Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ өнөөдөр /2021.08.13/ Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал дараах мэдээллийг өгсөн юм.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.БАТТӨР:
-Вакцинд хамрагдсан болон халдвар аваад эдгэрсэн хүмүүс нь вакцинд хамрагдаагүй хүмүүсийг халдвартай хүнээс хамгаалах бамбай болдог. Тиймээс халдварын тохиолдлын бага хэмжээнд барихын тулд вакцинжуулалтад хамрагдах нь хамгаас чухал. Сүүлийн үед нийслэлд буурч, орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэж байна. Тодруулбал, өдөрт бүртгэгдэх халдварын нийт тохиолдлын 70-80 хувь нь орон нутагт бүртгэгдэж байна. Орон нутагт халдвар нэмэгдсэнээр эмч, эмнэлгийн ажилтны хүрэлцээ, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц зэрэг хүндрэлтэй асуудлууд гарах болсон.
Баян-Өлгий аймагт өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын 30 гаруй хувь нь дангаараа илэрч байна. Сүүлийн долоо хоногт Ховд аймагт өдөрт 100-аас дээш тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр аймагт аялал жуулчлалын улмаас халдвар зөөвөрлөгдсөн. Үүнээс гадна Баян-Өлгий аймагт олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурим найр их болсон. Энэ нь зөөвөрлөгдөж ирсэн халдварыг хүн амын дунд тархахад нөлөөлсөн. Тус аймаг вакцинжуулалтаараа ч хамгийн бага хувийг эзэлдэг. Харин Ховд аймагт гэхэд өнгөрсөн долоо хоногт даншиг наадам болсноос үүдэн халдвар нэмэгдсэн. Бусад аймгуудад халдварын тохиолдол харьцангуй тогтвортой байна.
Энэ долоо хоногт нийт эерэг илэрч байгаа шинжилгээний 10-20 хувьд нь PCR шинжилгээнд суурилсан мутацид орсон вирус илрүүлэх шинжилгээг хийсэн. Ингэхэд долоо хоногийн буюу нийт 369 сорьцоос 39 сорьцид нь Дельта вирус илэрсэн. Өөрөөр хэлбэл, батлагдаж байгаа тохиолдлын арав орчим хувьд нь Дельта эзэлж байна. Харин Япон Улс руу долдугаар сарын 16-нд явуулсан 260 орчим сорьцоос эхний 38 сорьцын хариу гарсан. Үүн дотор Альфа мутаци 32, Монголд үүссэн мутаци 4, Дельта 2 тус, тус илэрсэн. Гурав дахь тунтай холбоотой олон улсын судалгааг дурдахад “Синовак вакцины хоёр дахь тун нь дархлалын сайн санамжийг үүсгэж 6-8 сарын дараа гурав дахь тунг хийхэд хүчтэй дархлалын хариу үйлдэл үзүүлж байна. Гурав дахь тунгийн дараа саармагжуулах эсрэг биеийн хэмжээ 3-5 дахин өндөр байгааг тогтоосон. Астра Зенека вакцины гурав дахь тунг хийснээр уургийн эсрэг биеийн хариу урвалыг нэмэгдүүлсэн. Гурав дахь тунгаас хойш 28 дахь өдрөөс хойш эсрэг биеийн түвшин нь хоёр дахь тунгаас хойш 28 дахь өдрийн түвшнөөс өндөр байгааг тогтоосон” гэжээ. Монгол Улс хэдийд, ямар насны хүнд гурав дахь тунг хийх талаар судалж байна. Гурав дахь тунг хийлгээд халдвар авахгүй гэсэн үг огт биш гэв.
Харин Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Япон, АНУ-руу явуулсан сорьцийн 5-10 хувьд нь дельта вирус илэрч байна. Бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу бусад улс орны жишгээр эерэг гарч байгаа бүх сорьцид мутаци илрүүлэх шинжилгээг тогтмол хийж байна. Бүсийн наадмыг зохион байгуулсан Ховд, Сэлэнгэ аймгууд үнэхээр хариуцлаггүй байна. Дээрх аймагт нийслэл болон бусад аймгуудаас маш олон хүн цугларсан.Наадам хийснээс хойш 7-10 хоногийн дараа орон нутгийн өвчлөл эрс нэмэгдсэн. Дельта вирусийн тохиолдол илрэх ч эрсдэл үүссэн. Орон нутгийн иргэд нийслэлийн иргэдийг бодвол халдвар хамгааллын дэглэмийг баримтлах нь сул байна. Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө орон нутгууд бүсийн наадам хийхгүй байх нь зөв. Үүнээс гадна, Япон улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монголд удахгүй мутац вирусийн хоёр лаборатори ашиглалтад орно. Тун удахгүй ХӨСҮТ-д 34 мянган хүн дээр хийгдсэн олон улсын түвшний судалгаа хэвлэгдэнэ. Энэ нь вакцины бодит байдлын үр нөлөөг шинжилсэн. Өндөр түвшинд хийгдсэн уг судалгааг олон улсын сэтгүүлд нийтлүүлнэ.50-аас дээш насны хүмүүсийн дархлаа тогтоц ямар ч вакцин дээр сул байна. Вакцины нөлөө энэ насны хүмүүст сар тутам 6-7 хувиар буурч байна. Аль ч вакцин тодорхой хэмжээгээр буурдаг"гэж мэдээлэл хийх үеэр анхаарууллаа.
ЭМЯ: Covid 19 халдварын нөхцөл байдлын мэдээлэл
ЭМЯ: Covid 19 халдварын нөхцөл байдлын мэдээлэл
Posted by News.mn on Thursday, August 12, 2021
Холбоотой мэдээ