"Тээврийн хэрэгслээр дамжин могой орж ирж байна"

Хуучирсан мэдээ: 2021.08.13-нд нийтлэгдсэн

"Тээврийн хэрэгслээр дамжин могой орж ирж байна"

Хөдөө явсан 2-3 машины моторын хэсэгт могой орсон байжээ.

"Тээврийн хэрэгслээр дамжин могой орж ирж байна"

Сүүлийн үед нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт хортой могой олноор орж ирэх болсон. Тиймээс иргэдийг могойнд хатгуулахаас сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг албаныхан анхааруулж буй. Энэ жил хотод хортой могой олноор орж ирэх болсон шалтгааныг нийслэлийн Байгаль орчны газрын хэлтсийн дарга Ц.Цолмонбаатараас тодрууллаа.


-Улаанбаатар хотын төвд хортой могой үзэгдэх болсон. Энэ жил суурьшлын бүсэд могой олноор орж байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Нийслэл орчмын бүсэд бамбай хоншоорт хортой могой, рашааны могой гэх хоёр зүйлийн могой элбэг тархсан байдаг. Сүүлийн жилүүдэд суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотойгоор зэрлэг амьтан, хүн хоёрын амьдрах орчин давхцах болсон.

Хотын захын дүүргүүдээр үерийн ус болон идэш тэжээл хайж могой орж ирж байгаа бол төвийн дүүргүүдэд аялал зугаалгаар явсан иргэдийн тээврийн хэрэгслээр дамжин могой орж ирж байгааг тогтоосон. Хөдөө явсан 2-3 машины моторын хэсэгт могой орсон тохиолдол гарсан.

-Хортой могойнд хатгуулж, гэмтэж бэртсэн дуудлага хэр ирж байгаа бол?

-Тэр мэдээллийг эмнэлгийн байгууллагаас авах хэрэгтэй. Улаанбаатар хотын суурьшлын бүс рүү могой орж ирсэн 30 гаруй дуудлагыг хүлээн авсан. Ихэнх хувийг бамбай хоншоор могой буюу хортой могой эзэлж байна.

Хотын суурьшлын бүсэд байгаа иргэдэд анхааруулж хэлэхэд хот дотор могой харсан бол нийслэлийн Байгаль орчны газрын 323780 /11/ дугаарын утсанд яаралтай мэдэгдэх ажлын бус цагаар нийслэлийн шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 310005 /11/ дугаарын утсанд мэдэгдэхийг зөвлөе.

-Иргэдийн дуудлагын дагуу могойг барьж, байгальд нь байршуулдаг уу?

-Мэргэжлийн хүмүүс очтол могойн байршлыг сайтар харж байх хэрэгтэй. Иргэд дуудлага өгчихөөд яваад өгдөг. Бид дуудлагын дагуу очиход могой байдаггүй, заримдаа хайгаад олддоггүй. Хэрвээ могойд хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.

Бид иргэдийн дуудлагын дагуу могойг очиж аваад, суурьшлын бүсээс гадна байгальд нь тавьдаг. Ялангуяа хотын захын дүүрэг болох Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт үерийн усаар дамжин могой орж ирсэн гэх дуудлага түлхүү ирж байна.

-Иргэд могойг хортой хоргүйг хараад мэдэх боломжтой юу?

-Бамбай хоншоорт бол хортой могой. Иргэд гаднаас нь хараад рашааны, бамбай хоншоорт могой гэж ялгах боломжгүй. Мэргэжлийн хүмүүс могойг хүүхэн хараагаар  нь ялгана. Суурьшлын бүсэд могой харсан тохиолдолд яаралтай мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй. Могойг оролдох хэрэггүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж