Автомашины тоо сүүлийн хоёр жилд 100 мянга орчмоор нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.08.13-нд нийтлэгдсэн

Автомашины тоо сүүлийн хоёр жилд 100 мянга орчмоор нэмэгджээ

  Өдөртөө 110 мянган хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь зөөдөг гэсэн тооцоо гарсан гэв

Автомашины тоо сүүлийн хоёр жилд 100 мянга орчмоор нэмэгджээ

Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто  замд ачаалал үүсдэг. Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг нэг дүүргээс нөгөө рүү, хотын захаас төв рүү зөөж байгаа нь хотын түгжрэлд нөлөөлж буй. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Улаанбаатар хотын замын хөдөлгөөний талаарх нарийвчилсан судалгаа хийсэн гэсэн. Судалгааны дүнг товчхон танилцуулахгүй юу?

-Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 2019 оны бүх камерыг шүүж, авто замын зорчих хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоог бүтэн жилээр нь гаргаж үзлээ. Ковидгүй, өндөр ачаалалтай байсан үе гэж 2019 оныг сонгож авсан. Долдугаар сард амралт, аялал зугаалгын үе таарч, замын ачаалал эрс хөнгөрдөг. Наадмын үеэр өдөртөө 150-170 мянган тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөнд оролцсон нь судалгаанаас харагдсан. Харин наймдугаар сарын 15-наас замын хөдөлгөөний ачаалал одоо үеийнхээс хамгийн багадаа хоёр дахин нэмэгддэг. 2019 оны наймдугаар сард өдөртөө 373 мянган машин замын хөдөлгөөнд оролцож байсан. Одоо бол энэ тоо 500 мянга руу дөхсөн. Учир нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд автомашины тоо 100 мянга орчмоор өссөн байгаа юм. Энэ өндөр ачааллын үе аравдугаар сарын сүүл үе хүртэл үргэлжилдэг. Харин сурагчдын нэгдүгээр улирлын амралтын үеэр замын түгжрэл 28 хувь буурсан байдаг. Судалгаанаас түгжрэл арванхоёрдугаар сард дахин нэмэгддэг болох нь харагдсан. Харин нэгээс дөрөвдүгээр сард түгжрэл 16-25 хувиар буурсан гэх тоо байна.

-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлмэгц замын ачаалал нэмэгдэж, хүүхдүүдийг хамран сургах тойрогт нь сургадаггүйгээс хотын замд ачаалал үүсэж байгаа нь судалгаагаар батлагджээ. Цаашид хэрхэн шийдвэл оновчтой вэ?

-Авто замын түгжрэл өсөж, буурч буй шалтгааныг нарийвчлан судалж, хүн амын нягтаршил болоод сургууль, цэцэрлэгийн ачааллыг тооцож үзлээ.  Өдөртөө 110 мянган хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь зөөдөг гэсэн тооцоо гарсан. Энэ нь үндсэн хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, хотын захын хэсэгт буюу хамран сургах тойрогт нь сургууль, цэцэрлэг хангалтгүйн улмаас хүрэлцээ сайтай төвийн хэсгүүд рүү хүүхдүүдээ зөөх динамик хөдөлгөөн үүсдэг. Хоёрдугаарт, эцэг эхчүүд сайн сургууль цэцэрлэгийн араас хөөцөлддөг тал бий. Тэгэхээр цаашид хамран сургах тойргийн хүрээн дэх сургууль, цэцэрлэгийн тоог нэмж, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ  дүүрэг бүрд жишиг, сайн сургууль бий болгох ёстой. Бага, дунд, ахлах сургуулийг хооронд нь эрэмбэлэн, орон зайн зохион байгуулалтад оруулж, системчлэх шаардлагатай байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж