АНУ явган цэргийн гурван батальоныг Афганистаны нийслэл Кабул хот руу илгээхээр болсноо өнөөдөр мэдэгдлээ. Эдгээр цэрэг Кабул хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудыг нутаг буцах үед аюулгүй байдлыг ханган ажиллах аж. АНУ-ын Төрийн департментийн хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс “Афганистанд нөхцөл байдал өөрчлөгдөж буйтай холбогдуулан Кабул дахь иргэдээ татах болно. Бид ирэх долоо хоногуудад дипломат төлөөлөгчийн газраа хаахаар төлөвлөж байна. Тиймээс иргэдээ татан авах ажиллагаанд зориулж Хамид Карзайн олон улсын нисэх буудал руу нэмэлт хүч илгээхээр боллоо” гэж ээлжит хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.
Гэхдээ АНУ нь Афганистан дахь Элчин сайдын яамны үйл ажиллагаагаа зогсоохгүй гэдгийг тэрбээр мөн нэмж хэлэв. Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, Пентагоны тэргүүн Ллойд Остин нар Афганистаны ерөнхийлөгч Мохаммад Ашраф Ганитай утсаар холбогдож ажлын төлөвлөгөөгөө гаргасан байна. Ийнхүү Кабул хот руу 3000 явган цэргээс бүрдсэн гурван батальоныг 24-48 цагийн дотор илгээхээр шийдвэрлэжээ. Мөн Цагаачдын тусгай виз авахаар өргөдөл гаргасан Афганистан иргэдийн баримт бичгийг шийдвэрлэх ажилд дайчлуулахаар АНУ-ын арми, агаарын цэргийн хүчний хамтарсан багийн 1000 орчим ажилтныг Катар руу илгээх гэнэ. Өнөөдрийн байдлаар тус улсад АНУ-ын 650 орчим цэрэг байрлаж, Элчин сайдын яамны 1400 орчим ажилтан ажиллаж байгаа юм.
АНУ элчин сайдын яамны ажилтнуудаа цомхотгож, цэргийн хүчээ нэмэгдүүлэхээр болсон нь Талибаны зэвсэгт бүлэглэлийн цэргийн ажиллагаа улам бүр идэвхжиж байгаатай холбоотой юм. Босогчдын бүлэг өчигдөр өглөө Афганстаны зүүн хэсэгт байрлах Газни мужийн төв Газни хотыг эзлэн авснаар долоо хүрэхгүй хоногийн дотор нийт 10 мужийн төвд хяналтаа тогтоожээ. Дайны хөлд нэрвэгдсэн тус улсын нөхцөл байдал АНУ тавдугаар сарын 1-нээс цэргээ татаж эхэлсэнээс ийнхүү хурцдах болов. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Афганистаны 34 мужийн тэн хагаст Афганистаны цэргийн анги болон зэвсэгт дайчдын хооронд ширүүн тулаан болсон юм.
Ерөнхийлөгч Жо Байден энэ сарын сүүлээр цэргийн бүрэлдэхүүнээ бүрэн татах тушаалыг буулгасан ч агаарын хүч болон зэвсэг техникийн туслалцааг үргэлжлүүлэн олгоно гэжээ. Тэрбээр өчигдөр хийсэн мэдэгдлийнхээ үеэр Афганистаны цэргийн хүчийг өөрсдийнхөө төлөө, үндэстнийхээ төлөө үргэлжлүүлэн тулалдахыг уриалсан бөгөөд “Бид амлалтаа үргэжлүүлэн биелүүлэх болно. Гэхдээ би гаргасан шийдвэртээ харамсахгүй байна” гэсэн юм.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: XINHUA AGENCY
Холбоотой мэдээ