Айвал бүү хий, хийвэл бүү ай, Ерөнхий сайд аа!

Хуучирсан мэдээ: 2021.08.13-нд нийтлэгдсэн

Айвал бүү хий, хийвэл бүү ай, Ерөнхий сайд аа!

Айвал бүү хий, хийвэл бүү ай, Ерөнхий сайд аа!

Тэрбээр өөрийн биеэр нөхцөл байдалтай  танилцаж, сарын хугацаатай үүрэг  даалгавар өгснөөс хойш 40, түүний танхимын хуулийн сайд Х.Нямбаатар Замын-Үүдийн мафитай Засгийн газар тэмцэхээр  болсноо зарласнаас хойш яг 37 хонож байна.

Энэ хугацаанд Замын-Үүдийн боомтын ажлыг сайруулахаар  АТГ, ТЕГ, ЦЕГ зэрэг хууль хяналтынхныг багтаасан ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар газар дээрээс нь сүр дуулиантай баривчилгаа явуулж, зургаан албан тушаалтныг түр саатуулаад сулласан, Шадар сайд С.Амарсайхан өмнө нь чиглэл хэлдэг байснаа больж, үүрэг өгдөг болсныг эс тооцвол, байдал яг бахь байдгаараа.

Уг нь Л.Оюун-Эрдэнэ ч, Х.Нямбаатар ч их зоримог мэдээлэл хийж, Замын-Үүдийн мафитай залуу сайд нар зад тэмцэх нь гэсэн итгэл найдвар төрүүлсэн. Улсаа бодох уу, журмын нөхдөө сонгох уу дээрээ тулж байгаагаа нууж хаалгүй илэрхийлсэн Ерөнхий сайдын үг  бүр ч үнэмшилтэй сонсогдсон. Даанч, энэ хүрээд эрх баригчдын энтертаймент нь дуусчээ.

Замын-Үүд дээр халаа сэлгээ хийгээд юу ч өөрчлөгдсөнгүй. Нэмэгдэхүүний байрлалыг солиход нийлбэр дүн өөрчлөгдөхгүй гэдэг.

Уг нь Засгийн газар хилийн боомт дээр үүссэн асуудлыг яаралтай шийдвэрлэж,  экспорт, импортыг гацааг арилга гэж  бүрэн эрхт төлөөлөгчөөрөө  зургаан хүнийг томилсон. Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, ЗХЖШ-ын орлогч, Бригадын генерал Ц.Жавхланбаатар, хурандаа В.Намхайнямбуу, НМХЕГ-ын дарга Л.Эрдэнэчулуун,  НГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь ГЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүх, Дорноговь аймгийн АТҮТ-ийн дарга Ж.Сүхбаатар нарыг.  Ерөнхий сайдаас сарын хугацаатай үүрэг даалгавар авсан тэд ариутгалын ногоон хаалгыг сольсноос өөрөөр гялайлгаж, гялтайлгасан ажил хийсэнгүй.

Засгийн бүрэн эрхт төлөөлөгч Б.Отгонсүх  хэлэхдээ гаалийн байгууллага хурдан шуурхай ажиллахыг хичээж байгаа гэв. Зүй нь хичээх биш хурдан шуурхай ажиллах үүрэгтэй. Үүний тулд л татвар төлөгчдийн мөнгөнөөс  цалинжиж байгаа хүмүүс шүү дээ.  Бүрэн эрхт төлөөлөгч цааш ярихдаа “Урд хөршийн хилийн боомт дээр үлдсэн 20 мянган тонн ачааг наймдугаар сард багтааж татна. Замын-Үүд дэх боомтын зөвлөл Монгол Улсын Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу тээврийн зардлыг гурав дахин бууруулах шийдвэрийг гаргасан” болохыг дуулгав.

Тээврийн зардал гурав дахин буурсан тухайд бас нэг бүрэн эрхт төлөөлөгч В.Нямхайнямбуу жолооч нартай хариуцлагын гэрээ байгуулж,  Эрээн хотоос Улаанбаатар хүрэх тээврийн хэрэгслийн хөлсийг 10 сая төгрөг байхаар тогтоосон тухай, жолооч гэрээ байгуулбал Эрээн рүү автомашиныг нь нэвтрүүлэхээр болсноо хэвлэлд ярьж. Тээврийн хэрэгслийн хөлсийг 10  сая төгрөгөөс хэтрүүлж байгаа эсэхэд хуулийн байгууллагуудтай хамтарч хяналт тавих юм байх.  Ж.Сүхбаатар гэх засгийн төлөөлөгчийн ярьснаар бол. Ажил сайжруулах үүрэгтэй төлөөлөгчид ачааны эзэд, жолооч нар хаа хаанаа хариуцлагатай байж, гэрээний үүргээ биелүүлэхийг шаарджээ.

Засгийн газар тэднийг төрийн дарамт, хүнд суртал авлигыг алга болгоод өг гэж томилсон болохоос ачаа тээврийн үнэд төр оролцоод, бизнес эрхлэгчид, тээврийн жолооч нарыг айлгаад ир гэж явуулаагүй байлтай.

Харамсалтай нь,  Засгийн элч нарын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг харахад хон хэрээнийх нь хоёр нүдийг ухсан болдоггүй бор өвгөний нисдэг морийг нь ид гэж хурмастын хаан хоёр чоноо явуултал нисдэггүй бор морийг нь идчихээд ирдэг шиг л юм болоод байгаа юм даг уу даа.

Замын-Үүдийн гацаа, түгжрэлийн буруутан нь эцэстээ ачаа тээврийн жолооч, бизнес эрхлэгчид болж байх шиг. Засгийн томилсон элч төлөөлөгчдийн байр сууриас харвал шүү дээ.

Ариутгалын хаалгыг захын хувийн компани Alibaba сайтаас захиалаад гурван хоногийн дотор өлхөн угсруулаад босгочхож чадна. Гэтэл Замын-Үүд дээр хэчнээн сараар тээг, гацаа үүсгэв ээ. Ерөнхий сайд өөрийн нүдээрээ хараагүй бол нөгөө “ногоон хаалга”-тайгаа сууж байж мэдэх юм.

Үндсэндээ, өргөн хэрэглээний болон бусад бараа таваарын үнийн хөөрөгдөлтөд шатахууны үнийн нэмэгдлээс илүү Замын-Үүдийн гацаа нөлөөлсөн. Бизнес эрхлэгчид авлигын өртөг, ханшийн алдагдлаа үнэд шингээгээд зарчихна. Эцсийн хэрэглэгчид буюу энгийн иргэд Замын-Үүдийн асуудлын гол хохирогчид болж байна. Монгол Улс хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүний 80 хувийг гаднаас авдаг. Мах, гурил, төмс, эсгий шаахайнаас бусдыг нь гэсэн үг.

Замын-Үүдийн түгжрэл зөвхөн өнөөдөр үүсчихсэн асуудал биш юм. Ганц Замын-Үүдийн асуудал бас биш.  Хилийн боомтуудын лдээр  жилийн турш хуримтлагдсан төрийн мафийн, хүнд суртал, авлигын үр дагавар цар тахлаар л илэрч байгаа хэрэг. Энэ бол мөсөн уулын орой төдий. Замын-Үүдийн түгжрэлээс болж баривчлагдсан зургаан албан тушаалтан бол жижиг жараахайнууд. Журмын нөхдөө жаахан “ухах” юм бол мафийн гол толгойлогчид нь МАН-ын пентхаус, Төрийн ордон хавиас олдох байх. Засгийн танхимд ч Замын-Үүдийн мафийн төлөөлөгчид сууж байхыг хэн мэдлээ. АТҮТ-өөс олгодог ачаа тээврийн “С” зөвшөөрөл бол авлигын бас нэг үүр уурхай болчихсон. Замын-Үүдийн гаалийн ажилтнууд сейфнийхээ ард боодол мөнгө хийж байгаад АТГ-т гардуулж байсан удаатай. Гэх мэтчилэн үндсийг цэвэрлэхгүйгээр Замын-Үүдийн болоод хилийн боомтуудын асуудлыг цэглэж чадахгүй. Аливаа муу зүйлд ч сайн тал байдаг гэдэг дээ. Яг энэ асуудлаар далимдуулаад Замын-Үүдийн мафийг, төрийн авлигыг зад цэвэрлэх боломж Ерөнхий сайдад байна. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэж!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
19
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж