УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд явуулахаар парламентаас товлосон.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.8-д “Ээлжит бус нөхөн сонгуулиар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь Төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ” гэж заажээ.
Үүний дагуу Үндэсний аудитын газарт МАН, АН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Зөв хүн электорат эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлсэн.
Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) УИХ-ын нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, СЕХ сонгуулиар баримталсан зарчмынхаа дагуу М.Тулгат даргатай АН-ыг УИХ-ын нөхөн сонгуульд оролцуулахар бүртгэсэн байна.
Улмаар дээрх есөн нам, нэг эвслийг УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламжийг нь гардуулжээ. Хоёр хуваагдаад буй АН хоёулаа дангаараа УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн билээ.
УЛС ТӨРИЙН НАМУУД НЭГДЭЖ, ЭНЭ СОНГУУЛЬД ОРВОЛ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ
М.ТУЛГАТ ДАРГАТАЙ АН-ЫН ДЭД ДАРГА Р.ЭРДЭНЭБҮРЭН:
-Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар тойрогт нөхөн сонгуульд оролцох ажлын хэсэг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажилдаа орлоо. Хоёр зүйлд санал нэгдлээ. Эрх баригчид цадигаа алдаж, иргэдээ сонсохоо больсон. Тиймээс эрх баригчдад дуу хоолойгоо хүргэх үүднээс сөрөг хүчин нэгдэж, хүчтэй болох ёстой. Энэ зорилгоор АН-ын дотоод эв нэгдлээ хангаж, УИХ-д суудалгүй улс төрийн намууд нэгдэж энэ сонгуульд орвол илүү үр дүнтэй. Энэ чиглэлээр уулзалтууд зохион байгуулахаар ярьж байна. Иймд нам доторх бусад бүлэг, хэсгүүдийг сонгуульд нэгдэж орохыг уриалж байна. АН бол нээлттэй нам. Тэгэхээр дүрмийн дагуу шаардлага хангасан АН-ын гишүүн нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй. Нэр дэвшигчийг анхан шатнаас нь эхлэн тойргийн гишүүдээр хэлэлцүүлж, намын хороо, тойргийн зөвлөл, эцэст нь сонгон шалгаруулах хороогоор оруулж байж Үндэсний бодлогын хороогоор баталгаажуулдаг.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ