Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Лхагва гаригт /2021.8.13/ Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд ургац хураалтын ажилд 50 мянган төгрөгийн цалинтайгаар иргэдийг хамруулах тухай ярьсан. Энэ шийдвэр хэзээнээс хэрэгжих болон цалин урамшууллын ханшийг баталсан эсэхийг ХХААХҮЯ-наас тодруулахад иргэдэд олгох цалинг эцэслэн батлаагүй гэлээ.
Засгийн газраас мэргэжлийн сургалт үйлдвэрийн коллеж, их дээд сургуулийн оюутнууд, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад хамруулах чиглэлээр тогтоол гарсан. Гэхдээ эдгээр иргэдийг дайчилж, үнэгүй ажиллуулна гэж ойлгож болохгүй юм. Одоогоор аж ахуй нэгжүүдийн хувьд 8000 орчим ажиллах хүн хэрэгтэй байгааг салбарын сайд Засгийн газрын хуралдаанаар хэлсэн.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, ургац хураалт дээр ажиллах хүнийг өдөрт дунджаар 50 мянган төгрөгийн цалин урамшуулал олгох талаар ярилцсан. Гэхдээ яам болон аж ахуй нэгжүүд санал хүсэлтээ солилцож албан байдлаар батлаагүй. Ямартай ч ирэх долоо хоногийн эхээр ургац хураалтад сайн дураар ажиллах хүсэлтэй иргэдийн тоо болон цалин хангамжийг эцэслэн батлах аж.
Мөн эхний ээлжид 8000 гаруй хүн хэрэгтэй гэсэн статистик байгаа ч ургац хураах аж ахуй нэгжүүдэд үүнээс олон хүн ч хэрэг болж магадгүй. Өдөрт олгох дундаж цалинг урьдчилсан байдлаар 50 мянган төгрөг гэж тооцоолж байна. Энэ ханш журмын дагуу өөрчлөгдөж магадгүй. Гол нь аж ахуй нэгж, яам, Засгийн газар харилцан уялдаа холбоотойгоор ургац хураалтад оролцоно гэлээ.
Энэ жил нийт 616 мянга га талбайд үр тариа тарьсан. Үүний 416.8 мянга га талбайд улаан буудай, 19.1 мянган га талбайд төмс, 9.4 мянган га талбайд хүнсний ногоо, 10.4 га талбайд тосны ургамал, 4.7 мянган га талбайд жимс жимсгэнэ тариалсан. Ургац хураалтын ажил эхлэх болж байгаа учир ажил хайж байгаа болон оюутан залуус, цэргүүдийг оролцуулах санал гаргаад байгаа юм.
Холбоотой мэдээ