АНУ яагаад 20 жилийн дараа цэргээ татав?

Хуучирсан мэдээ: 2021.08.13-нд нийтлэгдсэн

АНУ яагаад 20 жилийн дараа цэргээ татав?

АНУ яагаад 20 жилийн дараа цэргээ татав?

Жорж Бушаас хойшхи АНУ-ын бүхий л ерөнхийлөгч Афганистаныг орхиж, эх орондоо бүтээн байгуулалт хийх цаг болсон гэж хэлдэг байв. Харин энэ бүхэн 20 жил үргэлжлэсний эцэст АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байден ажил хэрэг болголоо. Тэрбээр дэд бүтцийн зардалд 4.5 их наяд гаруй ам.долларыг төсөвлөсөнөөс гадна гадаад бодлогын хувьд сүйрэл дагуулж мэдэхүйц Афганистаны урт удаан дайныг орхисноор өөрийгөө ерөнхийлөгчийн хувиар бүрэн дүүрэн харуулж чадлаа гэж улс төрийн шинжээчид үзэж байна.

Энэхүү хоёр түүхэн шийдвэрийн хажуугаар Байдены засаг захиргаа цар тахалтай дахин дахин тэмцэж байгаа нь түүнийг бас нэгэн онцлог ерөнхийлөгч болгожээ. Учир нь өдгөө 78 настай тэрбээр энэхүү түүхэн цаг мөчид хамгийн амаргүй замыг туулж байгаа ч өнгөрсөн олон жилийн турш тээж явсан Америк мөрөөдлөө орхиогүй юм. Мягмар гаригт Сенат уламжлалт дэд бүтцэд 1.2 их наяд долларыг баталсан нь Мягмар гарагт Байдены хувьд маш том ялалт байв. Улс төрийн хувьд хуваагдмал болсон улс оронд үндэсний итгэл найдвар, эв нэгдлийг эргүүлэн авчирна гэж тэр амлаж байсан юм.

Эрүүл мэндийн халамж, хүүхдийн тэтгэмж, боловсрол зэрэг "хүний" дэд бүтцэд чиглэсэн 3.5 их наяд ам.долларын төсвийн тогтоолыг Лхагва гаригийн өглөө Сенатаас баталсан байна. Ажилтай америкчуудыг дэмжихэд засгийн газрын бүх хүч чадал орших ёстой гэдэг нь Байдений тулгуур үзэл юм. Мөн ядуурлыг бууруулж, эдийн засгийг сэргээхийн тулд засгийн газрын зүгээс хийж болох хамгийн чухал зүйл бол иргэддээ үндэсний итгэл найдварыг эргэн төрүүлэх гэж үздэг аж.

Байден Лхагва гаригт хэлэхдээ "Америк эдийн засгийн эргэлт хийж байгаад итгээрэй … энэ удаад хүн бүхэнд хүрч, хөдөлмөр эрхэлж буй гэр бүлүүдийн ачааг хөнгөвчлөх болно гэдэгт би итгэлтэй байна. Одоо биш ч ойрын ирээдүйд үр дүнг нь олж харах болно" гэжээ.

Гэхдээ Афганистаны талаархи бодлогын хувьд Байден ихээхэн эрсдэлтэй тулгарч байна. Афганистанаас цэргээ татах Байдений шийдвэрээс улбаалан тэндээс ирэх мэдээ улам бүр түгшүүртэй болж, талибууд эзлэн авах магадлал улам бүр нэмэгдэж байна. Гэвч дайсагнагч орнууд үүнийг АНУ-ын хүч суларч буй мэтээр харуулахыг зорьж буй юм. АНУ -ын цэрэг арми 20 жилийн өмнө Осама Бен Ладеныг орогнуулсан хэргээр Талибанчуудыг түлхэн унагаж байв. Одоо тус бүлэглэл Афганистан улсын хоёр дахь том хот Кандагарыг оролцуулаад есөн мужийн төвийг эзлэн авчээ.

Гадаадын элчин сайдын яамдууд цомхотгол хийх талаар ярилцаж байгаа юм. Нийслэл Кабул эзлэгдэх аваас олон мянган америкийн хөлс цусаар бүтсэн ардчилсан мөрөөдөл салхинд хийсэх аюул тулгарах билээ. Вьетнамын дайны дараа Сайгон хот дахь АНУ-ын элчин сайдын яамны дээвэр дээрээс америк цэргүүд нисдэг тэргэнд суун нутаг буцаж байсантай ижил зураглал болж байгаа нь үнэндээ ерөнхийлөгч Байдений албан ёсны бэлгэдэл ч болж мэдэх юм. Ийнхүү Афганистанаас цэргээ татсанаар бий болох сөрөг үр дагаварууд АНУ-ын түрүүчийн ерөнхийлөгчид болох Барак Обама, Трамп нар дайныг зогсоох шийдвэртээ бат зогсож чадаагүйн шалтгааныг бүрэн илтгэж байх шиг.

 

Обама 2011 оны зургадугаар сард Цагаан ордноос "Америк үндэсний бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулах цаг болсон" гэж хэлэхдээ тэр жилийн эцэс гэхэд 10 мянган цэргээ татна гэж мэдэгдэж байв. Гэвч хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа дуусгах мөчид Ерөнхийлөгч асан Обама 8400 цэргээ Афганстанд байрлуулна гэж мэдэгдсэнээр дайныг зогсоох хамгийн сүүлийн оролдлогоо хийжээ. Тэрбээр энэхүү шийдвэрээ тайлбарлахдаа Талибан бүлэглэл эргэн хүчээ авахыг санаархсан үед цэргээ татах нь аюулгүй байдалд эрсдэл учруулах төдийгүй Афганистаны засгийн газар хүчээ хуримтлуулахад илүү их цаг хугацаа шаардлагатай байсан гэжээ.

Трамп 2016 оны сонгуулийн кампанит ажлаа амжилтанд хүргэхийн тулд арван хэдэн жилийн дайнд ядарч туйлдсан америк цэргүүдийг гэртээ харихыг уриалж байв. Гэвч үнэндээ тэрбээр Афганистанд цэргээ байршуулах явдлыг олон жилийн турш эсэргүүцэж ирсэн нэгэн юм. Трамп 2013 онд твиттер хуудсандаа "Би Афганстаны асуудлаар ерөнхийлөгч Обаматай санал нийлж байна. Бид цэргээ аль болох хурдан татах хэрэгтэй. Бид мөнгөө яагаад АНУ-ын бүтээн босголтод биш ийм дэмий зүйлд үрэн таран хийнэ вэ" хэмээн жиргэж байжээ.

Гэхдээ Трамп ерөнхийлөгч болсноор Обамагийн нэгэн адил дайныг зогсоох нь хүнд хэцүү сорилттой тулгардаг болохыг олж мэдсэн юм. 2017 онд тэрбээр терроризмтой тэмцэхийн тулд Афганстанд суулгах цэргийн тоогоо нэмэгдүүлж байв. Албан тушаалаасаа буухдаа энэхүү асуудлаар дахин нэг оролдлого хийж Талибантай 2020 оны тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд Афганстанаас бүх цэргээ гаргах тохиролцоонд хүрсэн билээ. Харин Байден энэ хугацааг бага зэрэг сунгасан юм. Ерөнхийлөгч Байден тэртээх есдүгээр сарын 11-ний халдлагын 20 жилийн ойг тэмдэглэхээр төлөвлөж байгаа бөгөөд АНУ “үүрдийн дайн”-д төгсгөл тавьсныг тэр үеэр зарлах аж. Гэхдээ тэрбээр бас Афганистан дахь Талибаны ялалтад баяр хүргэх хэрэгтэй болж мэдэх л юм.

С.Нарангарав

Эх сурвалж: CNN News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж