Германд вакцины оронд давсны уусмал тарьсан хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2021.08.13-нд нийтлэгдсэн

COVID-19

Германд вакцины оронд давсны уусмал тарьсан хэрэг гарчээ

Германд вакцины оронд давсны уусмал тарьсан хэрэг гарчээ

Германы хойд нутагт сувилагчийн буруутай ажиллагааны улмаас 8000 гаруй хүн дахин вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай болжээ. Тодруулбал, Германы Фрисланд дахь Роффхаузены дархлаажуулалтын төвийн нэгэн сувилагч гурав, дөрөвдүгээр сард иргэдэд вакцины оронд давсны хоргүй уусмал тарьсан нь тогтоогджээ. Тиймээс тухайн цаг үед буюу гуравдугаар сарын 5-наас дөрөвдүгээр сарын 20-ны хооронд Роффхаузены төвд вакцинд хамрагдсан 8557 хүнийг аюулгүй байдлын үүднээс дахин вакцин хийлгэхийг орон нутгийн захиргаанаас уриалжээ.

Орон нутгийн цагдаагийн газраас 40 настай сувилагчийн хэргийг шалгаж байна. Одоогийн байдлаар зургаан хүнийг уг давсны уусмалаар тарьсан болохыг баттай тогтоожээ. Уусмалаар тариулсан байх эрсдэлтэй хүмүүсийн дотор 70-аас дээш насны эрсдэлтэй бүлгийнхэн цөөнгүй байна. Мөрдөн байцаагч Петер Бийрийн мэдэгдсэнээр,  "Covid-19" цар тахлын халдварын тархалтыг зогсоох зорилгоор засгийн газраас хэрэгжүүлсэн хязгаарлалтуудыг тэрбээр шүүмжилж, вирустэй холбоотой  “ноцтой” мэдээллүүдийг олон нийтийн сүлжээгээр хуваалцаж байжээ.

Сувилагч эмэгтэйн хувьд вакцинийг шалан дээр санаандгүй унагаасны улмаас зургаан хүнд давсны хоргүй уусмал тарьсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Гэвч мөрдөн байцаалтын үр дүнд үүнээс олон хүн Файзер, Биотек вакцины оронд давсны уусмал тариулсан болох нь тогтоогдсон байна. Одоогийн байдлаар вакцинд дахин хамрагдах хүсэлтэй 3,600 хүн байгаа аж. Цагдаа нар сувилагчийн үйлдэлд улс төрийн нөлөө байхыг үгүйсгэхгүй гэсэн юм. Гэвч өмгөөлөгчдийн зүгээс санаандгүй ослоо нуухыг оролдсон үйлдэл болохыг онцлоод давсны уусмалын хэмжээг буруу мэдээлсэн гэжээ. Сувилагчид одоогийн байдлаар ямар нэгэн ял төлөвлөөгүй байна.

С.Нарангарав

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж