөл байдал муу байна. Монгол Улс нийт 32.4 тэрбум ам.долларын гадаад өртэй байна. Эдгээр өрүүдийн эргэн төлөгдөх хугацаа энэ жилээс эхэлж байсан. Ийм үед цар тахал гарч, нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн. Эдийн засгийн хямралтай энэ үед вакцинжуулалт болон цар тахлыг даван туулахтай асуудалтай бүх зүйл шууд холбоотой байгаа болохоор таамаг дэвшүүлэх хэцүү байна. Ер нь 2022 ондоо энэ байдал үргэлжлэхээр л байх шиг байна. 2022 он гэхэд дэлхийн хүн амын 70 хувь вакцинжуулалтад хамрагдана гэсэн тооцоо гарсан.

-УИХ-ын дарга Г.Занданшатар Төв банкинд том мөнгөн дэвсгэрт буюу 50 мянгатын дэвсгэрт хэвлүүлэх талаар судалгаа хийхийг үүрэг болгосон. Энэ нь эдийн засагт ямар ашигтай, эсвэл хохиролтой вэ?

-Том мөнгөн дэвсгэртийг улс орнууд өөрийн мөнгөний ханшийн сулралыг удаашруулахын тулд гаргадаг. Гэхдээ тухайн оронд хангалттай хэмжээнд бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспорт болон гадаад хөрөнгө оруулалт байгаа бол энэ нь эдийн засагтаа үр өгөөжөө өгдөг. Монгол Улсын хувьд эдийн засаг төрөлжөөгүй, ихэнх өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ гадаадаас импортлож байгаа үед эдийн засагтаа илүү сөрөг нөлөөтэй. Хэрвээ ийм нөхцөл байдалтай байвал инфляцийг өдөөж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ маш хурдацтай өснө гэсэн үг. Бараа, бүтээгдэхүүний үнэ чөлөөтэй өснө. Тэгэхээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсч, хяналтаас гарна. Ингэснээр хүмүүсийн худалдан авах чадвар буурна, зарим хүмүүс их хэмжээний бараа, бүтээгдэхүүн худалдан авч нөөцлөх болно. Жишээ нь, Венесуэл, Зимбабве зэрэг орнууд гиперинфляцитай тэмцэхэд ийм алхмууд авч хэрэгжүүлж байгаа боловч ямар ч нэмэр болоогүй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


“ЭДГЭРСНИЙ ДАРАА УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ"

Covid-19 авч, эдгэрсэн хүмүүсийн хувьд эхний хэдэн сардаа зовиур нь арилахгүй байгааг эмч мэргэжилтнүүд хэлж буй. Эдгэрсний дараа уламжлалт эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэх талаар “Ар үр” эмнэлгийн ерөнхий эмч Э.Гаваатай ярилцлаа.

-Уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн залуу эмч гэж дуулсан. Яагаад уламжлалтын эмч мэргэжлийг сонгох болов?

-Юуны өмнө News.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд 2005 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг уламжлалтын их эмч мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгсөөд, мэргэжлээрээ 16 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Орос улсад хануур хорхойн эмчилгээний чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээс гадна Хятадад анагаах ухааны чиглэлээр суралцсан. Би багаасаа эмч болох хүсэлтэй, химийн хичээлдээ сонирхолтой хүүхэд байлаа. Өвөг эцэг маань нутагтаа эм тан барьдаг лам хүн байсан гэдэг. Тэгээд ч тэр үү, удам дамжсан уламжлалтын эмч болсон доо. Уламжлалт анагаах ухааны “Ар үр” эмнэлгээ 2009 онд байгуулж, иргэдэд уламжлалт анагаахын эмчилгээ болон хануур хорхойн эмчилгээний чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

-Цар тахлын хатуу хөл хорионы үеэр судалгаа хийж, цахим ном гаргасан гэсэн. Хөл хорио иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байсан бэ?

-Манай эмнэлэг нийт 1200 хүнийг хамруулан хөл хорионы үед хүний биед ямар сөрөг өөрчлөлтүүд гарч байна вэ гэдгийг судалсан. Уг судалгаанаас харахад хүмүүсийн дунд толгой өвдөх, нойргүйдэх, жин нэмэх, нуруу өвдөх, дархлаа сулрах зэрэг нийтлэг шинж тэмдэг ажиглагдсан. Тухайн үед өвлийн хатуу хөл хорионы үе таарсан. Энэ үед хүмүүс өөрийгөө болон гэр бүлийнхээ гишүүдийг эрсдэлд оруулахгүйгээр хайртай хүмүүсээ гэрийн нөхцөлд хэрхэн эмчилж, анагааж өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд туслах зорилготойгоор цахим ном болгон эмхэтгэн гаргасан. Цахим номоо манай эмнэлгээр үйлчлүүлж буй хүн бүрт нийгмийн хариуцлагын хүрээнд үнэгүй бэлэглэж байна. Хөл хорио цуцалснаас хойш эмчлүүлэхээр ирж байгаа хүмүүс доод тал нь 3-20 килограмм жин нэмсэн байна. Хүний биеийн жин нэмэгдээд ирэхээр нуруу өвдөж эхэлнэ. Жингээ хасч, дасгал хийе гэхээр нуруу нь өвдөөд хөдөлгөөн хийж чаддаггүй байдал ажиглагдаж байгаа тул энэ тал дээр манай эмнэлэг фитнес, бодибилдингийн мэргэжлийн багш дасгалжуулагч нартай хамтран ажиллаж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж